Гал түймэр унтраах, аврах ууган байгууллагыг шагнав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Нийслэлийн Онцгой байдлын газрын харъяа Чингэлтэй дүүргийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав. Тус ангийг шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жил, Ардын хувьсгалын 94 жил, ОБЕГ-ын харъяа Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах, гал унтраах, 10 дугаар ангийн 90 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын бүтээн байгуулалт, ард иргэдийн амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгийг гал түймэр, гамшгийн аюулаас авран хамгаалах, учирсан хор уршгийг арилгах, сэргээн босгох үйлсэд мэргэжлийн ур чадвараа зориулсан хөдөлмөрлөсөн тус байгуулллагын үе үеийн ажилтан, албан хаагчдын хичээл, зүтгэлийг өндрөөр үнэлж ОБЕГ-ын харъяа Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах, гал унтраах, 10 дугаар ангийг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасугай” гэжээ.
Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр тус ангид гардуулан өгөв. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Цэргийн гавьяаны улаан тугийн одонг тус ангийн байлдааны туганд зүүн өгсний дараа ангийн бие бүрэлдэхүүнд хандан үг хэлсэн юм.
Тэрээр хэлсэн үгэндээ “Эрхэм хүндэт генерал, офицер, ахлагч, ажилтнууд аа,
Хүндэт зочид оо,
Монгол Улсын гал түймэр унтраах ууган, анхны мэргэшсэн байгууллага, Нийслэлийн Онцгой байдлын газрын харъяа Чингэлтэй дүүргийн Алтангадас одонт Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн хамт олон Та бүхний амар мэндийг айлтгая.
Манай улсын Гал түймэр унтраах анхны байгууллага “Усан хөөрөгний газар” нэртэй, 10 хүний орон тоотой ажил үйлсийн гараагаа эхэлснээс хойш эдүгээ 90 жил улиран өнгөрчээ. Та бүхэнд 90 жилийн ойн баярын мэнд хүргэе.
Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах 10 дугаар ангийнхан баатарлаг гавьяа, бахархам үйлс бүтээсэн тул 1981 онд Тєрийн дээд шагнал Алтангадас одонгоор шагнагдсан байна. Тэр цагаас хойш нийт 27200 удаагийн гал түймэр, аюулт үзэгдлийн дуудлагаар үүрэг гүйцэтгэн, 9600 эрдэнэт хүний амь нас, төр аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн 794 тэрбум 920 сая төгрөгийн өмч хөрөнгө авран хамгаалсныг сонсоход сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй.
Гамшиг, гал түймрийн аюултай тэмцэх хүч хэрэгслийн чадамжийг нэмэгдүүлэх, эрсдэл эмзэг байдлыг бууруулах замаар иргэдийн аюулгүй амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлж улс орныхоо нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжил, аюулгүй байдлыг хангахад чухал дэмжлэг үзүүлэн, үүргээ нэр төртэй биелүүлж буй Онцгой байдлын албаны ажилтнууд Та нар бол энх цагийн баатарлаг үйлстнүүд юм. Эр зориг, авхаалж самбаа, ур чадвараар тань бид бүгд бахархаж байна. Та нарт баярлалаа.
Та бүхний Монгол Улсынхаа Үндэсний аюулгүй байдлыг хангах, ард иргэдийнхээ эрүүл мэнд, амь нас, өмч хөрөнгийг байгалийн болон гэнэтийн аюул осол, гал түймрийн аюулаас авран хамгаалах, сэргээн босгох ариун үйлсэд оруулсан хувь нэмрийг төр, иргэд өндрөөр үнэлж танай хамт олныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа. Энэ шагнал бол Гал унтраах албаны үе үеийн удирдлага, тус албанд зүтгэсэн бүх хүний байгуулсан гавьяаг үнэлсэн шагнал. Бас ирээдүйд бүтээх сайн үйлсийг угтаж олгосон урам хайрласан, итгэл хүлээлгэсэн шагнал юм.
Та нарт дахин баяр хүргэж эрүүл энх, амжилт бүтээл, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэлээ.
Уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын Шадар сайд Ц.Оюунбаатар, ОБЕГ-ын удирдлагууд, Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн ахмадуудын төлөөлөл оролцов.
Шагнал гардуулах ёслолын дараа тус ангийн бие бүрэлдэхүүн ёслолын жагсаал үйлдэн хүрэлцэн ирсэн албаны хүмүүс болон байлдааны тугандаа хүндэтгэл үзүүллээ.
URL: