Авлигачдыг биш ардын хүүхдүүдийг давхар “яллачихвий”
Өршөөлийн хууль хэрхэн хэрэгжих нь өнөөдөр ч таавар хэвээр байна. Гэхдээ захиргааны шийтгэл хүлээсэн хүмүүсээс бусад нь буюу эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн, “нарсанд” суугаа олон мянган иргэн төр энэ хуулийг хэрхэн батлахыг хүлээсэн хэвээр сууна.
Учир нь, өнгөрсөн сарын эхэнд УИХ хаалттай хаалганы цаана зургаа дахь удаагийн Өршөөлийн хуулийг яаран сандран баталсан нь өнөөдрийн нөхцөл байдалд хүргэсэн. Харин өмнөхөөсөө ялгаатай нь энэ удаагийн өршөөл нь авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг өршөөхөөр тусгасан нь асуудлын гол болоод байгаа юм.
Монгол Улс Өршөөлийн хууль баталснаар ял эдэлж байгаа 7000 гаруй ялтнаа суллаад явуулчихна гэсэн үг. Хуульд зааснаар өршөөл үзүүлэх тодорхой шатлал бий.
Тухайлбал, шүүхээс ногдуулсан ялыг нь бүрэн өршөөх эсхүл ялын хугацаанаас хасах гэх мэт. Харин энэ дунд идэр насны залуустай холбоотой гэмт хэрэг авлигачдын “хөлд чирэгдэх” магадлал өндөр байна. Өөрөөр хэлбэл, Өршөөлийн хуульд Ерөнхийлөгч хэсэгчлэн хориг тавьсан бөгөөд 4.1 болон долдугаар заалтад хориг тавьсан.
Ингэснээр 10 зүйл, 11 заалтын гэмт хэргийн заримыг өршөөлд хамруулах, заримыг нь хасах гэсэн болзолтойгоор хориг тавьсан гэсэн үг. Ерөөсөө Ерөнхийлөгч хэсэгчлэн хориг тавьсан авлига авсан болон албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг өршөөхгүй л гэсэн агуулгатай. Гэтэл хориг тавьсан заалт дотор Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөр- баярын хэлснээр 30 гаруй тэрбумын хохиролтой авлига, албан тушаалын хэргүүд өршөөгдөхөөр байгаа.
Түүнчлэн цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа 5000 гаруй хохирогчтой, 90 гаруй тэрбумын хохиролтой 116 хэргийг өршөөхөөр байгаа. Мөн ялыг нь хоёр жилээр хасах байсан 18-25 насны идэр залуучууд өршөөлд огт хамрагдаж чадахгүй үлдэнэ гэсэн үг. Ерөнхийлөгч хориг тавьсанчлан авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг өршөөх нь буруу ч тэдний хоморгонд ид хийж бүтээх насны идэр залуус өртчихвий гэх болгоомжлол нийгэмд их байна.
Учир нь, УИХ хоёр дахь удаагийн ээлжит бус чуулганаараа Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан ч хуульд нэмэлт өөрчлөлт оруулах учиртай Хууль зүйн байнгын хороо үүргээ гүйцэтгэж чадахгүй байсаар аргагүйн эрхэнд ээлжит бус чуулганыг цагтаа багтан хаасан. Хуулиараа УИХ-ын Дэгийн тухай хуульд зааснаар Өршөөлийн тухай хуульд оруулах холбогдох нэмэлт, өөрчлөлтийн төслийг Хууль зүйн байнгын хороо боловсруулж, нэгдсэн чуулганаар батлуулах ёстой.
Үүнтэй холбоотойгоор Хууль зүйн байнгын хорооноос УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатараар ахлуулсан 11 гишүүнтэй ажлын хэсэг гаргасан. Гэтэл энэ ажлын хэсэгт Ерөнхийлөгчийн хоригийг эсэргүүцэн, хүлээн авахаас татгалзсан зургаан гишүүд багтчихсан нь өнөөдрийн гогцоод үүсгээд буй. Үүний цаад учир нь ерөөсөө л АН, МАХН- ынхны ашиг сонирхолтой шууд холбоотой.
АН-ынхан засгаа бүтэн болгох, МАХН- ынхан Н.Энхбаяр даргыгаа цэвэрлэж, улс төрд оруулах хоёр хүсэл мөргөлдсөнөөс л Өршөөлийн хуулийг УИХ яаран сандран баталсан нь нэгэнт нийтэд ил болсон мэдээлэл. Гэтэл УИХ-ын Дэгийн тухай хуулийн 31.9-д зааснаар хоригийг хүлээж авсантай холбоотойгоор холбогдох нэмэлт, өөрчлөлтийг байнгын хороо санаачлан батална гэсэн заалтын дагуу ажлын хэсгийнхний оруулж ирсэн санал нь үндсэндээ Өршөөлийн хуулийн анхны хувилбар буюу хориг тавихаас өмнө ямар байсан яг тэр байдлаар нь буцаагаад хуулийг батлах санал оруулж ирсэн явдал.
Хуульч Б.Энхбаярын тайлбарласнаар ”Тав, нэг гэсэн тоог текстээр бичээд оруулж ирж байгаагаас өөрцгүй” юм болсон. Хэрвээ ажлын хэсгээс гаргасан энэ өөрчлөлт биш өөрчлөлтөөр явбал Өршөөлийн хууль хуучин хэвэндээ буюу анх УИХ-аас баталсан хэлбэрээрээ явах бөгөөд идэр залуу настнууд ч авлига, албан тушаалтнууд ч өршөөгдөнө.
Энэ тохиолдолд Ерөнхийлөгч өөрийнх нь хориг тавьсан хүсэл зорилго биелээгүй учраас гэх шалтгаанаар дахин хориг тавьж таарна. Товчхондоо, авлига, албан тушаалтнуудыг өршөөхөөс нааш энэ хуулийг “явуулахгүй”. Гэтэл хамтран эрх барьж байгаа АН, МАХН- ынхан залуусаар “барь- цаалж”, өршөөвөл хамтад нь, үгүй бол ч хамтад нь гэх бодлого бариад байгаа нь харамсалтай байна.
Тэртэй тэргүй ял эдэлж байгаа 18-25 насны залуусыг шууд суллаад явуулчихгүй, эдлэх ялаас нь хоёр хүртэлх жил хөнгөлөхөөр хуульд заасан байгаа. Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөхийн хэлснээр энэ насны залуучууд ихэвчлэн анх удаа анамсар болгоомжгүйгээс хүний аминд хүрсэн байх нь элбэг байдаг юм гэсэн.
Тэгэхээр тэдэнд төр нэг удаа хайр ивээлээ хүртээж, залуу хүнд засрах, наранд гараад сайхан ирээдүй бүтээх боломж, итгэл найдвар хайрламаар байгаа юм. Хэдийгээр гэмт хэрэг хийсэн ч гэсэн тэд бидэндтэй л адилхан хүн. Ямар ч нөхцөл байдлын улмаас хэрэг үйлдсэн байж болох. Арван жилийн дараа ар гэр, ах дүүстэйгээ уулзана гэж хоног тоолон хүлээж суусан бол найман жил гэж бодож, тэр хүртэл итгэл тээж амьдарна гэдэг сайхан хэрэг.
Гэтэл авлигачдын дуулианаас болоод эдгээр залууд үзүүлэх өршөөл замхарч мэдэхээр байгаа учраас ийн хэлээд байгаа хэрэг. Аливаа зүйл байгаа онох нь чухал. Төр өршөөлийн хууль баталчихаад хэн ашиг сонирхол, аль эсвэл аль нэг намын шантаажаар байндаа хүрч чадахгүй байж болохгүй. Тиймээс л авлигачдаа авч үлдээд УИХ- аас гарах шийдвэрийг хүлээн хоног тоолж суугаа жирийн арддаа төрийн хайрыг хүртээх хэрэгтэй байна.
Монгол Улсад байнгын ажиллаагаатай парламент бий болсны 25 жилийн ойд гэх тодотголтойгоор энэ удаагийн Өршөөлийн хуулийг баталсан. Гэсэн атлаа энэ дүйвээнээр албан тушаалтнуудыг өршөөж, эрх баригчид хүслээ гүйцэлдүүлэх гэж зүтгээд байгаа нь хачирхалтай. Ард түмэн нүдтэй, чихтэй. Юу болоод, ямар процесс өрнөөд байгааг харж л суугаа.
Тэр дундаа ард иргэдээр дүнгээ тавиулж, бас төрд зүтгэх виз авах хугацаа нь өдөр ирэх бүр дөтөлж байгааг эрх баригчид эрх биш мэдэж л байгаа байлтай. Тэр үед энэ нөхөр УИХ-д гараад иргэн миний биш нэг хүний, намын төлөө үхэн хатан зүтгэж ард олноо малладаг юм билээ гэж бодож суувал яана.
Тийм л учраас улс төрчид эргэж бодох бодолтой баймаар байна. түүхэн ойг тохиолдуулан баталсан хууль гэсэн атлаа түүхийг бүтээсэн жирийн иргэдээ биш төрд гарч, идэж уусан, авлига, албан тушаалын хэргээр ял эдэлж байгаа иргэдээ өршөөвөл бүх зүйр урвуу эргэж таарна. Төрийн хишгийг хүртэнэ гэж найдаж суусан залуус авлигачдын балгаар давхар яллагдаж магадгүй байгаа учраас ийн бичлээ.
Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээс өмнө “Хоригийг хүлээж авбал өршөөгдөх ялтан олдохгүй” гэж З.Баянсэлэнгэ гишүүн мэдээлж байсан. Тэгэхээр энэ хоригийг анхнаас нь будилаантуулах МАХН-ын санаа хэрэгжиж, үүнийг нь хэрэгжих боломжийг АН-ынхан олгочихжээ гэдэг таамаг үнэнд тун ойрхон байна.
Гэхдээ одоо нэг л боломж бий. Хэдийгээрээ ажлын хэсгээс нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүйн жишгээр нэмэлт өөрчлөлт хийсэн ч байнгын хороо, чуулганаар энэ асуудлыг дахин хэлэлцээд ялгаж салгамаар байна.
Ямартай ч эрх баригч АН, МАХН-ын таалалд Ерөнхийлөгчийн хориг таа- лагдаагүй учраас бантан хутгачихсан, өршөөлийн хуульд хамрагдана гэж горьдлого тээж суусан 1200 гаруй хоригдол, түүний ар гэрийнхэнд дараагийн чуулганыг хүлээхээс өөр сонголт үлдсэнгүй.
М.Өнөржаргал
Эх сурвалж: М.Өнөржаргал
URL: