Өвөлд бэлэн үү


Энэ жилийн хувьд гантай зун болж байгаа тул мал тарга, тэвээрэг муутай, газар тариаланд ч ээлгүй хэцүүхэн байгааг тариаланч, малчид ярьцгааж байна. Бичин жилийн өвөл хэдийнээсээ зудтай, хэцүүхэн болдог хэмээн хөгшчүүл хэлдэг. Түүхэнд ч тэмдэглэгдэн үлдсэн нь бий. Энэ өвөл 35 хэм хүртэл хүйтэрч, зуд болбол тарга тэвээрэг аваагүй мал осгож үхэх аюултайг ч мэргэжилтнүүд хэлж байна. Иймээс малчид нэн түрүүнд хадлан тэжээлээ бэлдэх нь чухал. Гэвч энэ жил гантай байсан болохоор хадлан бараг авч чадахгүйд хүрснийг орон нутгийн иргэд учирлаж байв. Тиймээс зуншлага тааруу байсан Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Булган, Архангай аймгийнхан Засгийн газрын тогтоолоор зөвшөөрсөн 635 мянган га талбайгаас хадлан авахаар болсон. Одоогоор Дорнод 60, Сүхбаатар 50, Хэнтий аймагт 20 гаруй хадлангийн салаа гэрээний дагуу ажиллуулж байгаа аж. Улсын хэмжээний хадлан бэлтгэлд хадуур, тармуур бүхий 5529 дугуйт трактор, 1100 морин хадуур, тармуур, 15000 гар болон хөдөлгөөнт хадуур, 470 хаман боогч ажиллаж байгаа гэнэ.

МАЛЧИД ХАДЛАНГИЙНХАА 50 ХУВИЙГ БЭЛТГЭЭД БАЙНА

Өвөлжилтийн бэлтгэл хангахад энэ жил улсын хэмжээнд 1.2 сая тонн өвс, 150 мянган тонн үйлдвэрийн болон гар тэжээл, ногоон тэжээл, 94 мянган тонн давс, хужир бэлтгэхээр төлөвлөсөн. Үүнээс малчид 600 мянган тонн орчим хадлан, 10 мянган тонн гар тэжээл, 6000 тонн ногоон тэжээл бэлтгэжээ. Ингээд өвс, хадлан хураалт 50, гар тэжээл бэлтгэл 20 гаруй хувьтай байна. Харин аймаг, сумын аюулгүйн нөөцөд 9.8 мянган тонн өвс, 1.2 мянган тонн тэжээл нөөцлөөд байгаа аж.

Түүнчлэн ХХААЯ-ны хэвлэл мэдээллийн ажилтнаас авсан мэдээллээр, өвлийн бэлтгэл ажил хэвийн яваа бөгөөд ургац хураалт ч боломжийн үргэлжилж байгаа аж. Асуудал байгаа ч шийдэж болох гэнэ. Тодруулбал, тариалалт эхлэхэд 500.2 мянган тонн үр тариа авах зорилгоор 400.8 мянган га талбайд тариалалт хийсэн. Бороо, бордоо, усалгаанаас хамааран 40 орчим хувийн ургац алдах албан бус тооцоолол гарсан байна. Энэ нь тариалалт хийсэн аж ахуйн нэгжүүдэд дарамт төдийлөн учруулахгүй хэмээн Д.Эрдэнэбат сайдыг саяхан бүс нутагт ажиллах үеэр тариаланчид ярьжээ. Яагаад гэвэл тариаланчид нэг жил ашигтай ажилласан бол хоёр жил дараалан алдагдал хүлээх чадвартай байх ёстой гэж үздэг аж. Улсын хэмжээнд төмс, хүнсний ногооны хураалт өнгөрсөн сарын 25, үр тарианы хураалтыг энэ сарын 8-наас эхлүүлсэн. Одоогоор 63.1 мянган га-гаас 52.5 мянган тонн үр тариа, 4.6 мянган га-гаас 51.2 мянган тонн төмс, 2.9 мянган га-гаас 31.9 мянган тонн хүнсний ногоо, 6.5 мянган га-гаас 10.8 мянган тонн тэжээлийн таримал хураан авчээ. Урьдчилсан байдлаар үр тарианы хураалт 20 гаруй, төмс, хүнсний ногооны хураалт 40 гаруй хувьтай яваа ажээ. Ингээд аймгуудын Засаг дарга болон холбогдох албан тушаалтнуудаас өвөлжилтийн бэлтгэл ямар байгаа талаар тодрууллаа.

ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ 85 ОРЧИМ ХУВИЙН БИЕЛЭЛТТЭЙ БАЙНА

Увс аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга З.Ганболд:

-Өвөлжилтийн бэлтгэл ерөн-хий дүнгээрээ 85 орчим хувийн биелэлттэй байна. Бид үлдсэн хугацаанд өвсөө татах, нөөцлөх болон төв, суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажлын багахан хувийг хийх үлдээд байна. Тухайлбал, аймгийн төвийн орон сууцны халаалтыг бүрэн өгсөн боловч зарим хэрэглэгчээс шалтгаалан тасалдсан тал бий. Үүнийг ирэх аравдугаар сарын эхээр бүрэн дуусгана гэсэн төлөвлөгөөтэй байна. Хадлан тэжээлийн хувьд энэ жил нийт нутгаар гандуу байсан учир бага зэрэг хүндрэлтэй байлаа. Гэхдээ бид авах ёстой өвс хадлангаа бололцооныхоо хэрээр, бүрэн хүчээ дайчлан авч байна. Иргэд ч наймдугаар сарын эхээр хадландаа гарч өвс, тэжээлээ бэлдээд байна. Урьдчилсан гүйцэтгэлээр 40 гаруй мянган тонн өвс, хадлан бэлтгэсэн. Энэ тоо ирэх долоо хоногоос дахиад нэмэгдэнэ.

БЭЛТГЭЛЭЭ 100 ХУВЬ ХАНГАСАН

Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь:

-Манай аймгийн хувьд өвөл жилтийн бэлтгэлээ 100 хувь хангасан. Улсаас өгсөн төлөвлөгөөнөөс хоёр дахин их буюу 70 мянган боодол өвс авлаа. Энэ жил аймгийн ихэнх нутгаар хур бороо оройтож орсноос таана, хөмөөл голлон ургаж, үндсэн бэлчээр болох хагд, борог өвс бага байна.

НИЙТ НУТГИЙН 30 ХУВЬД ӨВӨЛЖИЛТ ХҮНДЭРЧ БОЛЗОШГҮЙ

Ховд аймгийн ЗДТГ-ын ХХАА-н газрын мал эмнэлгийн хэлт сийн дарга Г.Бат-Өлзий:

-Хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангахад чиглэсэн аймгийн Засаг даргын албан даалгавраар сум бүр өвс тэжээлээ бүрдүүлж нөөцлөх ажлыг хийж байна. Тодруулбал, сум бүр 60.4 мянган тонн байгалийн хадлан, 4000 тонн гар тэжээл, 6.9 мянган тонн хужир бэлтгэх төлөвлөгөө гаргасан. Ховд аймагт энэ жил зуншлага сайхан болсон ч долдугаар сарын дунд үеэс хур тунадас бага орж, 35 хэм хүртэл халснаас өвөлжилтөд нөлөөлж мэдэхээр байгаа юм. Сумдын 70 орчим хувьд нь өвөлжилт, хаваржилт хэвийн бөгөөд гаднаас тодорхой тооны мал отроор өвөлжүүлэх бэлчээрийн нөөцтэй. Харин нийт нутгийн 30 хувьд өвөлжилт хүндэрч болзошгүй. Явцын мэдээгээр хадлан тэжээл 42.4 мянган тонн буюу 70, хужир, шүүний бэлтгэл 20.9 хувийн биелэлттэй байна.

ТАРИАЛСАН НИЙТ УРГАЦЫНХАА 50-60 ХУВИЙГ Л АВНА

Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат:

-Аймгийн хэмжээнд өвөлжил-тийн бэлтгэл 60 хувьтай байна. Сумдын хувьд өвөлжилтийн бэлтгэлээ тус бүртээ базааж байна. Энэ жил Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгаас хадлангаа авч байна. Харин тэжээлээ жаахан харзнаж байгаад ургац хураалтын дараа авахаар төлөвлөсөн. Ойрын өдрүүдэд цаг агаар муудах мэдээллийн дагуу ямартай ч авах арга хэмжээгээ авч, аюулгүйн нөөцөө бүрдүүлэн ажиллаж байна. Ургац хураалтын ажил дундарсан. Энэ зун тариалангийн бүс нутгаар халж, гантай байсан болохоор санасан хэмжээнд хүрэхгүй байх. Ерөнхийдөө тариалсан нийт ургацынхаа 50-60 хувийг л авна.

ЭНЭ ЖИЛ 6,7 ТОНН ХАДЛАН БЭЛТГЭНЭ

Дархан-Уул аймгийн ХХАА-н газрын Мал аж ахуйн хэлтсийн дарга Б.Оюунтөгс: -Өвөлжилтийн бэлтгэл ажил 72.4 хувьтай байна. Энэ жил 6.7 мянган тонн байгалийн хадлан бэлтгэх юм. Сумдаас өнгөрсөн долоо хоногт өгсөн мэдээллээр хадлан 34 хувьтай байна. Өнөөдөр /уржигдар/ ХХАА-н газрын даргын удирдамжаар аймгаас суманд өвөлжилтийн бэлтгэл ямар байгааг тойрч үзэхээр комисс гарсан. Нөөцийн өвсний хувьд Засгийн газрын тогтоолоор 32 тонн өвс, 50 тонн малын тэжээл бэлтгэхээс одоогоор 55 тонныг аймгийн Онцгой байдлын газарт хүлээлгэн өгсөн. Энэ жил зуншлага тааруу байсан. Өнгөрсөн наймдугаар сард бороо орж, мал цадах хэмжээний өвс ургасан ч аймгийн төвдөө ойр газарт хадлан авах хэмжээний өвс ургасангүй.

СҮХБААТАР АЙМГИЙН ТҮМЭНЦОГТ СУМААС ӨВС, ТЭЖЭЭЛЭЭ ТАТААД ДУУССАН

Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг:

-Өвөлжилтийн бэлтгэл 80 орчим хувьтай явна гэсэн мэдээг хэд хоногийн өмнө авсан. Айм-гийн хувьд Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумаас өвс, тэжээлээ татаад дууслаа. Сумдын хувьд одоохондоо шалгаж эхлээгүй байна. Гэхдээ хадлан, тэжээлээ бэлдэж байна гэсэн мэдээг сумдаас өгч байгаа. Комиссын хурлыг өнгөрсөн даваа гаригт хийж, өвөлжилтийн бэлтгэлийг газар дээр нь шалгахаар болсон. Засгийн газраас өгсөн даалгаврын дагуу аймгийнхаа нөөцөд 150 тонн өвс, 30-50 тонн тэжээл бэлдэх ёстой. Түүнийгээ татаад дууссан. Сумд том жижгээсээ хамааран янз бүрийн хэмжээтэй өвс, тэжээл бэлтгэж байгаа. Харин халаалт, дулааны хувьд аймгийнхаа хэмжээнд юу, юуг засах вэ гэдэгт график гарган ажиллаж байна. Говийн аймгуудад аравдугаар сарын 1-нээс халаалт өгдөг. Тиймээс энэ хугацаанд дулаа наа өгөх бэлтгэлийг хангаж байна. Энэ жил зуншлага сайхан байсан. Намар ч сайхан болж байна. Тиймээс энэ өвөл манай аймаг гайгүй өвөлжих байх. Ингэлээ гээд тайвшралгүй өгсөн үүрэг даалгаврын дагуу бэлтгэлээ хангасаар байгаа. Харин хилийн бүс өргөнтэй болохоор энэ жил өвөлжилт сайхан болбол тэнд айлуудыг оруулах зөвшөөрөл авах бодолтой байна.

АМГАЛАН ДУЛААНЫ СТАНЦЫГ АЖИЛЛУУЛАХ ХАНГАЛТТАЙ УСНЫ НӨӨЦ БАЙХГҮЙ

БОНХАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл: -Цэвэр агаар сан нь хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа. Ерөнхийдөө төсөв мөнгөний асуудалтай байгаа байх. Өнөөдөр улсын төсөв маш их алдагдалтай явж байна. Гурван их наяд гаруй гээд яриад л байна. Үнэхээр бид төсвөө бүрдүүлж чадахгүй байгаа. Энэ нь нэг зүйлээс хамааралтай болчихоод байна л даа. Зөвхөн уул уурхай тал руугаа Засгийн газар анхаарлаа хандуулаад байх шиг. Энэ жилийн өвөлжилтийн байдал нэлээд хүндэрнэ. Ялангуяа Амгалан дулааны станцыг ашиглалтад оруулахад нэлээд төвөгтэй асуудал үүсээд байгаа. Юу гэвэл, усны асуудал. Манайхан урьдчилж усныхаа шинжилгээг хийхгүйгээр таарсан газраа барьчихсан. Үүний эцэст тэр хавийн усны гарц станцаа хангалттай ажиллуулах хэмжээний байж чадахгүйд хүрч байгаа юм. Тиймээс дахин цооног өрөмдөх шаардлагатай болсон. Гэтэл одоогоор асуудлыг ч шийдээгүй байна. Агаарын бохирдлын асуудлаар урьд нь хийж байсан ажил үр дүнгээ өгч байгаа шүү дээ. Иргэд дугуйны хаймар, хог хаягдал түлдэг байсан үе бий. Үүнийг хороо, дүүргээс нь хяналт тавьж багасгасан. Ер нь өвөл болохоор агаарын бохирдол эрс нэмэгддэг. Энэ их хүн амьдарч байгаа нийслэлийн агаарыг цэвэрлэх нь бидний үүрэг. Тиймээс манай яамны хувьд эко юм уу, аль болох нүүрсний хүлэмжийн хий бага гаргадаг, сэргээгдэх эрчим хүчээ дэмжин ажиллаж байгаа.

Яам болон аймаг орон нутгийн холбогдох албан тушаалтнаас авсан мэдээлэл ийм байна. Харин одоо иргэд үүргээ ухамсарлан өвөлжилтийн хувийн бэлтгэлээ базаах л үлдэж байгаа аж. Гэвч түүхий эдийг бүтээгдэхүүн болгогч үйлдвэрлэгчид, түүнийг түгээгчид л асуудалд ул суурьтай хандаж өвлийн өнгийг өнөөдөр ярьж байгаагаас өөрөөр буюу өөдрөгөөр зурж болно шүү дээ. Ер нь сүүлийн жилүүдэд өвөлдөө цас бага унаж, өвлийн ихэнх хугацаанд дулаан байх болсон зэрэг байгаль цаг уурын өөрчлөлттэй холбоотойгоор зуд гэх ойлголтыг өөрчилж ч магадгүй байгаа юм. Гэхдээ зуд болохгүй байж магадгүй, төр өвөлжилтөд онцгойлон анхаарч байгаа гээд иргэд гар хумхиад суух нь хамгийн том эрсдэл гэдгийг цаг ямагт санах учиртай билээ.


URL:

Сэтгэгдэл бичих