Саудын Араб улсад их мөргөлийн үеэр 700 гаруй хүн амиа алджээ

1443141107560495f313c1dМЕККА. /Xinhua/. Саудын Аравийн ариун хот Меккагаас холгүй орших газарт лалын шашинтнуудын жил тутам болдог, их мөргөл үйлдэх ёслол буюу “Хаж”-ийн үеэр 700 гаруй хүн амиа алдаж, 800 гаруй хүн гэмтэж бэртжээ.

Саудын Аравийн албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, өчигдөр тус улсын баруун нутгийн Мина хотод мөргөл үйлдэхээр нэг дор олон хүн цугласнаар шахцалдаан болсон байна.

Лалын шашинтнууд амьдралдаа дор хаяж нэг удаа Меккад очин “Хаж”-д оролцох хэрэгтэй байдаг аж. Энэ оны их мөргөл үйлдэх ёслол өнгөрсөн мягмар гарагт эхэлсэн юм.

“Хаж”-ийн өмнө энэ сард Меккад том кран сүмийн дээрээс унасны улмаас 100 гаруй хүн амиа алдсан билээ.

Урьд нь уг мөргөл үйлдэх ёслолын үеэр олон хүн амиа алдаж байжээ. Тухайлбал, 2006 онд мөн олон хүн  шахцалсаны улмаас 300 гаруй хүн амиа алдаж байжээ.

Албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, энэ оны их мөргөл үйлдэх ёслолд дэлхийн өнцөг булан бүрээс хоёр сая орчим хүн очиж оролцож байгаа аж. Үүнтэй холбоотойгоор Саудын Аравийн аюулаас хамгаалах хүчнийхэн аюулгүй байдлыг чангатгасан байна.

Г.Доржханд

http://montsame.mn/ 


URL:

Сэтгэгдэл бичих