Хүүхэд харах үйлчилгээ эхлэхэд хоёр сар гаруй хугацаа үлдлээ
Хүн нэмбэл хүнс нэмнэ гэдэг. Даанч сүүлийн үед хүн нэмэхийн хэрээр хүнснээс гадна, бөөн “проблем” нэмдэг болсон. Үүний нэг нь цэцэрлэг. Өнөөдрийн байдлаар 27 мянга орчим “дайсны цэрэг” цэцэрлэгт хамрагдаж чадахгүй гэрээ “бужигнуулж” яваа. Нэг аймгийн хүн амын тоотой тэнцэхүйц тооны бяцхан иргэдээ бүгдийг нэг дор сургуулийн өмнөх боловсролд хамруулах боломж Монгол Улсад одоогоор алга. Хагасыг нь ч болов нэмж хамруулах гарц хайж, шийдвэрлэсэн нь Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль. Энэ хууль ирэх оны эхний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Хуульд “Сургалтад хамрагдаж тусгай зөвшөөрөл авсан 18-55 насны Монгол Улсын иргэн хүүхэд харах үйлчилгээ үзүүлнэ” гэж заасан байгаа. Нэг хүн дээд тал нь таван хүүхэд харах бөгөөд гурвуул хамтраад 15 хүүхдэд үйлчлэх боломжтой гэсэн үг. Тиймээс олон хүнийг ажлын байраар хангах бололцоотой. Албан ёсны судалгаагаар 15 мянган ажлын байр шинээр бий болно гэжээ. Улаанбаатар хот 152 хороотой, түүнээс 40-өөд нь цэцэрлэггүй, харин үлдсэн хороо тус бүр ганцхан цэцэрлэгтэй гэсэн судалгаа бий. Дээрх тооноос харвал хүүхэд харах төвийн хэрэгцээ их байгаа нь ойлгомжтой. Харин хүүхэд харах үйлчилгээг ямар орчинд үзүүлж болохыг сурвалжиллаа.
Гэрийнхээ нэг өрөөг хүүхэд харах төв болгох боломжтой
Бидний зорьж очсон “Хүүхэд харах төв” Сонгинохайрхан дүүргийн X хороо, бидний нэрлэдгээр Баянхошууны хуучин эцэст байрладаг. Гаднаас нь харахад жирийн гэр хорооллын дундах, галлагаатай тоосгон байшин. Харин байшингийн дотор талыг хүүхдэд ээлтэй байхаар тохижуулжээ. Байшин 60 ам.метр талбай бүхий дөрвөн өрөөтэй. Хоёр том өрөөний хананд үлгэрийн баатрын зурагтай ханын цаас наасан нь бага насны хүүхдүүдэд сонирхолтой орчин бүрдүүлэхэд дөхөм болсон санагдсан. Шаланд нь дэвсгэр дэвсч, тавиур дээр тоглоомуудыг өрсөн том өрөөнд хүүхдүүд тоглож, хичээллэнэ. Цааш дамжих өрөөг унтлагын хэсэг болгожээ. Үүдэндээ ариун цэврийн өрөө байгуулж, арваад хөтөвч эгнүүлэн тавьсан байв. Мөн хоёр угаалтууртай. Байшинг ханан пийшингээр халаах бөгөөд голд байрлуулсан зуухыг тойруулан хүүхэд түлэгдэхээс хамгаалсан хашаа барьжээ. Энэ байшинг УИХ-ын гишүүн Г.Эрдэнэчимэг хүүхэд харах үйлчилгээний загвар төв болгон тохижуулсан бөгөөд өнгөрсөн жил гурван эмэгтэй ойр орчмынхоо 12 айлын хүүхдийг хамруулан ажилласан юм байна. Гурван эмэгтэй өөрсдөө бага насны хүүхдээ харж гэртээ суудаг байсан тул хүүхдээ хамт хардаг. Тэгэхээр нийтдээ гурван “багш” 15 хүүхдийг асран халамжилж байсан хэрэг.
Харин шинээр мөрдөх хуульд, нэг хүүхдэд хоёр ам.метр талбай ногдохоор тооцон байраа бэлтгэх ёстой. Байр заавал нийтийн халаалт дулаанд холбогдсон байх шаардлагагүй ч тусгай стандарт хангахуйц байх ёстой гэж заажээ. Орон сууцны нэг өрөөгөө хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар ашиглах боломжтой. Гэхдээ тэр өрөөндөө гэрийн эзэд өөрсдөө амьдарч болохгүй. Бас гадны хүн оруулахыг хориглохоор тусгасан. Мөн 2-5 настай хүүхдийг хамруулах бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй бол нас харгалзахгүй гэсэн байгаа. Хуулийн хэлэлцүүлгийн явцад “Өөрийн хүүхдийг харж болохгүй” гэсэн заалт байсныг нь хассан. Тиймээс бага насны хүүхдээ харж гэртээ суудаг ээж, орон сууцныхаа нэг өрөөг хүүхэд харах төв болгон тохижуулж өөрийнхөө хүүхэдтэй нийлээд таван хүүхэд харах боломжтой гэсэн үг.
Ингэснээр ээжүүд гэрээсээ гаралгүй өрхийн орлогоо нэмэх боломжтой болох нь.
Тэтгэвэрт гарсан багш нар ажилтай болно
Гэртээ суугаа ээжүүдээс гадна тэтгэвэрт гарсан багш, эмээ ер нь хүссэн хэн ч энэ үйлчилгээг эрхэлж болно. Мэдээж халдварт болон сэтгэцийн өвчингүй байх зэрэг шаардлага бий. Мөн 7-14 хоногийн тусгай сургалтад хамрагдан гэрчилгээ авсан хүн хүүхэд харах үйлчилгээг үзүүлэх эрхтэй. Хуулийг дагаж мөрдөх журмыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам боловсруулж байгаа юм байна.
Хүүхдийн хоолны мөнгийг эцэг, эх нь төлнө
Хүүхэд харах үйлчилгээний хууль хэрэгжиж эхэлснээр цэцэрлэгт орж чадахгүй гэртээ цоожлуулах хүүхдийн тоо багасах ач холбогдолтой. Цэцэрлэгт хамрагддаг хүүхэд бүрт хувьсах зардлын мөнгө болох 116 мянган төгрөгийг сар бүр олгодог. Энэ мөнгийг хүүхэд харах үйлчилгээ үзүүлж байгаа хүнд хүүхдийн тоогоор олгох ажээ. Энэ нь тухайн хүний сарын цалин байх бөгөөд хүүхдийн хоолны мөнгө болох 50- 70 мянган төгрөгийг эцэг, эхчүүд төлөх юм байна. Хүүхэд харах үйлчилгээнд зориулан 2016 оны улсын төсөвт 42 тэрбум төгрөг тусгажээ. Энэ мөнгөнд тааруулан аймаг, дүүрэг, сумдад хүүхэд харах үйлчилгээ эрхлэх квот олгоно гэдгийг хууль санаачлагч УИХ- ын гишүүн Г.Эрдэнэчимэг хэлсэн. Гэхдээ эцэг, эхчүүдийн төлөх төлбөрийн хэмжээг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас боловсруулах журамд тодорхой заах юм байна. Цаашдаа 4-5 настай хүүхдийг цэцэрлэгт хүмүүжүүлж, сургуулийн өмнөх боловсрол олгодог байх чиглэл барих ажээ. Харин 0-3 насныхныг хүүхэд харах төвд асрах нь тохиромжтой гэж шийдвэр гаргагчид үзжээ.
М.Алтанцэцэг
URL: