Хилчид “үйлдвэр”-ээ дэлгэлээ
Б.ЗАЯА
Үндэсний үйлдвэрлэлийг жинхэнэ утгаар нь хөгжүүлж байгаа нь хилчид юм байна. Монгол Улсын дархан хилийг хамгаалдаг 30 гаруй ангийн хилчин эмэгтэйчүүд нарийн ногоо, цагаан идээ, гар урлал, эрчүүд цаасан урлал, модон эдлэлээр хийсэн бүтээлүүдээ өчигдөр Ялалтын талбайд дэлгэж үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа. Үзэсгэлэнгийн нээлтэд Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хошууч генерал Ш.Лхачинжав тэргүүтэй хил хамгаалах байгууллагын удирдлагууд, Аж үйлдвэрийн яам, Монголын хүнсний холбооны төлөөллүүд оролцов. Хилчдийн үзэсгэлэн анх удаа болж байгаа бөгөөд “Хилчдийн нийгмийн хамгаалал-2024” хөтөлбөрийн нэг хэсэг гэдгийг Ш.Лхачинжав генерал нээлтийн үеэр онцлов.
Хил гэдэг онцлогтой. Хил дээр байгаа албан хаагчид хот хүрээнийхэн шиг өмсч зүүх, идэж уух юмсаа гэрээсээ гараад авчих боломжгүй. Хүрээлэн байгаа байгалийн өгөөжийг ашиглаж амьдралд хэрэгцээт бүхнээ боловсруулж хэрэглэдэг ажээ. Ходоодны шархыг эдгээдэг гэх бөднө шувууны өндөг, хорт хавдрыг эмчилдэг хэмээх гишүүнэ, үрэлний навч, сөд өвс, цээнийн үр, даршилсан хөмүүл, улаан лооль, мангидын хурууд, морин хуур, ногт чөдөр гээд хүнсний болон ахуйн хэрэглээний олон нэр төрлийн бараа бүтээгдэхүүн тавигдсан байлаа. Ингэхдээ шинээр зохиож бүтээсэн нь ч байв. Дорнод аймгийн Мэнэнгийн отрядын 0306 дугаар ангиас ахлах ахлагч С.Отгонцэцэгээр ахлуулсан бүсгүйчүүд Буйр нуурынхаа хясаагаар урласан жааз, сувинер урлаж, нутгийн брэнд мангирыг даршилж, сүүгээр молоко, бүх төрлийн өнгөт ааруул хийснээ авчирсан байлаа. Халх голын 0198 дугаар ангийнхан гэхэд 54 нэр төрлийн даршилсан бүтээгдэхүүн хийж ирсэн байлаа. Нутгийн байгаль газарзүйн онцлогоор бий болсон мод, чулууг урлагийн бүтээл болгож засч янзлахаас гадна эмийн ургамлуудыг савлаж баглан олон түмэнд танилцуулан зарах ангиуд ч олон байв. Дорноговь аймгийн Замын-Үүд дэх 0108 дугаар ангийнхан гэхэд тэжээсэн бөдөн шувуугаа олны хүртээл болгож худалдаж байлаа. Мөн ангийн бүсгүйчүүд хүнсний үйлдвэрлэлд гарамгай ажээ. Утсан торой, шинэ тарагнаас эхлээд сонирхуулах бүтээгдэхүүн олныг үйлдвэрлэжээ. Хилчдийн хүнсний үйлдвэрлэл бас хяналттай. Мэргэжлийн хяналтын тусгай байцаагч заавар, зөвлөмж өгч ажилладаг юм байна. ХХЕГ-ын Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч, Хилчин эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, дэд хурандаа Б.Баярмаа “Хилчид байгалийн бүтээгдэхүүнийг хэрэглэдэг. Ингэхдээ нэгийгээ хөгжүүлэх бүрэн боломжтойгоороо ихээхэн онцлогтой. Баян-Өлгийгөөс Өмнөговьт томилогдон ирсэн эмэгтэйчүүд каз хийхийг, увсынхан Дорнодын хилчдэд чацарганын тос хийхийг зааж байна. Ингэснээр хилчид маань албан үүргээ гүйцэтгэхээс гадна үйлдвэрлэлд суралцаж амьдрал ахуйгаа дээшлүүлж чаддаг юм” гэж байлаа. Үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн Монголын хүнсний холбооны ерөнхийлөгч Л.Дамдинсүрэн хил дээр хүлэмжийн болон жимсний аж ахуйг хөгжүүлэхэд бааз суурь бий болсныг онцолж байлаа. Цаашид дэмжин ажиллахаа ч тэрээр амласан юм. Түүнчлэн Аж үйлдвэрийн яамныхан ч ийм байр суурьтай байлаа. Улсынхаа хилийг манах хатуу бэрх албыг нэр төртэйгээр гүйцэтгэхийн зэрэгцээ үйлдвэрлэл хөгжүүлж нийгмийн асуудлаа өөрсдийн боломжоор шийдэж байгааг харсан олон нийт хилчдэд ам сайтай байлаа. Хилчдийн үзэсгэлэнг энэ жилээс эхлэн уламжлал болгон зохион байгуулах юм байна. Үзэсгэлэн өнөөдөр Тусгаар тогтнолын талбайд үргэлжилнэ.
Гэрэл зурийг Д.ЦЭРЭННАДМИД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: