Н.Золзаяад Малайзын шүүхээс цаазын ял оноолоо
ГХЯ-наас өнөөдөр олны анхаарал татсан хэргийн шийдвэрлэлтийн талаар мэдээлэл өглөө. Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн “БНХАУ-д ял эдэлж байсан нэг иргэнийг Монголдоо шилжүүлэн авчирсан. Мөн ял эдэлж буй хоёр, Хонгконгд хоригдсон нэг иргэнийг дотооддоо шилжүүлэн авчрахаар ажиллаж байгаа” гэлээ.
Н.Золзаяагийн хэрэгт 68.6 сая төгрөг зарцуулжээ
Малайзад хар тамхины хэрэгт холбогдсон Монголын иргэн Н.Золзаяагийн шүүх хурал болж, давж заалдах шатны шүүхээс Монгол Улсын иргэн Н.Золзаяад цаазаар авах ял оноох шийдвэр гаргасан байна. Уг хэрэгт Монгол Улсын Ерөнхийлөгч, Хууль зүйн Сайд, Гадаад хэргийн сайд анхаарлаа хандуулан хэргийн эдрээтэй байдлыг дахин нягталж үзэх, хэргийг хуулийн дагуу шударгаар шийдвэрлэхэд Малайзын холбогдох байгууллага, албан тушаалтны анхаарлыг хандуулахаар захидал хүргүүлсэн байна. Мөн Н.Золзаяагийн давж заалдах шатны шүүх хуралд зориулж буюу түүний эрх ашгийг нь хамгаалах, эрх зүйн туслалцаа үзүүлэх өмгөөлөгч хөлслөхөд шаардагдах 68.6 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргажээ.
Ш.Алтантуяагийн хэрэг хэрхэн шийдэгдэв
Малайзад харамсалтайгаар амиа алдсан Ш.Алтантуяагийн хэрэг одоо ч олны анхаарлыг татсаар байдаг. Тэгвэл ГХЯ-ны мэдээлснээр Малайз Улсад амиа алдсан Ш.Алтантуяагийн хэргийг өнгөрсөн нэгдүгээр сарын 13-ны өдөр шүүж, Малайз дахь Монголын ЭСЯ-наас төлөөлөл оролцсон байна. Ингээд шүүхээс буруутай этгээдүүдэд цаазаар авах ял оноожээ. Мөн уг харамсалтай хэргийн улмаас түүний ар гэрт учирсан хохирлыг барагдуулах асуудалд дэмжлэг үзүүлэн ажиллана гэдгээ Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн хэллээ.
Амиа алдсан монгол иргэдийн хэргийг шалгаж байна
Өнгөрсөн нэгдүгээр сарын 22-ны өдөр Монгол Улсын иргэн Ч.Батжавхлан АНУ-д учир битүүлгээр нас барсан. Одоогоор хэргийн сэжигтэн тогтоогдоогүй, эрэн сурвалжилж байгаа аж. Мөн өнгөрсөн гуравдугаар сард Бүгд Найрамдах Франц Улсад амь насаа алдсан талийгаач Б.Мөнхтуул хэргийн сэжигтнээр Монгол Улсын иргэн эмэгтэйг сэжиглэн, саатуулан шалгаж, эхэлжээ.
Түүнчлэн БНХАУ-д өнгөрсөн гуравдугаар сард харамсалтайгаар амиа алдсан талийгаач С.Сумьяагийн үхэлд БНХАУ-ын иргэнийг сэжигтэн баривчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн гэж ГХЯ-наас мэдээлж байна.
Малайзад цонхоор үсэрч амиа алдсан Д.Отгонтуяаг амиа хорлосон гэсэн дүгнэлт гарчээ
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Малайз Улсад амьдарч байсан МУ-ын иргэн Д.Отгонтуяа байрныхаа цонхоор унаж амь насаа алдсан. Уг хэрэгт хамт байсан хүмүүсийг холбогдуулан, хорьж байцаасан юм. Гэвч хэргийн мөрдөн байцаах явцад дээрх хүмүүс нь хэрэгт холбогдолгүй болохыг тогтоон суллан явуулжээ. Харин Малайз Улсын цагдаагийн газраас Д.Отгонтуяаг “амиа хорлосон” гэсэн дүгнэлтийг гаргажээ. Улмаар ар гэрийнхнийх нь хүсэлтээр шарилыг нь чандарлуулж Монголд авчрах ажлыг Бангкокт суугаа Элчин сайдын яамнаас хийж гүйцэтгэсэн байна.
Б.Алт
URL: