МАХН аас Баянсэлэнгийг БХБЯ ны сайдаар томилогдсонд эгдүүцэж, жишиж, гайхаж байсан олон хүмүүсийн бухимдлыг АНУ-ын Лас-Вегас хотноо болж байгаа чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 63 кг жинд өнөөдөр барилдаж “дэлхийн хошой аварга” болсон Батцэцэг тайвшруулав даа. Чехийн алдарт зохиолч Я.Хашекийн “Эрэлхэг цэрэг Швейк” зохиолд өгүүлдэгчлэн “Амьдралд дандаа муу зүйл тохиолдоод байдаггүй, заримдаа сайн зүйлс тохиолддог” гэсэн ёгт хэллэгийн бодит жишээ гэлтэй. Монгол дахь улстөрөөс үүдэлтэй олон нийтийн бухимдлын дараа спортынхон дэлхийн хэмжээнд амжилт үзүүлж тайвшруулаад байдаг нь тохиолдол биш байхаа. Яагаав! Tэр жилийн 7 сарын 1 нд бөөн үймээн болоод өнгөрсний дараа 8 сард Бээжингийн олимпоос Н.Түвшинбаяр “алтан медаль” хүртэж төрийн томчуудыг ард олонтой нь хамтад “эвлэрүүлэн” нус нулимстай нь хутгаж орхиогүй юу? Саяхан Оюутолгойгоос үүдэлтэй бухимдлын дараа манай жу-догийнхон дэлхийн аваргаас медаль авахад л бид тайвширч байгаа юм чинь. Бухимдаж гомдмоор ч юм шиг, баярлаж бахадмаар ч юм шиг.
БХБЯ-ны сайд болсон нь хөөрхий Баянсэлэнгийн буруу биш л дээ. Хүмүүс тэгж ойлгоод бухимдаад байгаа хэдий ч, “нисэхгүй гээд байхад нь нис нис гээд…” гэдэг шиг Монголын улстөрд намын дарангуйлал хэр өндөр түвшинд байгаагийн илрэл. Баянсэлэнгэ МАХН-ын идэвхтэй гишүүн байсан тулдаа сайд болж байна шүү дээ. Хэрэв Н.Энхбаярын “хувийн хэвшил” болох МАХН-ын “идэвхтэй” гишүүн байгаагүй бол, юун… Намууд төрийн дээр гарч “дураараа дургиж байгаа” гийн илрэл нь. Чөлөөт бөхийн дэлхийн хошой аварга болж байгаа нь С.Батцэцэгийн нөр их хөдөлмөр зүтгэлийн шим. Дэлхийн дэвжээн дээр “найраа”, бас тохиолдол байдаггүй юм шүү дээ. Сүүлийн жилүүдэд чөлөөт бөх, жу-до барилдааны төрлүүдэд эмэгтэй тамирчид өндөр амжилт үзүүлж байгаа нь монгол бүсгүйчүүдийн тэсвэр тэвчээр, хөдөлмөр зүтгэлийн үр дүн, бас нотолгоо. Монголын улстөр, их спорт урвуу хамааралтай л яваад байна уу даа. Зүтгэл зусардалт, урссан хөлс авч өгөлцсөн авилгал, албан тушаал спортын дэвжээ, баярын нулимс хуурамч инээмсэглэл, ур чадвар тэнэглэл гээд нэг л авцалдахгүй. Уг нь бид хаана ч дуудуулах
“МОНГОЛ” гэдэг нэгэн нэртэй, дуулах нэг төрийн дуулалтай, дуурсгах нэг л бахархалтай.
“Эрэлхэг цэрэг Швейк”-ийн хэлж байсанчлан “Алив муу зүйл тохиолдох хэдий ч дараа нь заавал сайн зүйл тохиолдож байдаг болохоор ерөнхийдөө сайн тал руугаа яваад байдаг” шиг бид бас сайн тал руугаа яваад л байнаа даа. Дэлхийн дэвжээ жижиг биш ч тэнд Монголын минь төрийн дуулал эгшиглэж байгаа нь бас сайн тал. Олон мунхаг улстөрчид биднийг бухимдуулж байгаа ч 2016 оны сонгууль ойртож байгаа нь бас сайн тал. За за Баянсэлэнгэд амжилт ерөөгөөд Батцэцэгийн амжилтын төлөө нэгэн хундага өргөе дөө. Сайн зүйл дандаа ирж байх болтугай.
МОНГОЛЫН МИНЬ НАМАР ЦАГ
… Навчис дээр унасан шүүдэр үүрээр газар тулж бөнжийн үүлэн тэртээх нарны сацраг гагц түүнийг хөрсөнд шингээн урсгах нь, санаж бэтгэрсэн бүсгүйн сувдан нулимс хацар даган урсаж сэтгэлийн их хайрыг аргадаж норгох мэт намар цаг. Аядуухан салхины сэвшээнд газарт унан хуйлрах навчис алсын алсад салхины аясаар хийсэн одох нь, сэтгэлийн гүнд зуссан гэгээн дурсамж тэртээ холд аялан хааяа нэгтээ санаа алдан гансрах мэт намар цаг. Ээжий минь буцалсан цайгаа аагтай сүүгээр сүлсэн шанагаа тоонон тэртээд шүргэсхийн самрахуйд,
даргилан буцлах цайны ааг нь тэнгэрийн тэртээд дэгдэн уусч халамжийн буман шивнээ нь нарны буман сацрагаар миний сэтгэлд хайр болон шингэх мэт намар цаг. Нуурын чанадад гангалдан орчлонгийн хязгааргүй уудамд зэллэн нисэх шувуудын цуваа ирж буцах амьдралын нэгэн хэмнэлийг бидэнд сануулан, дараа жил буцан ирж ч чадах бас эс чадах итгэл сэтгэлийн харууслыг далавчин дээрээ тээн одох мэт намар цаг.
Уулсын бэлд аргамжаатай хоносон манан үүрийн сүүмгэр гэрэлд ичингүйрэх мэт аажуухан хөөрөх нь, гүн харанхуй орчлонд жаргаж хоносон хосуудын салж ядахдаа шунаж тачаадан үнсэх үнсэлт шиг намар цаг. Уяан дээр зүүрмэглэж хоносон адуу нойрноосоо сэрж, угтаж мандах нарны зүг туурайгаа цавчилж үүрсэн янцгаах нь, айсаж буй цаг мөч бүхэн цавчлах туурайн ормоор цацагдсан шороо шиг эргэж буцдаггүйн тавиланг бидэнд сануулах шиг намар цаг. Агь, таана, мангир, хүмүүлийн хамар сэтлэм үнэр талын энгээр цоргиж таавар билчих мал сүргүүд жаргалын ихээр тарвалзах нь, ивлэж урссан эхийнхээ сүүнд нялх балчир үрс нь цатгалдаж энгүй энэ орчлонд гагц хайрыг зүүдлэн үнэгчлэх мэт намар цаг. Өнгөр энэ орчлонд ургаж цэцэглэсэн мод ургамал, өвс ногоо өнгө өнгөөр алаглан шаргалтах нь, зотон дээр будаг нялах зураачийн гар өнгөө олж ядан тэмтчиж , сэтгэлдээ дүрсэлж багтаамгүй олон өнгөөр өөрийгөө зурж мөнхжүүлэх мэт намар цаг.
Айлын найран дээр уянгалан эгшиглэх уртын дууны аялгуу уяан дээр эргэцэх хүлэг морьдын янцгаах дуутай сүлэлдэн монгол гайхамшигт аялгууг тэнгэрт хүргэн дуурсгах намар цаг. Тэнгэрийн тэртээгээс газарт эргэн эгшиглэх монгол аялгуу нь миний сэтгэлийн учгийг хөглөн сэтгэлийн сувдан дуслыг аньсага нууранд мэлтэлзүүлэх намар цаг. Тэр мөчид би өөрийгөө монгол хүн хэмээн омогшиж тэртээх холын нутгаа сэтгэлийн аньсгандаа саравчилж, сэтгэл минь уяран дотогшоо өмөлзөж нутгаа санан санаашрах намар цаг. Аяа Монголын минь намар
цагаа.
ХАНЬ
…”Хань” гэдэг их л мундаг үг л дээ, бид л анзаардаггүй болохоос. Аав ээж, хэн нэгэн дотны хүн маань гэгээн алсад одож, сэтгэлд минь нөмөрлөж байсан хайр энэрэл өмөг түшиг нь гэнэт нурж, ээрэм талд нүв нүцгэн гав ганцаар даарч жиндэн зогсоход гараас минь зөөлхөн атгаж, харуусалдаа урсах нулимсыг минь хурууныхаа өндгөөр зөөлхөн арчиж, хэнгэнэтэл санаа алдах цээжийг минь налан бүх л биеэрээ илбэн аргадах тэр л хүн хань минь юм. Нурж унаж байгаа нөмөр нөөлгийг нь орлон өөрийн биеэр хахир хатуу салхийг нөмөрлөн зогсох тэр л хүн
хань минь мөн. Зүрхнээс минь урсаж сэтгэлийг минь ээдээх уйтгар гунигийг өр зүрхнээсээ мэдрэн аргадаж, тэртээд алслан холдсон нарны дулаан сацрагийг миний сэтгэлд ойртуулан дулаацуулж гүн нойронд автуулан тайтгаруулах хайр гэгч аугаа. Намайг цээжиндээ тэвэрч аргадан бүүвэйлж, зүүдэндээ шаналан урсах нулимсыг минь хэлээрээ долоон аргадаж, өөрийнхөө харууслын нулимсыг миний гунигийн нулимстай сүлэн хольж, сэтгэлээрээ гашууныг нь амтлах тэр л хүн миний сэтгэлийн хайр. Би түүнээс холдож, сэтгэлийн аргамжаагаа тасдаж
чаддагүй юм.
“Хань” гэдэг даанч аугаа хувь тавилан. Төөрч будилсан амьдралын ээдрээт урсгал дундаас намайг олж, живэхээс минь өрсөн аварч эрэг дээр гарган дараа нь миний гараас хөтлөн холын холд хамтдаа алхсан тэр л ачтай хүн. Би заримдаа түүн үгүйгээр амьдралаа төсөөлөхдөө гэнэт айдаг. Хэрэв тэр миний гараас хөтлөөгүйсэн бол би амьдралын хүчит урсгалын хаана нь живж үлдэх байсан бол? Хааяадаа урсаж одсон тэр л урсгал дунд хөвөх хүсэл төрөх авч би зүрхэлдэггүй юм, тэр минь надад гомдсондоо намайг атгасан гараа сул тавьж орхивол яана гэж?
Заримдаа онгирч элдвээр аашлахыг хүсэх гэвч, түүнийгээ алдаад тэр л урсгал дунд өөрөө живж одохоос айдаг. Хань гэдэг чинь амьдралын түшиг тулгуур, заримдаа алсран холдоход нь би өөрөө аргадан гуйдаг тэнгисийн мандал дахь далбаат завь. Тэр л далайн мандал дахь шорвог усыг заримдаа залгилан тургих авч, бие биенээ харж шоолон инээлдэх цав цагаахан сэтгэл. Дараа нь цэв цэнгэг усыг хамтдаа залгилан, далайн мандалд завины хошууг минь далдлан далдалж жаргах нарны сацрагийг шоолонгуй харан мөр мөрөө түшиж, уруул уруулаараа
шүргэлцэх жаргалтай хором миний хань. Дарвуулт завины зөөлхөн хөвөлт дунд түүнийхээ духыг үнэрлэх жаргалтай мөч.
…”Хань” гэдэг дэндүү ариухан үг. Зөндөө л шунаж дурласан хүмүүсийн харцнаас дайжиж, нов ногоохон мөчрүүдийн сүүдэрт үнсэлцэж жаргасан мөч. Чиний харцнаас дайжсан тачаал миний нүдэнд торж тогтсон мөч. Бидэн дундаас төрсөн үрсийнхээ төлөө өөрийн хувь заяагаа аргамжих тавилан. Хааяадаа шаралхан чамаас дайжих гэвч хувь заяаг минь аргамжсан үрийнхээ аашийг яалтай. Би чиний хайранд аргамжигдан холдож чаддаггүй чөдрийн морь болтлоо ухаажсан. Эмнэг догшин цамнаж явахдаа чиний хайранд л уургалагдан номхорч шогшин, чиний өмнө
сөхөрсөн адгуус. Хааяадаа эмнэгшин догшрох гэвч, чиний урсгал дөлгөөн харц, уярам зөөлхөн аашинд тань уургалагдаад номхордогсон. Амьдралын түмэн урсгал дунд “би чинийх”, “чи минийх” байх тавилангаа аль хэдийн мэдэрсэн. Тэглээ гээд харамсах юун, хувь тавилан хойно. Талын энэтээгээс мэлтэсхийн мандаж, уулсын тэртээд ичингүйрэн жаргах нарны туяанд бидний амьдрал хязгаарлагдаж байдаг. Бидний хэн байсныг хошуу дэвсэх хов үгс бус, цаг хугацааг хамтдаа элээсэн хайрын дурсамж нотолж байдаг юм. Хань гэдэг зовох үед баруун гараас
минь чанга атгаж, жаргах үед зүүн гараас минь чанга атгах тэр л хүн. Би үгүй болоход зүрхнээс нь дуслах цус шиг догшин харуусал. Нүднээс нь унаж тогтохгүй уйтгар гуниг.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах