АН-ынхан Ч.Сайханбилэгийг огцруулж оронд нь Р.Амаржаргалыг тавих гэж байна

Шийдлийн Засгийн газрын ирээдүй шийдэгдэх талдаа орж байх шиг байна. Намрын чуулганаар ерөнхийдөө Засгийн газар шинээр бүрэлдэх тогтох уу, аль эсвэл УИХ хугацаанаасаа өмнө тарах уу гэдэг зүйл яригдах бололтой.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар АН-ынхан өөрсдөө Ч.Сайханбилэгээ огцруулж оронд нь УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг Ерөнхий сайдаар тавихаар бэлтгэж байгаа аж. АН дотор ийм яриа хэлэлцээр хийгдээд эхэлсэн байна. МҮДН, Шонхор тэргүүтэй фракцид нь нам дотроо хүчээ төлөвлөрүүлээд эхэлжээ. Харин энэ талаар Р.Амаржаргал гишүүн “Би хэрвээ Ерөнхий сайд болвол МАН-ыг засагт урьж ажиллана. Бусад “үүр зайр” намууд хэрэг байхгүй. Хоёр том нам ирэх сонгууль болтол хамтарч ажиллах нь зөв. Хэрвээ МАН-ынхан хүсэлтийг хүлээж авахгүй бол нэгэнт чадамжгүй болсон УИХ-ыг тараах нь зөв” гэж хэлсэн сураг байна.

Өмнө нь Ерөнхий сайдыг МАН болон Шударга ёс эвслийн бүлгийн гишүүд л огцруулахаар төлөвлөж байсан. Харин энэ удаа парламентэд суудалтай бүх намын төлөөллүүд Ерөнхий сайдыг огцруулахаар шийдлээ. Угаасаа Шударга ёс эвслийн бүлгийн гишүүн Г.Уянга Ерөнхий сайдыг огцруулахаар албан бичигт гишүүдийн гарын үсгийг цуглуулж байгаа. Одоогийн байдлаар УИХ-ын найман гишүүн огцруулах нь зүйтэй гэж үзээд байгаа. МАН-аас Ж.Энхбаяр, Б.Бат-Эрдэнэ, АН-аас Р.Амаржаргал, Шударга ёс эвсэл буюу МҮАН-аас Г.Уянга, МАХН-аас Л.Цог, О.Баасанхүү, Бие даагчид болох Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, С.Ганбаатар нар нарын үсэг зураад байгаа. Үүн дээр нэмээд УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа уг бичигт “Би биш, бид зурна” гэж хэлсэн. Сөрөг хүчний дэд тэргүүн энэхүү үгийг зүгээр нэг сэтгэл хөдлөхөөрөө хэлчихээгүй нь тодорхой. Энэ бол МАН-ын гишүүд аль хэдийн шийдээ гаргасан гэсэн үг юм.

Ерөнхий сайдыг огцруулах асуудал өмнө нь зөвхөн сөрөг хүчний санаархал байсан бол одоо АН-ын төлөөллүүд, Шударга ёс эвслийн төлөөллүүд, МАН болон бие даагчид огцруулах байр суурь дээр нэгдлээ. Тиймээс асуудал тун удахгүй нэг мөр болох нь бололтой.

Эрх баригчид болох АН-ынханы захиалгаар засгаа дахин “нураахаар” боллоо. Яг л Н.Алтанхуягийн Засгийн газартай адилхан. Харин нэг удаа “амаараа шороо өмхсөн” МАН асуудалд хэрхэн хандах бол. Засагт хамтрах асуудлыг дэмжих болов уу гэдэг ихээхэн сонирхол татаж байна. Дараагийн Ерөнхий сайдад нэр горилогч хэлэхэдээ “МАН хамтарч ажиллахгүй гэвэл УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараана” гэсэн байгаа. Сөрөг хүчин яг одоо парламентын сонгуульд орвол төдийлөн хүссэн амжилтандаа хүрч чадахгүй. Учир нь нэгдүгээрт тэдэнд одоогийн байдлаар ямар нэгэн сонгуулийн бэлтгэл алга. Хоёрдугаарт Их Хурлыг тараачихвал сонгуулийн тухай хууль болон хар машинаар тоолох асуудлыг хэлэлцэж чадахгүй. Тиймээс МАН эдгээр хүчин зүйлс дээр үнэлэлт дүгнэлт өгснөөр шийдээ гарах биз ээ. Ямар ч байсан Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн засгийн газар тун удахгүй унах нь тодорхой боллоо. Харин УИХ хугацаанаасаа өмнө тарах уу, үгүй юу гэдэг л намрын чуулган хүртэл асуултын тэмдэг болон үлдэх бололтой.

Г.Ган / Zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих