Хүүхдийн осол эндэгдэлийн голлох шалтгаан түлэгдэлт болоод байна

8782e63443937ee162b3c53acba822aaХүүхдийн осол гэмтэл, эндэгдэлийн голлох шалтгаан нь түлэгдэлт гэдэгийг ГССҮТ-ийн ТНСМЗТ-ын тасгийн эрхлэгч Э.Галбадрах хэлж байна.

Өнгөрсөн жил түлэнхийн тасагт нийтдээ 1485 хүн хэвтэн эмчлүүлсэний 1090 нь 0-5 насны хүүхэд байжээ. Тэгвэл энэ оны эхний зургаан сарын байдлаар ГССҮТ-ийн түлэнхийн тасагт нийтдээ 896 хүн хэвтэн эмчлүүлсэний 70-80 хувь нь 0-5 насны хүүхэд эзэлж байгаа харамсалтай тоо гарсан байна.

Мөн нас баралтын тоо эхний зургаан сарын байдлаар 14 болжээ. Энэ бол зөвхөн эхний зургаан сарын байдлаар гаргасан тоо баримт юм.

Сүүлийн жилүүдэд халуун тогооны түлэгдэлт нийт түлэгдэлтийн тэргүүлэх байрыг эзлэх болсон. Халуун тогоонд түлэгдэх нь маш хор хөнөөлтэй байдаг аж. Тодруулбал маш гүн, талбай томтой түлдэг байна. Гэтэл түлэгдсэн хүүхдүүдийн 90 хувь нь гэртээ халуун хоол, цай, халуун зүйлсэд түлэгдсэн байдалтай эмнэлэгт ирдэг гэдгийг ГССҮТ-ийн ТНСМЗТ-ын тасгийн эрхлэгч Э.Галбадрах онцлон хэлсэн юм.

Тэрээр хэлэхдээ “Халуун тогооны түлэгдэлт сүүлийн үед маш их болсон. Халуун тогооны түлэгдэлт нь маш гүн, талбай томтой түлдэг. Хүүхдийн бие 15 буюу түүнээс дээш хувийн түлэгдэлттэй байгаа үед амьд үлдэх магадлал багатай болдог. Гэтэл 15 битгий хэл 50-60 хувийн түлэгдэлтэй хүүхдүүд ирдэг.  Хүүхдийн осол гэмтлийн тэргүүлэх шалтгаан түлэгдэлт болоод байна. Үүний шалтгаан бол эцэг эхчүүдийн хараа хяналт муутайгаас үүдэлтэй” гэлээ.

Түлэгдсэн хүүхдүүдийн 70 хувийг Улаанбаатар хот эзэлж байгаа бол үлдсэн хувь нь орон нутгаас байдаг аж. Мөн түлэгдэж ирсэн хүмүүсийн тал хувь нь зайлшгүй арьс нөхөх, нөхөн сэргээх гэх мэт олон хагалгаанд ордог байна.

М.Март


URL:

Сэтгэгдэл бичих