Л.Гансүхийн шүүх хурал дээр гэрчүүд юу мэдүүлэв?
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.
Шүүх хурлын явцыг телевизийн шууд эфирээр дамжуулан үзэж үзэгчид янз бүрийн байдлаар дүгнэж буй. Олон нийт хэт шүүгчийн үзэмжин дор, эрүү шүүлтийн байдалтайгаар үргэлжилж байгаа гэдгийг тодотгож, шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан өмгөөлөгчдийн хүсэлтийг хүлээн авахгүй байгаад буруутгаж байгаа юм.
Одоогоор шүүх хуралдаан үргэлжилж байгаа тул хэвлэл мэдээллийн зүгээс хэт нэг талыг барих, илтэд үнэлэлт өгөх нь зохимжгүй асуудал. Энэ утгаар бид “хохирогчгүй шүүх хурал” гэгдээд буй уг шүүхийн явцад зарим хүмүүсийн өгсөн гэрчийн мэдүүлгийг онцлон хүргэж байна.
Шинжээч н.Ичинхорлоо: АТГ аудит хийх хүсэлт хүргүүлсэн учир манай үйлчлүүлэгч
- Та ямар ажил эрхэлдэг вэ?
- Тухайн үед Үндэсний аудитын газарт ажиллаж байсан.
- Хэний хүсэлтээр та аудитын шалгалт хийсэн бэ?
- Ерөнхий аудитын шийдвэрээр хийсэн. Би өөрийнхөө хүсэлтээр хийдэг эрх мэдэлтэй хүн биш.
- АТГ-аас таныг хийгээд өг гэж бичиг явуулсан байна лээ?
- Манай байгууллагад 2012 оны 5 сард АТГ-аас аудит хийх албан тоот явуулсан.
-Хоёр байгууллагын хийсэн гэрээг хүчин төгөлдөр байсан, байгаагүйд танайх дүгнэлт хийх ёстой юу?
-Үгүй.
- Танд ийм эрх байгаа юу?
-Бид гэрээг дүгнээгүй.
- Дахин асууя. Танд байгаа тийм эрх байгаа юу?
-Байгаа.
- Ямар хуулийн заалт байна вэ?
- Би хүчин төгөлдөр бус гэж дүгнээгүйгээ хэлсэн.
- Танд хүчин төгөлдөр бус гэж тооцох эрх байгаа юу?
- Эрх зүйн үндэс байхгүй.
- Дахин асууя?
- Хуулиар тогтоосон ойлголт байдаггүй.
- Худалдан, худалдан авах гэрээний аль заалт зөрчигдсөн юм бэ?
- 3 дугаар зүйлийн 3.4
- Гэрээний үнэ хэд вэ?
- Гэрээний үнэ 27500 төгрөг. “Багануур” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар 39000 төгрөг болж өөрчлөгдсөн.
- Аудит хийсэн байгууллагадаа тайлангаа гаргаж өгсөн юм уу?
- Бид тайлангаа АТГ-т хүргүүлсэн. АТГ бидэнд аудит хийх хүсэлт хүргүүлсэн учир манай үйлчлүүлэгч.
- Та аудит хийсэн байгууллагуудаа аудит хийх гэж байгаагаа танилцуулсан уу?
-“Эм Жи Эл Эс Би Ди” компанийн тооцооны нягтлан Болортуяа, нэг залуу 2-той хамтарч ажилласан.
н.Базарсүрэн: Манайх гомдол гаргасан эсэхийг би сайн мэдэхгүй
/“Багануур” ХК-ийн үйлдвэр эрхэлсэн орлогч захирал /
1. Шүүхийн яллагчийн асуулт
- Та ямар ажил эрхэлдэг вэ?
- Багануур ХХК-ийн захирал.
- Гэрээг яаж байгуулсан бэ?
- 2012 оны гэрээнд би оролцоогүй. 2013 онд яг гэрээ байгуулахад байгаагүй. Сүүлд гарын үсэг зурсан.
- Яагаад ТУЗ-ын тогтоол 39000 төгрөг байхад яагаад 29000 төгрөгөөр энэ компанид нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурсан юм бэ?
- Үнийн асуудлыг би сайн мэдэхгүй. Энэ ажлыг иргэдэд хямд нүүрс борлуулах ЗГ-ын ажил л гэж ойлгож байсан.
- Л.Гансүх шаардлага тавьсан гэж мэдүүлсэн байсан. Танд ямар шаардлага тавьсан юм?
-Ард иргэдэд хямд нүүрсийг цаг алдалгүй нийлүүлэх ёстой л гэсэн шаардлага байсан.
2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Цэрэнжээгийн асуулт
- Нүүрсийг 25800 байхад 27500 төгрөгөөр зарахад яагаад алдагдал хүлээдэг юм?
-Уг нь 25800 орчим төгрөг өөрийн өртөг байсан ч одоо бодохоор 27500 төгрөгөөр худалдсан нь НӨАТ ороогүй үнэ байсан байна лээ.
- Нүүрсийг шигшиж ангилдаг уу?
- Уг нь хоёр дамжлага манай ХК-д байдаг. Гэхдээ бид иргэдэд шигшиж худалддаггүй байсан.
- Мөргөцөгийг иргэдэд хүргэхэд хэдэн төгрөгийн зардал гардаг байсан бэ?
- Хөрс хуулалт, өрөмдөлт, схем, тээвэр зардал, ачих зардал гардаг. Эдгээрт яг хэдэн төгрөгийн зардал гардагийг би сайн мэдэхгүй байна.
- Танайх алдагдалаа хүлээсэн гээд байгаа. Үүнийгээ тайлбарлаж өгөөч. Яг юунаасаа алдагдал хүлээсэн юм?
-Би нарийн сайн мэдэхгүй байна. Уг нь түлшний үнэ, миний ойлгож буйгаар шуудай жингийн алдагдал үнийн зөрүүний алдагдал л байгаа гэж ойлгож байгаа.
- Тэгвэл таныг худлаа мэдүүлэг өгсөн гэж ойлгож болох уу?
- Үгүй, үнэн мэдүүлэг өгсөн.
- Тэгвэл яагаад алдагдал хүлээсэн гээд байгаа юм?
- Алдагдалтай л гэсэн хэмээхээс өөр зүйл хариулсангүй.
3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баасандоржийн асуулт
-Та хэдэн настай вэ?
-40 настай.
- Сэтгэцийн хувьд эрүүл үү?
/Шүүгч асуултыг эсэргүүцэв./
- Нүүрсээ зарсан хүн нь хохирогч болоод явсан хүн нь яллагдагч болоод байгаа нь ойлгомжгүй байна. Та гэрээнд гарын үсэг зурахыг та бүхэн зөвшөөрсөн үү?
- Зөвшөөрсөн.
- Зөвшөөрсөн байж яагаад өнөөдөр яагаад хохирол нэхээд байгаа юм?
-Би нүүрсний жингийн зөрүүнээс л алдагдал хүлээсэн гэж ойлгож байна.
- Гэрээний 3.6 дээр зааснаар та бүхэн алдагдал хүлээсэн гээд байгаа. Тэгвэл гэрээнд зааснаар компани төлбөрөө төлсөн үү?
-Төлсөн.
- Гэрээнд байгаа гарын үсэг таны гарын үсэг мөн үү?
-Мөн.
- Та бүхэн хохирсон юм бол хуулийн байгууллагад гомдол гаргасан уу?
- Би сайн мэдэхүй байна.
- 27500 төгрөгөөр тооцоо хийхээр гэрээнд заасан байна. Энэ мөнгөө төлсөн үү?
- Төлсөн.
- Шигшиж ангилах төхөөрөмж танайд байдаг уу?
- Байхгүй.
- Энэ компанийн төхөөрөмжөөр нүүрс ангилахад гаргасан зардлыг хэн гаргадаг вэ?
- Компани.
- Нүүрсийг гурван төрлөөр шигшдэг нь үнэн үү?
- Үнэн.
- Тэгвэл энэ компани зардлаа гаргаад ялгасан нүүрсээ та бүхэн үнэгүй ялгуулаад иргэдэд 39000 төгрөгөөр зардаг юм уу?
-Тодорхой хэмжээний нүүрсийг зарсан.
- Бүхэллэг нүүрсийг энэ компанид зардаг уу?
-Үгүй.
- Технологи, агуулах, шигшиж ангилах-39000 гэж тогтоолд заасан байна. Тэгвэл энэ тогтоол энэ компанид хамааралтай юу?
-Үгүй.
Н.Алтанхуяг: Намайг л шүү
“Энэ ажлыг хийхийн тулд яагаад заавал Л.Гансүх гэдэг хүнийг татаж оруулав гэдэг асуудал гарч ирнэ. Уг нь энэ ажлыг Нийслэл хийх ёстой. Хөтлбөр яг эхлэх үед Нийслэлийн дүүргүүдийн сонгууль дөнгөж явагдаж байсан.
Тийм учраас Нийслэл дангаараа хийх боломжгүй байсан. Бид эргээд нөхцөл байдлаа судалтал энэ ажил Нийслэл, төмөр зам, Багануурын уурхай зэрэг байгууллагуудыг холбож, хянаж ажиллах хүн хэрэгтэй болсон. Энэ албыг Л.Гансүх хариуцаж таарсан. Энэ хүнд төр шагнал өгөх ёстой. Би энэ хөтөлбөрийг биелүүлсэндээ баяртай байдаг. Гэтэл энэ хүн гар хуруунаасаа салчихаад сууж байна” хэмээн онцолсон юм.
- Нүүрс хөтөлбөрийн хэрэгжүүлэхтэй холбоотой засгийн газрын тогтоол байгаа юу?
- Энэ их онцлогтой ажил болсон. 16 хувийн хүүтэй зээлийг 8 хувийн хүүтэй зээл болгохын тулд 38 удаа хуралдсан ч нэг хуудас цаасаар дүгнэлт гарсан. Нүүрсийг хямдруулах үйл ажиллагааг хөтөлбөр гэж байгаа юм. Хүмүүс болохоор хуучин сэтгэхүйгээр олон хуудас цаас нэхээд байна.
- Хөтөлбөр биш ажиллагаа байсан гэж хэлэх гээд байна уу?
-Энэ ажиллагаа биш хөтөлбөр байсан.
Өмгөөлөгч Ц.Баасандоржийн асуулт
- Нэг тонн нүүрсний үнийг 27500 төгрөгөөр зарахыг Багануур компанийн ТУЗ өөрөө зөвшөөрсөн. Гэтэл энэ бол А компанид зориулсан санал, В компанид зориулаагүй гээд улсын яллагч, шинжээч, АТГ-ын байцаагч нар дүгнээд байгаа. Энэ ямар учиртай юм?
- Ард түмний төлөө хийсэн юмтай хүний гарыг тайрдаг байж болохгүй ээ. Хөтөлбөрийг боловсруулах явцад энэ үнээр борлуулах боломжтой юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Гэхдээ яг компанийн нэр зааж өгөөгүй.
Улсын яллагчийн асуулт
- Төсвөөс авч байгаа мөнгө хэр хуультайгаа хэр нийцэж байгаа бэ?
- Төсвөөс мөнгө гараагүй. Хэрэгжих явцдаа түр хүндрэл гарч, засгийн газрын тогтоолоор мөнгө гаргаад эргүүлэн төслөн учраас төсвөөс гараагүй гэж үздэг.
- Эргээд төлчихсөн учраас уу?
- Тийм ээ. Хуулиараа тийм заалттай.
- Та нар яагаад төрөөс мөнгө гаргаж байж, төрийн өмчийн компани руу шилжүүлээгүй юм?
- Засгийн газар үндсэн ажлаа хийх хэрэгтэй болсон. Төрийн өмчит компаниар хийлгэх талаар яригдаж байсан ч ажлаа сайн хийгээд явах, нүүрсийг зах зээлд хангалттай хямд үнээр борлуулж чадах хувийн хэвшил хэрэгтэй болсон юм. Төрийн өмчит компаниар хийлгэх гэхээр засгийн газар ахуйн шинж чанартай олон асуудлыг шийдэх хэрэгтэй болно. Энэ бүхнийг хөнгөвчлөх гэсэн хэрэг.
- Зөвлөхийн ерөнхий үүрэг юу бэ?
- Зөвлөх, удирдлагын чиглэл өгөх. Мөнгө захиран зарцуулах эрхгүй, улс төрийн албан тушаал. Та н.Солонго гэдэг хүнээс мэдрүүлэг авсан байна. Энэ хүн манай засгийн газрын үед Хэрэг эрхлэх газрын даргын албан тушаалтай хүн байж байгаад халагдсан. Тэгэхээр эрх ашгийн зөрчилтэй хүнээс мэдүүлэг авчихаад надаас асуугаад байгаа юм биш үү.
- Л.Гансүх зөвлөх хөтөлбөрт оролцох эрхтэй юм уу?
- Эрхтэй. Хяналт тавих, удирдлагаар хангах эрхтэй.
Шүүгчийн асуулт
- Л.Гансүх энэ хөтөлбөрт ямар үүрэгтэй юм бэ?
- Л.Гансүх засгийн газрыг төлөөлөн хяналт тавих үүрэгтэй. Та нар засгийн газрын мөрийн хөтөлбөрийг шүүхээр хэлэлцэх гэж байгаа бол намайг л шүүчих. Энэ хүмүүс хамаагүй.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
altanhuyag bol mujik yum baina daa