Халх гол хөгжих үү, мөхөх үү

170621-24092015-1443075432-2035993476-1-Халх голын бүсэд ердөө 30 мянган га газарт тариа сайн ургах боломжтой-

Хөдөө аж ахуйн стратегийн нөөц хэмээн үнэлэгдэж байсан Халх голын нутаг өдгөө чөлөөт бүс болох дүр зураг нь гарчихлаа.

Дорнодын Халх гол суманд хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах сураг гараад хоёр сар орчим болж байна. Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаагийн санаачилсан хуулийн төсөл дэмжлэг авч биеллээ олох болсон нь энэ. Нийт 500 мянган га газрыг чөлөөт бүс болгож, гадаадын иргэдэд ашиглуулна гэсэн мэдээлэл олны анхаарлыг татаж буй. “Петро чайна дачин тамсаг” компанийн эзэмшил байсан газрыг ийн чөлөөт бүс болгохоор шийдвэрлээд байгаа юм. Хөдөө аж ахуйг хөгжүүлэх бодлогын хүрээнд энэхүү бүсийг байгуулж буйгаа албаны хүмүүс тайлбарлаж байна. Гэвч нутгийн иргэд тийм ч тааламжтай хүлээж авсангүй. Учир нь, худалдаа үйлдвэрлэлийн чөлөөт бүсийн хөгжил урагшлахгүй байхад дахин нэгийг байгуулаад ашиг олох уу гэсэн шүүмжлэлийг орон нутгийн иргэд хэлж байсан.

Халх голын экосистемийн онцлогийн талаар судлаачид, байгаль хамгаалах төрийн бус байгууллагынхан саяхан хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Монголд ховор “алтан” хөрстэй энэ газарт удаан хугацаагаар газар тариалан эрхлүүлж болохгүй гэсэн байр суурьтай хүн ч байна.

Гэтэл сүүлийн үед зарим газар нь рапс тарьснаас болж хөрс нь үржил шимгүй болж, хатаж цөлжиж буй талаар ярьсан судлаачийн үг олны анхаарлыг татаж байв.

ХӨРСӨӨ ХАМГААЛАХ ТООЦОО ГАРГАХГҮЙ БОЛ ЦӨЛЖИНӨ

“Төгөл сүмбэр Чойр” төрийн бус байгууллагын гишүүн хөрс судлаач Б.Саяхүү “Халх гол орчмын нутаг нь харьцангуй үржил шимтэй сайн хөрстэй болохоор газар тариалан хөгжүүлэх боломжтой бүст тооцогддог. Монгол орны зүүн хэсэгт орших Халх гол орчмын нутаг нь төв болон баруун бүстэй харьцуулахад өөрийн өвөрмөц онцлог бүхий байгаль цаг уурын нөхцөлтэй.

Халх гол эдийн засгийн чөлөөт бүсийн нутаг 500 мянган га газрыг хамарч байгаа. Чөлөөт бүсийн ийм том талбайн газрыг зөвхөн газар тариалан гэлтгүй аливаа зориулалтаар ашиглахад хөрсөө хамгаалах тооцоо, төлөвлөгөөгүй эхэлж хэрхэвч болохгүй. Учир нь, ургамлан нөмрөг үржил шимээ эрс алдах, цаашлаад салхиар хийсэн талхлагдаж, элсэнцэр бүтэцтэй хөрсний ялзмагт үе давхарга алга болно. Мөн цөлжих үйл явц эрчимтэй явагдана.

Дорнодын ИТХ-аар тариалангийн зориулалтаар 67470 га талбай нэмж эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ

Мэрэгч амьтад олширно. Орчны тоос болон агаарын бохирдол ихэснэ. Хөрс үржил шимээ алдвал тухайн газар амьдардаг амьтдын амьдрах орчин хязгаарлагдаж, дүрвэж нүүх аюултай. Цаашлаад “Улаан ном”-д орсон амьтад устаж үгүй болох эрсдэлтэй. Өргөн уудам тэгш тал нутагт салхинаас үүдсэн хөрсний элэгдэл эвдрэл маш аюултай.

Иймд газар тариалан эрхлэхэд салхины эсрэг тэмцэх арга хэмжээ зайлшгүй шаардлагатай. Зонхилон салхилдаг талд нь ногоон зурвас байгуулах буюу мод, сөөг, бутлаг ургамал тарих хэрэгтэй” хэмээн дүгнэв.

ХОВОР УРГАМАЛД ХАЛТАЙ БАЙЖ БОЛЗОШГҮЙ

Бэлчээр судлаач Д.Ариунгэрэл халх голын ургамал, бэлчээрийн төлөв байдлын талаар илтгэл тавьсан юм. Тэрбээр “Чөлөөт бүс байгуулбал 330 гаруй төрөл зүйлийн шувуу нүүдэллэн одож, устах аюултай” гэж тайлбарлаж байсан. Чөлөөт бүс байгуулснаар тухайн газрын экосистем алдагдаж болзошгүй гэсэн таамгийг судлаачид хэлж байлаа.

Чөлөөт бүсэд өвөлжөө, хаваржаа нь орсон иргэдийг нүүлгэнэ гэсэн мэдэгдэл малчдын чихэнд хүрчээ. Ингэснээр 3200 малчин өрх бэлчээргүй болох эрсдэлтэй тулгараад байгаа юм.

Тус бүс нутгийн малчид нүүхгүй, газраа чөлөөлөхгүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийллээ.

Халх голын чөлөөт бүс болгохоор онилсон газрын хэмжээ ӨМӨЗО-ы Хөлөнбуйрын нутаг дэвсгэртэй тэнцдэг аж. Түүнчлэн ийм га газрыг иргэдэд өмчилж өгвөл долоон сая гаруй хүнд ногдоно. Бэлчээрийн даац хэтэрсэн, малын тоо олширсон гээд энэ салбарт шинэ зах зээл, эдийн засгийн эргэлт үгүйлэгдээд байгаа нь үнэн. Гэвч чөлөөт бүс байгуулах нь алс хэтдээ хэр үр дүнтэй байх нь бас л эргэлзээтэй. Сүүлийн жилүүдэд Дорнод аймагт газар тариалан эрхлэх компанийн тоо эрс нэмэгдсэн тооцоо гарчээ. Энэ оны долдугаар сард аймгийн ИТХ-аар газар тариалангийн зориулалтаар 67470 га талбай шинээр нэмж эзэмшүүлэх шийдвэр гаргасан байна. Газар тариалан эрхэлдэг компаний 17 нь орон нутгийнх, 11 нь Улаанбаатарт бүртгэлтэй байдаг аж.

Халх гол, Матад, Хөлөнбуйр, Булган, Дашбалбар, Чулуунхороот сумдын нутагт тариалангийн зориулалтаар газар олгох гэнэ. Гэвч Халх голын бүсэд ердөө 30 мянган га газарт үр тариа сайн ургах боломжтой. Бусад хэсэг нь нимгэн хүрэн хөрс бүхий хэт эмзэг давхаргатай тул тариалан эрхлэхэд эрсдэлтэй гэж судлаачид дүгнэсэн байна.

Б.Гандолгор

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих