Си Зиньпин: Хятад, АНУ-ын харилцаа дэлхийн тэнцвэрийг шийднэ

Монголд намрын хяруу унаж, сайд нар солигдож эдийн засаг, улс төр завгүй байгаа энэ үед урд хөршийн Ерөнхийлөгч алсын Америкт урт аяллаа үргэлжлүүлж байна. Сүр дуулиантай болж буй энэхүү айлчлалыг Вашингтон дахь улстөрчид өөр өөрийнхөөрөө харж байгаа. Ялангуяа, яагаад АНУ Хятадад нисэх онгоцны үйлдвэрээ барихаар болов, үүний цаана ямар ашиг сонирхол, үр дүн байна гэх зэргээр олон асуулт ургаж байна.

Тэгвэл албаны мэдээллээр бол энэхүү айлчлалын хүрээнд Хятадын талаас худалдаа, эдийн засгийн шинэтгэл болоод цахим халдлагуудыг эсэргүүцэх зэрэг олон жагсаалттай асуудлыг ярилцах юм.

Хятадын Ерөнхийлөгч 650 орчим бизнесийн төлөөллүүдэд хаягласан бичгийг бас авч яваа юм. Харин түүний айлчлалын бүрэлдэхүүнд Хятадын  тэргүүлэх 15 компанийн төлөөлөл багтаж байгаа  аж. Тэдгээрийн бүтцэд хувийн хэвшлийн компаниуд  голлож  Хятадын мэдээлэл технологийн тэргүүлэгч  “Tencent”, “Baidu”, “Alibaba” группийн удирдлага багтсан нь энэ удаагийн айлчлал энгийн нэг тохиолдол биш гэдгийг харуулж байна.

Бас Бээжин үндэсний мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг сул тавьсан нь гадаадын бизнесмэнүүдийг ялгаварласан хэрэг огт биш гэдгийг тэрээр ярьж байна. “Хэрэв Хятад, АНУ сайн хамтын ажиллагаатай байвал дэлхийн тогтвортой байдлын тулгын чулууг бий болгож чадна. Харин тэд тэмцэлдэж, сөргөлдвөл зөвхөн өөрсдөдөө төдийгүй дэлхий дахинд аюул нүүрлэнэ” гэж Си хэлжээ.

Хэдийгээр тэрээр ийнхүү олон зүйлийг баталгаажуулахаар оролдож байгаа ч Засгийн газар, улс төрийн олон асуулт урган гарсаар байна.

Үнэн хэрэгтээ Си Зиньпинийг илтгэл тавихаас өмнө Хятад улс эх оронд нь ажиллаж буй АНУ-ын бизнесмэнүүдтэй харилцаж буй хандлагын талаар шүүмжлэл өрнөөд байсан юм. Энэ нь ялангуяа юанийн ханшийн сулралтай хол­боотой байж мэдэх. Эдийн засгийн реформ хэмээх хүлээлт нь чухамдаа хэрхэн хэрэгжих, энэ нь Америкийн компаниудад хэрхэн нөлөөлөх нь асуулт болон үлдэж байна.

Ямартаа ч энэ удаагийн айлчлал нь Хятад улсын эдийн засаг хямарсан ч дэлхийд нөлөөтэй хэвээр байгааг батлах гэсэн нэгэн оролдлого гэж зарим ажиглагч харж байна.

Ж.Цогзолмаа

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих