67 дугаар дунд сургууль ачааллаа дийлэхээ байжээ
СХД-ийн Баянхошууны тэргүүний 67 дугаар дунд сургууль нь өдгөө Улсын хамгийн олон сурагчтай сургууль болоод байна. Иймдээ ч ачааллаа дийлэхээ байж, хүүхдүүд нэг ширээнд гурваараа суун хичээллэхээс гадна гурван ээлжээр хичээллэж байгаа ажээ.
Тодруулбал тус сургууль нийт 99 бүлэгтэй, 3700 сурагчтай. 170 багш ажилчидтай, үүний140 багш нар ажээ.
Тус сургууль анх 740 хүүхэд сурах стандартаар баригдаж, хэдэн жилийн өмнө Японы Засгийн газрын тусламжаар 400 хүүхэд сурах өргөтгөл барьсан. Ингэсээр нийт хүүхэд 1140 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай болсон ч өнөөдөр ачааллаа дийлэхээ байгаад байна. Нэг үгээр тус сургуульд байх ёстой хэмжээнээсээ 3,4 дахин их хүүхэд 3 ээлжээр сурч байна. Ийнхүү хүүхдийн тоо нь хэт их байгаа учир 240 хүүхдээ Баянхошууны 105, 76 дугаар дунд сургууль дээр хичээллүүлэхээс өөр аргагүй болжээ. Тус сургуульруу сурагчдаа сургуулийнхаа автобусаар зөөдөг юм байна.
Гэтэл тус дүүргийн 24 дүгээр хороонд шинэ сургууль барьж байгаа гэсээр 7 жил өнгөрчээ. Хэрвээ шинэ сургууль ашиглалтанд орвол 67 дугаар дунд сургуулиас 1200 хүүхэд шилжих учиртай аж. Гэхдээ л үлдсэн 2500 хүүхэд гурван ээлжээр хичээллэсээр байх гэнэ.
Уул нь тус сургуулиас гурван давхар байшингаа мансартаар давхарлахаар зураг төслөө БСШУЯ-нд яаманд өгчихсөн байгаа ажээ. Учир нь Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 20 сургуулийг өргөтгөнө гэсэн аж.
Гэвч тус сургуулийн багш сурагчид одоог хүртэл сургуулиа өргөтгөхийг хүлээсээр. Тэр хугацаанд хүүхдийн сурах эрх зөрчигдсөөр л байгааг тус сургуулийн багш нар ярьж байна.
URL: