Автобустай сургуулийг урамшуулъя

Хөгжилтэй улс орнуудад сургуулийн сурагчдыг гэрийнх нь ойрхон байрлалтай алхаад орох сургуульд сургах юм уу, хол зайтай бол “School bus” буюу сурагч­дад зориулсан тусгай автобусаар тээ­вэр­лэдэг. Ерөөсөө нийтийн тээврийн хэ­рэгс­лээр нь хараа хяналтгүй хүүхэд зор­чино гэсэн ойлголт байхгүй. Харин манай Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын олонх нь харьяаллын бус сургуульд суралцаж, нийтийн тээврээр зорчих үзэгдэл түгээмэл. Энэ нь эд зүйлс, эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэлд орж буйг олон жишээ баримтаар хэлж болно. Сурагчдын 20 орчим хувь нь сургуулийн орчинд халдлагад өртдөг бол 2014 оны эхний 11 сарын байдлаар зам тээврийн ослын улмаас найман хүүхэд нас барж, 119 хүүхэд гэмтсэн байна. Зарим хүүхдүүдийг эцэг эх, асран халамжлагч нь гэр сургуулийн хооронд автомашинаар зөөдөг. Энэ нь хүүхэд аюулгүй зорчих сайн талтай боловч сургууль цуглах, тарах үед замын хөдөлгөөнд эрс ачаалал нэмдэг байна. Тиймээс сургууль бүрийг автобустай болгох ажил ямар байгааг сурвалжиллаа.

Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 23 дугаар дунд сургуулийн хичээл цуглах, тарах цагаар автомашин дүүрэн болдог.

БАГА АНГИЙНХАН ҮНЭГҮЙ ЗОРЧИХ БОЛМЖТОЙ

 Хотын гудамжаар “School bus” гэсэн бичигтэй жижиг оврын автобус харагдах болсон ч голдуу хувийн сургуулиудынх байдаг. Уг нь гэр, сургууль нь багадаа 1-5 км зайтай байдаг Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад энэ автобус тун хэрэгтэй байгаа юм.

2012 онд Замын цагдаагийн газраас хамийн их түгжрэл үүсгэж байгаа 18 сургуулийн судалгааг гаргаж эхний ээлжинд автобустай болгох, сургуулийн автобусыг дугаарын хязгаарлалтад оруулж, нэгдүгээр эгнээгээр явуулах тухай Нийслэлийн Засаг даргын 532 тоот захирамж гарсан билээ. Захирамжийн дагуу тус сургуулиуд 68 автобусаар сурагчдаа тээвэрлэж эхэлжээ.

Энэ ажил өргөжиж өнгөрсөн хичээлийн жилд долоон дүүргийн дөрвөн цэцэрлэг, 58 сургуулийн 143 автобусаар давхардсан тоогоор 9130 суралцагчийг тээвэрлэжээ. Үүнээс төрийн бус өмчийн  27, төрийн өмчийн 31 сургууль, төрийн бус өмчийн гурав, төрийн өмчийн нэг цэцэрлэг автобусны үйлчилгээ үзүүлсэн байна. Зарим сургуулиуд шатахууны мөнгө, жолоочийн зардалаа гаргахын тулд бага ангийн сурагчдыг үнэгүй, дунд ахлах ангийнхнаас 200 төгрөг авч байгаа аж. Сурагчдын нэгдсэн автобусыг үйлчилгээнд гаргаснаар тодорхой хэсэгт замын хөдөлгөөний ачаалал буурсанаас гадна эцэг эхчүүд цаг заваа хэмнэх, сурагчдын  аюулгүй байдлыг хангах ач холбогдолтой байсныг онцолж байв.

Бид хотын төвд байрлалтай дүүрэг, нийслэлдээ нэр хүндтэй гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 23 дугаар дунд сургууль, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай лаборатори 1 дүгээр дунд сургуулиар орлоо. Учир нь эдгээр сургуулиуд харьяаллын хүүхдүүдээсээ гадна сурлагаараа тэргүүлэгчдийг сонгон шалгаруулж элсүүлдэг журамтай. Тиймээс харьяаллын бус хүүхдүүд олон байдаг аж.

1-р бага сургуулийн нийгмийн ажилтан Г.Одон:

ТҮРЭЭСЛЭХ ҮНЭ НЬ ХЯМД БАЙВАЛ ЭЦЭГ ЭХЧҮҮД ДЭМЖИНЭ

-Танай сургуулийг сурагчдаа тээвэрлэдэг автобустай болгох Нийслэлийн Засаг даргын захирамж 2012онд гарсан. Сургуулийн автобус явж байгаа юу?

-Хоёр жилийн өмнө сургуулийн автобус гэж явж байсан ч больсон. Одоогоор сургуулийн автобус гэж байхгүй.

-Яагаад?

-Манай сургууль автобусгүй учраас хувийн автобусны компаниудаас түрээслэнэ гэхээр өндөр үнэ хэлдэг. Гэхдээ саяхан “BMD” компани гэхэд нэг хүүхдийг өдрийн хоёр талдаа 4000-5000 төгрөгний хооронд зөөх санал тавьсан. Энэ саналыг эцэг эхийн хурал дээр танилцуулж, судалгаа аваад шийднэ. Манайд холоос явдаг хүүхэд цөөн. Бага ангийн хүүхдүүдийг эцэг эх нь хүргэж өгч, авдаг. Ер нь бол бид автобустай болохыг зорьж байгаа. Зөвхөн сурагчдаа зөөнө гэлтгүй нэгдсэн арга хэмжээнд сургуулийн автобус хэрэг болдог.

-Эцэг эхчүүд сургуулийн автобусаар хүүхдээ зөөлгөх тал дээр ямар саналтай байдаг вэ?

-Түрээслэх үнэ нь хямд байвал эцэг эхчүүд дэмжинэ л дээ. Мэдээж ажил төрлөө амжуулах цаг завыг нь хэмнэх бас хүүхдэдээ санаа зовохгүй болно шүү дээ.

-Танайд автобустай болоход ямар бэрхшээл тулгарч байна вэ?

-Хөрөнгө мөнгөний асуудал байна. Өөрийн гэсэн автобус худалдаад авчихвал түрээслэж байснаас хамаагүй хямд тусна. Хүүхдүүдээ үнэгүй юм уу, хямд тээвэрлэх боломж бүрдэнэ. Харин хувийн компаниас автобус түрээсэлбэл хүүхдүүд мөнгө төлөөд, гэрээ байгуулаад явна.

23 ДУГААР СУРГУУЛЬД 10 АВТОБУС ХЭРЭГТЭЙ

Харин Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 23 дугаар дунд сургуулийн хувьд аравдугаар сарын 1-ний дотор шилжилт хөдөлгөөн хийж дуусдаг байна. Гүнзгийрүүлсэн сургалттай учраас харьяалал харгалзахгүй бусад дүүргээс хүүхдүүд авдаг байна. Тиймээс сургуулиас гэр нь хол хүүхдүүд олон бий гэнэ. Тухайлбал, XXI дүгээр хороолол, Нисэх, Яармаг, Зүүн салаа гэх мэт олон газраас сурагчид нь нийтийн тээврээр зорчиж ирдэг байна. Гэвч эднийд сургуулийн автобус байхгүй. Чингэлтэй дүүргийн хэмжээнд зөвхөн 117-р сургууль л автобустай аж.

Энэ талаар нийгмийн ажилтан Г.Эрдэнэчимэгээс тодруулахад “Манай сургуульд 1-2 жилийн өмнө хувийн компаниас нэг сарын 75 мянган төгрөгөөр автобус түрээслэх санал ирж байсан. Одоо бүр үнэтэй болсон биз. Нийт сурагчдын 70 хувь нь харьяаллын бус хүүхдүүд суралцдаг. Гэр ойрхон 4-5 хүүхдийн эцэг эхчүүд хамтраад өглөө, оройд хүүхдүүдээ хүргэж өгч авдаг жижиг тэрэг хөлсөлдөг юм билээ. Хэрэв сургууль өөрийн гэсэн автобустай болвол хүүхдийн аюулгүй байдал хангагдахаас гадна замын түгжрэл ч эрс багасна. Даанч улсын төсөвт сургуулийг автобустай болгох талаар хөрөнгө төсөвлөдөггүй. Миний судалгаагаар манай сургуульд 10 автобус байхад хүүхдүүдээ зөөж хүрнэ гэсэн тооцоо гарсан” гэв.

Н.Болдбаатар:

БҮХ СУРГУУЛИЙГ АВТОБУСТАЙ БОЛГОХ БОЛОМЖГҮЙ

Энэ талаар Нийслэлийн Боловсролын газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсанмэргэжилтэн Н.Болдбаатараас тодрууллаа.

-Сургуулийн автобусаар сурагчдаа зөөж байгаа хэдэн сургууль байна вэ?

-Нийслэлийн хэмжээнд 140 гаруй автобусаар төрийн болон төрийн өмчийн бус сургуулиудад үйлчилж байна. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу манайх Нийтийн тээврийн газартай хамтраад нийслэлийн таван дүүрэгт 11 чиглэлд хүүхдийн автобусны үйлчилгээг эхлүүлээд хоёр дахь жилдээ ажиллаж байна.

-Автобус авах мөнгийг хаанаас гаргаж байна?

-2013-2014 оны хичээлийн жилд Нийс­лэлийн засаг даргын тамгын газраас Нийс­лэлийн болон Улсын төсвийн хөрөнгө оруу­лалтаар автобус ний­лүүл­сэн. 2014 оны хичээлийн жилд тусгай сургуулиудад автобус олгосон. Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 29, 116, 70, 55-р сур­гуулиуд автобустай болсон. Мөн Улсын төс­вөөр зарим нэг төрийн сургуулиудад сурагчийн автобус нийлүүлсэн. Засаг даргын захирамж сайн хэрэгжиж байна.

-Сургуулийн автобусны стандарт гэж байх ёстой. Ямар шалгуураар сонгодог вэ?

-Стандарт хэмжил­зүйн газраас анх сур­гуулийн автобусны стандартыг гаргасан. Энэ стандартыг мөрдөж байгаа эсэхийг Замын цагдаагийн газартай хам­тарч шалгадаг. Энэ хичээлийн жилийн эхэнд Замын цагдаагийн урьдчилсан үзлэгүүдийг хийсэн. Мөн тухайн авто­бусны жолоочид хүүхдийн автобусыг жо­лоо­дох эрхзүйн баримт бичгүүд болон бусад шаардлагыг хангаж байгаа тал дээр хяналт тавьж байна.

-Ерөнхий боловсролын бүх сургуулиудыг автобустай болгох боломж бий юу?

-Бүх сургуулиудыг автобустай болгох боломж одоогоор алга. Гэр хорооллын хүүхдүүдийг автобустай болгоход бид түлхүү анхаарч ажиллаж байна. Мөн хэд, хэдэн сургуулиуд автобустай болгох хүсэлтээ ирүүлсэн байгаа. Үүнийг бид албан бичгээр холбогдох бай­гууллагуудад хүргүүлсэн.

СУРГУУЛИУДААС АВТОБУС ШААРДАЯ

 Өдөрт 5000 төгрөгөөр сургуулийн автобусанд сууж байхаар нийтийн тээврээр 200 төгрөг төлөөд явуулахыг эцэг эхчүүд сонгоно. Тиймээс сургууль бүр өөрсдийн автобустай болчихвол зардал хамаагүй багасах боломжтой. Тухайлбал, 100 төгрөгөөр зорчих боломжтой гэдгийг Сүхбаатар дүүргийн 58 дугаар сургууль харуулж байна. Тус сургууль нь нэг сурагчаас 100 төгрөг хурааж, тодорхой чиглэлээр сурагчдаа зөөж байгаа ч алдагдалд ороогүй сайн туршлага байна. Энэ сургуульд “Даймонд пресс” клубээс санаачлан автобус бэлэглэж байжээ. Энэ мэт сайхан сэтгэлтэй нийгмийн хариуцлагатай хувь хүн, пүүс компаниуд хүүхдийн төлөө За гэж хэлэхийн тулд сургуулийн автобусанд анхаарлаа хандуулаач гэж уриалах байна. Бид хүүхдүүддээ ядаж гэр, сургуулийнхаа хооронд аюулгүй зорчих боломжийг олгох ёстой. Үүний тулд сургууль ч, холбогдох яам, тамгын газар, төр засгаас анхаарах цаг болжээ. Ерөөсөө эцэг эхчүүд хүүхдийнхээ сургуулийг автобустай болохыг шаардаж, боломж бололцоогоороо дэмжиж ажиллах хэрэгтэй. Сурагчдынхаа төлөө автобустай болж буй сургуулиудыг урамшуулахад ч болохгүй гэх газаргүй.

 Х.Монголхатан

Эх сурвалж:

URL:

Сэтгэгдэл бичих