Н.Алтанхуяг: АТГ хүмүүсийг дарамталсан баримт бий
“Багануур” ХК-ийн захирал М.Отгонбаяр: АТГ МАНАЙХЫГ ХОХИРОГЧ ГЭСЭН ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГСӨН
-Хохирлыг мэргэжлийн байгууллага тогтоосон. Манай байгууллага гомдол гаргасан зүйл байхгүй. АТГ хохирогч гэсэн үүрэг чиглэл өгсөн. Тэгээд л хохирогч болсон.Гэрээнд заасан тооцоог бүрэн хийсэн. Гэрээ биелсэн гэсэн үг. Шинжээч нар хувийн компанид нүүрсээ борлуулсан учир хохирол учирсан гэж үзсэн. Хэрэв төрийн бодлого гэвэл хохирлын хэмжээ өөр гарна. Үүнийг та бүхэн л шийдэх байх.
“Багануур” компанийн орлогч захирал н.Базарсүрэн: АЛДАГДАЛ ХҮЛЭЭСНИЙГ САЙН МЭДЭХГҮЙ
-Л.Гансүх “…Ард иргэдэд хямд нүүрсийг цаг алдалгүй нийлүүлэх ёстой” гэж шаарддаг байсан. Чухам юунаас болж алдагдал хүлээснийг би нарийн сайн мэдэхгүй байна. Уг нь түлшний үнэ, миний ойлгож буйгаар шуудай жингийн алдагдал үнийн зөрүүний алдагдал л байгаа гэж ойлгож байгаа.
“Эм Жи Эл Эс Би Ди” компанийн захирал М.Сүхбаатар: БИД ӨРӨНД ОРСОН
-Энэ компанийг би 2009 онд үүсгэн байгуулсан. Манай компани “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцоод өртэй болсон. 600, 700 сая төгрөгийн өртэй болсон. Одоо үйл ажиллагаа явуулахгүй байгаа.
Үндэсний аудитын газрын аудитор Ш.Ичинхорлоо: АТГ МАНАЙ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ
-Ерөнхий аудиторын шийдвэрээр аудит хийсэн. Би өөрийнхөө хүсэлтээр хийдэг эрх мэдэлтэй хүн биш. Манай байгууллагад 2012 оны тавдугаар сард АТГ-аас аудит хийх албан тоот явуулсан. Бид гэрээг хүчин төгөлдөр бус гэсэн дүгнэлт хийгээгүй. /Өмгөөлөгч Ц.Баасандорж түүний гэрээг хүчин төгөлдөр бус гэж гаргасан дүгнэлтийг хоёр дахин уншиж танилцууллаа/ Гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох эрх зүйн үндэс бидэнд байхгүй. Би ийм хууль байдаг эсэхийг тооцоогүй. Аудитын ёс зүйн олон улсын стандартын дагуу л хийсэн. Бид тайлангаа АТГ-т хүргүүлсэн. АТГ бидэнд аудит хийх хүсэлт хүргүүлсэн учир манай үйлчлүүлэгч гэсэн үг.
Харин шүүгч нар Ш.Ичинхорлоод “…Та бол энэ хуулийн хүрээнд “Багануур” компанид л аудитын дүгнэлт хийх ёстой. Гэм бурууг аудитор биш шүүх тогтоох ёстой” гэв.
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг: ИЛ ГАРААГҮЙ ОЛОН БАРИМТ БИЙ
-Хөтөлбөртэй холбоотой бүх шийдвэрийг би гаргасан. Шүүх гээд байгаа бол намайг шүү. Энэ хэрэгтэй холбоотой олонд ил гараагүй олон баримт байгаа. АТГ мөрдөн байцаалтыг албан ёсоор эхлүүлэхээс өмнө миний эргэн тойрны хүмүүсийг дуудаж “Даргынхаа тухай ярь. Ярихгүй бол хорино, яллана” гэж айлгаж байсныг би мэднэ. Миний эргэн тойрны бүх хүмүүсийг хорилоо. Ард түмний төлөө юм хийсэн хүмүүс хуруугаа тайруулсан.
Улсын яллагч гэрч Н.Алтанхуягаас “Тухайн үед зах зээл дээр худалдаалж байсан нүүрс тн нь 200 мянга биш түүнээс бага 65-90 мянган үнэтэй байсан гэж Үндэсний статистикийн газраас мэдээлсэн. 200 мянган гэсэн судалгааг хаанаас гаргасан бэ” гэхэд “Тухайн үеийн Эрчим хүчний сайд М.Сономпилээр ахлуулсан ажлын хэсэг 2012 оны аравдугаар сарын 20-ны байдлаар 200-300 мянган төгрөг байна гэсэн судалгааг гаргасан” гэв.
Л.Гансүх цагдан хоригдож байхдаа хорих ангиас бичсэн захидалдаа өөрийг нь улс төрийн зорилгоор буруутгаж байгааг онцолсон байдаг. Шүүх хурлын үеэр ч энэ хэрэг улс төрийн зорилготой, зохион байгуулалттай гэдгийг мэдэгдэж байсан. Гэрчүүдийн мэдүүлэг ч хэргийн цаад зорилгыг тодорхой харуулж байна гэсэн байр суурийг улстөрчид ч илэрхийлээд эхлэв. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “…Энэ Л.Гансүхийн хэрэг гэгч чинь гэрээний маргаан, иргэний хэрэг юм биш үү!!! Хохирсон гэх компанийн ярьж буй зүйл нь иргэний гэм хор байх” гэжээ. Мөн АН-ын нарийн бичгийн дарга асан А.Анхбаяр “Аудит хүүхэн хууль зөрчжээ. Шүүгч мад тавилаа”. Өмгөөлөгч О.Алтангэрэл “Хохирогч тал яагаад гомдол гаргасан тухай асуултад “биднийг шахсан” гэж хариулж байгаа болон зарим гэрчүүд өмнө нь өгсөн мэдүүлгүүдээ санахгүй байна гэж хариулах, буцах явдал гарч байгаа нь мөрдөн байцаах ажиллагааны явцад эргэлзээ төрөхүйц байна” гэсэн байр суурийг илэрхийлжээ. Дугаар шилжих мөчид шүүх хурал үргэлжилж байв.
Б.Заяа
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: