Цөмийн хаягдлыг мөнхөд агуулах байгууламж гэж байдаггүй
Монгол Улсад цөмийн хаягдал булшлах талаар яригдаж байгааг гадны хэвлэлүүдээр мэдээлэх болсоор хэдэн cap өнгөрч байна.
Харин энэ талаар манай улсын Засгийн газрын сайд нар төдийгүй Ерөнхийлөгч ийм зүйл байхгүй гэдгийг хэлээд байгаа төдийгүй Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн түвшинд албан ёсоор яригдаагүй гэдэг.
Үүнээс үүдэлтэй хардлага хаа сайгүй тэнүүчилсээр Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Гадаад харилцааны яамны тусгай үүрэг гүйцэтгэгч, Элчин сайд А.Ундраа, ”Мон-Атом” компаний захирал Р.Бадамдамдин нар 2009 оны 10 дугаар сард Америкт очиж Эрчим хүчний газрын удирдах ажилтнуудтай уулзсан болж таараад байгаа.
Цөмийн хаягдлыг булшлах тухай асуудал хөрөнгө мөнгөтэй холбоотой гэдэг нь илэрхий болж байх шиг байна. Гэхдээ цөмийн хаягдлын хор хөнөөлийг ямар ч хөрөнгө мөнгөтэй жишиж болохооргүй.
Эдүгээ дэлхийн хэмжээнд 450 орчим атомын цахилгаан станц ажиллах болжээ. Нэг станц 25 жилийн турш ажиллахдаа 20 000 тонн асар хортой цөмийн хаягдал, түүнээс ч илүү хэмжээтэй дунд зэргийн ба бага түвшний аюултай гэгдэх цөмийн хаягдал бий болгодог байна.
Эдүгээ атомын цахилгаан станцын хаягдлыг дэлхийн улс орнууд түр хадгалах агуулахад хадгалсаар байгаа аж.
Атомын цахилгаан станцаас гарсан аюултай хаягдлуудад иод 129, технициум 99, циркониум 93, ниоб 94, уран 233, цезиүм 138, нэн ялангуяа нептониум 237 гэдэг изотопууд агуулагддаг бөгөөд эдгээр нь сая гаруй жилийн дараа ч хорт туяагаа ялгаруулсаар байдаг байна.
Тухайлбал, плутони 239-ийн хагас задралын хугацаа 24 400 жил байдаг. 30 тонн плутони хадгалахад 24 400 жил өнгөрсний дараа ч 15 тонн плутони хорт туяагаа цацруулсаар л байна гэж ойлгож болохоор аж.
Энэ цацраг идэвхит хаягдлын ганцхан граммыг хэдэн мянга хуваасантай тэнцэх хэмжээтэй бодисоор амьсгалахад л уушигны хавдар тусдаг байна.
2000 онд Германы засгийн газрын харьяа байгаль орчны мэргэжилтнүүд “Өнөөгийн шинжлэх ухааны хөгжлийн түвшинд авч үзвэл цөмийн хаягдлын мөнхөд булшлах агуулах барих боломжгүй” гэж дүгнэлт гаргаж байжээ. Тэд тайландаа арван мянга болон түүнээс олон жилийн хугацаанд хүн төрөлхтөнд бодитоор заналхийлэх аюул эрсдлийг тооцоолох боломжгүй тул цацраг идэвхит түлшний онцлог шинж чанар, мөн цөмийн хаягдлын асуудлыг шийдэж чадахгүй байгаатай холбогдуулан цөмийн эрчим хүчийг цаашид ашиглах боломжгүй юм гэж дурджээ.
Одоогийн байдлаар дэлхийн хэмжээнд цугларсан цөмийн хаягдлын хэмжээ, цөмийн хаягдлын хор хөнөөлтэй байх хугацааг тооцож үзвэл нэг сая буюу түүнээс олон жилийн аюулгүйн баталгаа шаардагдахаар байгаа аж.
Герман улсад гэхэд л хамгийн аюултай цөмийн хаягдал болох АЦС-ын ашиглаж дууссан савханцар жилд 400 тонноор нэмэгддэг байна. Түүн дээр дахин боловсруулах туршилтын байгууламжаас гарсан 80 тн цацраг идэвхит “атомын шөл” гэж нэрлэдэг шингэн хаягдал мөн хадгалагддаг аж.
Уран, плутони агуулсан цацраг идэвхт “шөлийг” нь гурван метр зузаантай бетон хана бүхий агуулахад хадгалдаг бөгөөд тэсэрч дэлбэрэхээс сэргийлж байнга хөргөөдөг байна. Хөргөхийн тулд зарцуулдаг мөнгөний хувьд ч хохирол дагуулдаг байна.
19 жилийн туршид цөмийн хаягдлыг хөргөж, агуулсан уг байгууламжийг устгаж цэвэрлэхэд 2.6 тэрбум евро шаардагдах тооцоотой гарчээ. Цөмийн түлшний хаягдлыг бетонон саванд дээд тал нь 40 жил хадгалж болдог аж.
Хэдийгээр дэлхийн хөгжил цаг мөч бүрт урагшилж байгаа хэдий ч эдүгээ манай гариг дээр цөмийн хаягдлыг мөнхөд агуулах байгууламж байдаггүй гэнэ. 1987 онд буюу Чернобылийн ослын дараахан дэлхийн улс орнууд уран, цөмийн хог хаягдлын хор хохирлыг ойлгох болжээ. Тухайлбал, Чернобыльд осол гарсны дараа италичууд бүх ард түмний санал асуулга явуулж, цөмийн эрчим хүчнээс татгалзсан байна.
2003 оны 11 сард Италийн Ерөнхий сайд Берлускони Итали улсад цөмийн хаягдлыг булах агуулах барихыг санаархсан ч италичуудын маш хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, улмаар сарын дараа ажлаасаа огцорч байжээ. Түүнчлэн 2004 онд Невада мужийн Якка ууланд Америкийн цөмийн хаягдлыг булшлах агуулах байгууламжийг барих ажил зогссон байна. Учир нь асар аюултай цөмийн хаягдлыг булшлах байгууламжийг барихад арван мянган жилийн аюулгүйн баталгааг хангалттай биш гэж Америкийн шүүх үзжээ.
Мөн Америкийн Ерөнхийлөгч асан Ж.Бушийн Невада мужийн Якка уулын боржин чулуулагт цөмийн хаягдлыг эцэслэн булшлах агуулах барих санаархлыг 2009 онд одоогийн Ерөнхийлөгч Обама зогсоосон байна.
Хэрэв цөмийн хаягдлыг агуулах мөнхөд агуулах сав гэдэг байдаг бол олон сая жилийн туршид биосфер, хүн, амьтан, ургамлаас тусгаарласан байх ёстой аж. Хэдийгээр хэдэн метрийн зузаан ханатай битүүмжилсэн саванд хийж газар дор булж болох ч гүний ус руу нэвчихийг үгүйсгэх арга байдаггүй байна.
Дэлхий дээр атомын цахилгаан станц бий болсноос хойш 50-иад жилийн нүүр үзэж байгаа. Цаашид энэ тоо хэд болж өсөх, хэдий хэмжээний хог хаягдал гаргахыг таах аргагүй. Дэлхийн улс орнууд атомын цахилгаан станцаас татгалзаж чадсан тохиолдолд л цөмийн хаягдал гэдэг зүйл мартагдах биз ээ.
Д.Маралгоо
URL: