Амьд байх, оршин байх гэдэг нь амтлах, үнэрлэхээс эхэлнэ

170175-18092015-1442559748-1506862377-1-Монголчууд дарсны соёлд маш удаанаар суралцаж байна-

Италийн дарсчдын холбооны гишүүн, дарсны зөвлөх Сесилиа Аларкон Салинас болон Монголын дарсны холбоог үүсгэн байгуулагчдын нэг У.Энхтүвшинтэй дарсны соёл, хэрэглээ, утга учрын талаар яриа өрнүүлсэн юм.

-Дарс судлах, шүүмж хэлэх, сонголт хийхэд тусалдаг ажлаа та ямар нэг зүйлтэй зүйрлээч гэвэл тэр нь юу байх вэ?
-С.А.С:
Дарсны төрөл зүйлийг судлах нь хязгааргүй олон төрлийн үнэр, амт, усан үзмийн төрөл хийгээд цаг хугацаагаар аялж буй мэт санагддаг. Би газар зүйн мэргэжилтэй ч дарс судлалаар түүнээс илүү мэргэшсэн. Тухайн дарсыг хэрхэн хийсэн, ямар хоолтой зохицуулах, гарал үүслийг нь тодорхойлох гээд дарсны эргэн тойронд судалмаар зүйл дуусахгүй олон бий. Харах, үнэрлэх, амтлах мэдрэхүйгээ тултал ашигласнаар дарсыг мэдрэх, ойлгох боломжтой.

Хүнд заяасан мэдрэхүй бүрийг бурхнаас заяасан бэлэг гэж үзвэл амьд явах хугацаандаа энэ бэлгээ бүрэн ашиглаж сурах хэрэгтэй юм болов уу. Хүний хамар 7-10 мянган үнэрийг ялгах чадвартай. Харамсалтай нь, хүн бүр далд орших энэ чадвараа ашиглая гэж боддоггүй. Миний мэргэжлийн агуулга далд буй чадвараа ил гаргаж ирэх гэдэг утгатай дүйцнэ. Дарс амтлах хийгээд үнэрлэхийг уран зураг зурахтай зүйрлэж ч болох юм. Миний өмнө таван төрлийн дарс тавихад өөр хоорондоо ялгаатай амт, үнэр, түүхтэй байх болно. Тэр бүгдийг мэдэлгүй, ялгаж танилгүй өнгөрнө гэдэг хайран.

-Та хамгийн анх дарстай хэрхэн холбогдож байсан бэ?
-У.Э:
Хүүхэд насанд минь усан үзэмтэй холбоотой дурсамж тод үлдсэн. Таван настай байсан санагдана. Нэр нь үл мэдэгдэх нэгэн сонирхолтой номыг олж үзсэн юм. Тэр номонд усан үзэмтэй холбоотой олон зураг байсан нь тун сонирхол татсан. Түүнээс хойш усан үзэм, хатаасан үзмээр гэртээ төрөл бүрийн ундаа бэлтгэж уух дуртай болсон. Хэрэв гэрт дарстай холбоотой шил, ном, сэтгүүл үзэгдвэл сонирхон үздэг байв. Тухайн үед дарсны талаар ихийг өгүүлж чадах хүн Монголд бараг байгаагүй. Түүнчлэн дарсыг ойлгож, мэдрэх хүн ч олон биш.

Харин одоо байдал өөрчлөгдөж, дэлхийн өнцөг булан бүрээс янз бүрийн амт, үнэртэй дарс Монголд ирэх болсон. Бид үй түмэн дарснаас сонголтоо зөв хийх чадвартай байх ёстой бөгөөд өөрсдийгөө үүнд бэлдэх хэрэгтэй. Дарс сонгох нь яг л хөөрөг шинжиж, зангиа сонгохтой адил.

-Дарс хүмүүсийн амьдралын хэв маягт хэрхэн нөлөөлдөг вэ. Та өдөр тутамдаа дарсыг хэрхэн хэрэглэдэг вэ?
-С.А.С: Би Латин Америкт төрж өссөн. Бидний уламжлалт хэрэглээний нэг нь дарс юм. Би оройн хоолонд дарс хэрэглэх дуртай. Түүнчлэн найзууд, гэр бүлээрээ ярилцаж суухад ширээн дээр заавал байх ёстой зүйлийн нэг нь дарс.

Намайг төрөхөөс ч өмнө дарс хэмээх зүйл бидний өдөр тутмын амьдралд чухал байр суурь эзэлдэг байсан. Дарсыг МЭӨ 6000 жилийн өмнөөс хийж эхэлсэн гэдэг нотолгоо ч бий.

Бид хоол идэж суухдаа, уулзахдаа, баярлаж, гунихдаа гээд бүхий л үед дарсыг хэрэглэдэг.

Дарс сонгох нь яг л хөөрөг шинжиж, зангиа сонгохтой адил

Европчуудын хувьд дарс амьдралынх нь салшгүй нэг хэсэг. Эрүүл мэнд болоод харилцаа холбоо, сэтгэл санаанд маш сайнаар нөлөөлнө гэж үзсэнийх. Дарснаас үүдэж мэдлэг тэлсэн ярианы сэдэв үүсэхээс гадна зохистой хэмжээгээр хэрэглэснээр зүрх, судас, цус харвалт, тархин дахь судасны нарийсалт зэрэг өвчнийг анагаах чадвартай. Үүнээс гадна сонсох, харах, үнэрлэх, амтлах зэрэг мэдрэхүй хөгжихөд нөлөөлж, хөгшрөлтөөс сэргийлнэ. Европт дарсны хэрэглээг уриалсан олон байгууллага бий. Тэд хэмжээтэй хэрэглээ болон дарсны мэдлэгээ тэлэх талаар мэдээлэл түгээдэг.

-Дарс бидний гар дээр ирэх хүртэл ямар шат дамжлагыг туулдаг вэ. Сайн дарсыг хэрхэн таних вэ?
-С.А.С:
Олон улсын дарс болон усан үзмийн тариалалтад хяналт тавьдаг байгууллага бий. Эл байгууллага нь дарс бэлэн бүтээгдэхүүн болж хэрэглэгчийн гар дээр очих хүртэлх бүх үйл явцад зөвлөгөө өгч, тусалдаг. Одоогоор 45 орон энэ байгууллагад гишүүнээр элссэн, 45 мянга орчим хуулийн заалттай бөгөөд усан үзэм тариалах, дарс бэлтгэх, хадгалах гээд бүх зүйлийг тусгасан байдаг. Дарс бэлтгэхэд шаардлагатай бүх талын зөвлөгөөг өгч, хэрэглэгчийн эрүүл мэндийг хамгаалахад гар бие оролцдог гэсэн үг.

Сайн дарсыг танихын тулд шошготой нь бүрэн танилцаж, сайтар үнэрлэх хэрэгтэй. Чили, Итали, Франц дарснууд муугүй. Дарсыг сайн мэдэхгүй хүмүүс их мөнгө төлж дарсыг танихыг хүсдэг. Гэвч мөнгө үүнд хамаагүй. Дундаж үнэтэй сайхан дарсыг хаанаас ч хайж олох боломжтой. Монголын дарсны дэлгүүрүүдээс ч олох боломжтой.

Дарсны соёл өндөр хөгжсөн орнуудад сайн дарсыг ресторануудаас олдог. Ресторан бүр өөрийн гэсэн онцгой дарсыг үйлчлүүлэгчдэдээ санал болгодог. Тухайн дарс тэр ресторанаас өөр хаана ч зарагдахгүй байх нь үйлчлүүлэгчдээ татах, дарсны талаарх үнэлэмжийг нь өсгөхөд чухал. Энэ жишиг монголд хараахан дэлгэрээгүй тул дарсны дэлгүүрүүдээс хайх нь дээр болов уу.

-Монголд ирээд дарс худалдаж буй дэлгүүр, ресторануудаар хэр их явсан бэ. Таалагдсан, сэтгэл дундуур үлдсэн зүйл бий юү?
-С.А.С:
Ирснийхээ дараа хэд хэдэн супермаркет, ресторанаар ороод гарлаа. Монголын супермаркетуудад маш их хэмжээний муу дарс зарагдаж байна. Дунд буюу энгийн зэрэглэлийн дарснууд үлдсэн цөөхөн хувийг эзэлж байгаа санагдлаа. Харин ресторануудаас бол юу ч хүсээд нэмэргүй гэдгийг ойлгосон. Үйлчилгээ хийгээд дарсны сонголт, үйлчлүүлэгчдийн дарсны мэдлэг тун муу байгаа нь сэтгэл гонсойлгосон. Үйлчлүүлэгчдээ дарс санал болгох, амтыг нь тайлбарлах, зохистой хэмд хадгалах зэргийн энгийн мэдлэг байхгүй байх тохиолдол олон байв. Үүнд зохицуулалт хэрэгтэй гэдэг бодол төрсөн.

Монголчууд аялал жуулчлалаараа мөнгө олохыг хүсэж байгаа бол рестораны үйлчилгээгээ сайжруулах нь зүйтэй болов уу. Миний анзаарснаар Монголд маш олон европ хүн ажиллаж, аялахаар ирж байна. Тэд хоол идэхгүй байна гэж үгүй. Дарсаа санахгүй байна гэж үгүй. Тэдэнд тааламжтай орчныг нь бүрдүүлж өгснөөр Монголыг зорих жуулчдын тоо улам л өсөх болов уу.

Хээр талд ширээ засаад дарс амтлуулах, Монголын махаар хийсэн хоолыг сайн чанарын дарстай амтлуулах гэх мэтээр төрөл бүрийн сонирхолтой үйлчилгээ нээж, жуулчдад мартагдашгүй дурсамж үлдээж болох юм гэдэг бодол төрсөн. Гэхдээ ийм үйлчилгээ явуулж буй газар байгаатай таараад баярласан. Нэг удаа хөдөө амралт руу явахад надад дарс задалж өгсөн. Зөөгчийн надтай харилцаж буй байдал болоод дарсны чанар гологдох зүйлгүй байсан. Монголд ийм газар улам олон болоосой гэж хүссэн.

Нэг зүйл их сонирхолтой санагдсан нь монголчууд шинэ бүтээгдэхүүнийг туршиж үзье гэж хэр их боддог юм бол оо? Шинэ бүтээгдэхүүнийг туршиж үзье, хэрэглэж үзье гэдэг тэмүүлэлтэй, зоригтой байвал дэлгүүрийн лангуун дээрх барааны чанар өөрчлөгдөх болов уу гэж таамаглаж байна. Бас нэг зүйлийг онцлоход Улаанбаатарт буй хэд хэдэн дарсны дэлгүүр надад сайхан сэтгэгдэл үлдээсэн. Олон орноос, дажгүй чанарын, боломжийн үнэтэй дарснууд оруулж ирсэн байсан. Амт нь тун сайхан.

Дарс амтлах хийгээд үнэрлэхийг уран зураг зурахтай зүйрлэж ч болох юм

-Та Монголын дарсны зах зээлийн түүх, хэрэглээг багагүй хугацаанд ажиглаж ирсэн хүний нэг. Монголд худалдаж буй дарснуудад зохицуулалт хийдэг байгууллага гэж бий юү. Монгол хүмүүсийн дарсанд хандах хандлагыг юу гэж боддог вэ?
-У.Э:
Монголд орж ирж буй дарснуудыг хянах, зохицуулалт хийх боломж байхгүй л байна. Үүнийг ихэнх монгол хүн дарсны талаар бүрэн мэдээлэлгүй, хүлээж авах сонирхолгүй байгаатай холбон тайлбарлаж болно. 1996 оны байдлаар Монголын хэмжээнд дөрвөн чингэлэг дарс нэг жилд зарагддаг байлаа. Шинэ жил, эмэгтэйчүүдийн баяр, цэргийн баярын өдрүүдэд л дарс зарагдах бөгөөд бусад үед худалдан авалт нь бараг зогсдог байсан гэхэд болно.

Харин одоогийн байдлаар жилд 200 чингэлэг дарс зарагдаж байна гэсэн тооцоо бий. Хэрэглээ хэд дахин нэмэгдсэн ч худалдан авагчид өмнөх шигээ баярын өдрүүдэд л түлхүү худалдан авч байна. Ялангуяа шинэ жилийн үеэр. Энэ нь монголчууд дарсыг бэлгэдлийн журмаар хэрэглэж байгааг илтгэх бөгөөд дарсны мөн чанар, зорилгыг бүрэн ойлгохгүй хэвээр байна гэсэн үг.

-Таны бодлоор Азиас аль орон дарсыг хамгийн их хэрэглэж, дарсны соёлыг бүрэн утгаар нь ойлгож чадаж байна вэ. Монголчууд аль хавьд нь явна вэ?
-С.А.С:
Хамгийн түрүүнд Хятадыг нэрлэмээр байна. Тэд дарсыг өөрийн орондоо үйлдвэрлэж, ингэхийн тулд маш олон залууг Европ руу тэтгэлэгтэй сургаж байна. Хятадын нийт хүн амын 100 сая нь дарсыг өдөр тутмын амьдралдаа зохистойгоор хэрэглэж байна гэдэг тооцоо ч бий.

Түүнээс гадна Япон бол дээд зэрэглэлийн дарсны хэрэглээг нутагшуулж чадсан орон. Япон рестораны эзэд онцгой дарсны эрэлд гарна. Дарсыг борлуулах, амтлуулах, хадгалах, үйлчлэх чиглэлээр тэд мэргэшсэн. Түүнчлэн Европт маш олон Япон оюутан дарс судлахаар ирсэн байхтай нь таарч байлаа.

Нөгөөтэйгүүр, Европын маш олон дарс үйлдвэрлэгч өөрсдийн бүтээгдэхүүнээ Ази руу гаргах хүсэл, мөрөөдөлтэй байдаг. Монголын хэрэглэгчид дарсны соёлд маш удаанаар суралцаж байна. Миний ажиглаж буйгаар залууст л ирээдүй бий. Монгол залуус мөнгөтэй хэдий ч мэдлэг, туршлага алга. Тэд дарс яаж хийгддэг, усан үзмийн ялгааг ч мэдэхгүй байхтай олон таарлаа. Дарсаа сонгосны дараа хоолтойгоо хэрхэн зохицуулах талаар бүр ч мэдэхгүй.

Монголчууд махны хэрэглээ өндөртэй. Тиймээс улаан дарс махан хоолнуудтай үнэхээр сайхан зохицно. Гэвч залуусын дийлэнх нь үүнийг ч мэдэхгүй байна. Дарс оршсоор буй шалтгааны нэг бол хоолны соёлтой холбоотой. Дарсыг уух гэдэг нь амтлах гэсэн үг бөгөөд цаашлаад хоолтой хослуулах урлагтай холбогддог. Монголчууд эхлээд энэ талаар мэдлэгтэй болох хэрэгтэй байна гэж бодож байна. Орчин үед бүх хүн нийгмийн сүлжээ, фэйсбүүк, твиттер ухаалаг утас хэрэглэдэг, ядаж мэддэг болсон. Үүнтэй адил хоол, дарсны соёлын талаар хүмүүс мэддэг болох шаардлага гарч байна. Дарсны талаар анхан шатны мэдлэггүй байна гэдэг орчин үеийн ухаалаг утас хэрэглэж буй хүмүүсийн хувьд гутал өмсөлгүй гудамжаар алхаж буй мэт л харагдах болсон.

-Дарс, цагаан архи хоёрыг нэг зүйл гэж ойлгох нь хэр зөв ойлголт вэ?
-У.Э:
Мэдээж хоёулаа согтууруулах ундаа боловч хуулийн хүрээнд нэг түвшинд тавьж хориглох нь буруу л болов уу. Ямар оронд дарсны хэрэглээ өндөр байдаг вэ гэсэн судалгаануудаас үзвэл гэр бүлийн салалт бага, эдийн засаг нь тогтвортой, иргэдийн сэтгэл хангалуун байдал нь өндөр орнууд орсон байдаг.

Монголын хувьд нэг сарын цалин нь нэг сая төгрөгөөс дээш, гадаадын аль нэг оронд суралцаж, аялаад ирсэн хүмүүс дарсыг түлхүү худалдан авч буй. Үүнийг ухаалаг гар утас барьж буй хүн бүр дарсны хэрэглэгч болох боломжтой гэж хошин маягаар тайлбарлаж ч болох юм. Дарс худалдан авч тогтмол хэрэглэдэг болохын тулд тухайн хүнээс нэмэлт орлого шаардах нь бий. Тиймээс зарим хүмүүс дарсыг дээдсийн хэрэглээ гэж ойлгодог. Харин орчин үед дээдсийн, зиндаа гэх мэт зүйл ярих нь дарсны зах зээлд эргэлдэж буй дундаж үнэтэй хэдэн мянган дарсыг үгүйсгэж буй хэрэг болно.

Дарс нь согтууруулах ундаа, дээдсүүд эд баялагтайгаа гайхуулахын тулд ширээн дээрээ тавьдаг идээ будааны нэг төдий зүйл биш юм. Харин эрүүл мэндэд тустай, хоолтой хослуулан хэрэглэдэг нь дарсны хамгийн том онцлог. Дарсыг дагаад маш олон төрлийн соёл бий болдог. Хооллох хэв маяг, аливааг үнэлэх үнэлэмж, хандлага, мэдлэг гэх мэт зүйлс нь өөрчлөгдөнө. Тиймээс маш өндөр хэмтэй цагаан архинуудтай дарсыг хослуулах, адилтгах нь хамгийн буруу ойлголтын нэг.

-Цаг гарган, сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа.

Г.Чимэдлхам

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих