Нийтийн төлөө хийх нэг сайн үйлс
Манайхан нийтийн биеийн тамир, нийтийн эрүүл мэнд гэж мөн ч олон жил ярьж байгаа. Энэ хүрээнд бүх ард түмний спартакиад, хүүхэд залуус, ахмад настнуудыг хамруулсан уралдаан, тэмцээнийг кампанит ажил хэлбэрээр зохион байгуулдгийг үгүйсгэх аргагүй.
Харин өөрийн эрүүл мэндэд санаа тавьж, өдөр бүр дасгал хөдөлгөөн хийж, гүйж харайдаг хүмүүсийг дэмжиж туслах талаар төдий л анхаарахгүй байгаа нь тоогүй. Энд хамгийн энгийн байж болох нэг зүйлийг санал болгох гэсэн юм.
Хэрэв та өглөө эртхэн нийслэлийн төв талбайд ирвэл янз бүрийн насны хүмүүс гүйх нь гүйж, шогших нь шогшиж, зарим нь чөлөөтэй тайван алхаж байхыг харж болно. Тэд иймэрхүү байдлаар биеэ халаасны дараа өөр өөрийн мэдэх дасгал хөдөлгөөнийг хийдэг. Тэр нь зөв, буруу эсэхийг хэн ч мэддэггүй байх.
Гэтэл нийслэлийн төв талбайг тойрсон гурван ч том лед дэлгэц байршуулсан байдаг. Түүнийг өглөөний 7.00-7.15 цагийн хооронд ашиглаж, бүх нийтэд зориулсан энгийн дасгал хөдөлгөөнийг мэргэжлийн эмч, багш нараар заалгадаг байвал яасан юм бэ. Өглөө эртэч хүмүүст зориулаад давтамжтайгаар хэдэнтээ явуулсан ч болохгүй гэх газаргүй.
Цаашлаад нийслэлийн дүүрэг бүрт ийм дэлгэц байдаг болохоор багахан талбай байхад л болчихно. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн “Соёмбо” кино театрын өмнөх талбай, Улсын их дэлгүүрийн урд байрлуулсан том дэлгэцийг ашигласан ч болно. Баянзүрх дүүрэгт л гэхэд Засаг даргын тамгын газрынх нь орчимд, мөн Бөхийн өргөөний хананд гудамжны том лед дэлгэц байдгийг та бүхэн мэдэх байх. Энэ бүгдийг иргэдийнхээ эрүүл мэндийн тусын тулд ашиглавал хэн хэндээ хэрэгтэй байхсан.
Ялангуяа төв талбай, хүн ам олноор оршин суудаг газруудад байрлуулсан дэлгэцийг ийм зориулалтаар тогтмол хэрэглэвэл олон хүнийг хамруулах боломжтой санагдана.
Д.Мөнхжаргал
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
URL: