Лицензийн наймаа дахин цэцэглэх үү

170082-17092015-1442450421-1435945370-1-Хайгуулынхан лиценз авдаг уу, эсвэл IT-гийнхан наймаа хийхээр зэхэж байна уу-

Та компьютер дээр 80 ширхэг цифрийг хэр хурдан шивэх вэ? Ухаандаа 1, 5, 4, 3… гэх мэтээр огт ондоо цифрийг хэр хурдан хугацаанд шивэхийг асуугаад байгаа юм. Үүнийг уншигч Та 30 секундэд шивж чадах уу? Эсвэл найман секундийн хугацаанд? Энэ асуултад геологийнхон “чадна” хэмээн толгой дохиж харагдана.

PC-ЧИН ЖААЛУУД “УУЛ УУРХАЙН” БИЗНЕСТ ХӨЛ ТАВИЛАА

Ашигт малтмалын газраас энэ оны нэгдүгээр сараас эхлэн хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийн дугаарыг цахимаар олгож эхэлсэн. Энэ үеэс л өндөр төлбөртэйгөөс аваад араасаа багагүй маргаан дагуулсан түүхтэй. Тэгтэл ээлжит маргаан дахин дэгдэв. Энэ удаад өргөдлийн дугаар авахаар өрсөлдөөнд оролцож буй хайгуулын компаниуд Ашигт малтмалын газрын үйл ажиллагаанд муу дүн тавьсан юм.

Тухайлбал, “Discover Mongolia” уулзалтын үеэр хайгуулын нэлээд компанийн төлөөлөл багагүй ундууцсан. Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс шаггүй олон зүйл асуусан. Тодорхой хэлбэл, хайгуулын тусгай зөвшөөрөл авах эл бизнест IT буюу мэдээллийн технологийнхон хүч түрэн орж иржээ. Харин “Cover Mongolia” компанийн захирал Б.Мөнхдөлөөс аваад бусад төлөөлөл энэ салбарын цөмийг геологичид гэж тодорхойлов. Тэднийг IT-аар өрсөлдүүлэх нь зарчмаасаа хазайсан хэрэг хэмээн дүгнэсэн юм. Өдгөө PC-чин жаалууд ч энэхүү хайгуулын тусгай зөвшөөрлийг авахад оролцоод эхэлсэн гэнэ. Хүүхдийн хөдөлмөр шулаад эхэлсэн үү, эсвэл аргаа барсны илрэл юм болов уу? Ямартай ч өргөдлийн дугаарыг цахимаар авах үйл явцыг уншигч танд дор нарийвчлан тайлбарлая.

Лицензийн байршлыг заах уртраг, өргөргийн тоонуудыг шивэхэд нэлээд цаг зарцуулдаг

Долоо хоног бүрийн даваа гарагийн өглөөний 09.00 цагт компаниуд VPN төхөөрөмж ашиглан серверт холбогддог ажээ. Энэ үед тухайн компанийн регистрийн дугаар болон нууц үг, VPN төхөөрөмж дээрх нууц үг зэргийг асуудаг гэнэ. Энгийн бид E-mail хаяг шалгахдаа ийм дарааллаар нэвтэрдэг шүү дээ.

Өөрийн хаягт нэвтэрч орсны дараа 09.00 минутаас хэн нь арван хуруугаараа хурдан шивдгээ үзэж, өрсөлддөг. Өргөдлийн маягт гэх цаасан дээр хайгуулын тусгай зөвшөөрөл авах гэж буй хүний овог, нэрээс аваад өчнөөн олон бөглөх зүйл бий.

Хамгийн ихээр цаг авдаг хэсэг нь уг тусгай зөвшөөрлийн байршлыг заах уртраг, өргөргийн тоонууд юм. Дунд сургуулийн газар зүйн хичээл дээр заадаг өнөөх градустай уртраг, өргөргийг энд бичдэг.

Энэхүү хэсэгт хамгийн багадаа 80 ширхэг цифр шивж оруулах учиртайг нэрээ нууцлахыг хүссэн компанийн төлөөлөл хэлж байна билээ. Энэ тоо нь үргэлжлүүлэн өсөөд 100-гаас ч давж мэднэ. Хамгийн хачирхалтай нь, геологийн мэргэжилтнүүдээр зэвсэглэдэг хайгуулын зарим компани энэхүү маягтыг найман секундын дотор бөглөдөг болжээ. Зарим нь PC- чин жаалуудаар бөглүүлдэг гэх. Тэгэхдээ тэдэнд ч бас найман секундаас их цаг хэрэгтэйг Та ойлгож байгаа байх. Хүн ингэж хурдан шивж чадна гэж үү.

“ЯВГАН ЦЭРЭГ”-ЭЭС “ПУУЖИН” ХҮРТЭЛ

“Явган цэрэг” гэх ангилалд дээр дурдсан PC-чин жаалууд багтдаг. Харин “пуужин” гэдэг нь арван сая төгрөгөөр зарагддаг программ гэнэ. Энэхүү программын тусламжтайгаар зарим компани бараг хоёр хуудас шахуу маягтыг найман секундэд бөглөчихдөг ажээ. Уг нь өнөөх маягтын дор хүн, эсвэл программ бөглөж байна уу гэдгийг шалгадаг тоо, үсэг (captcha) гарч ирдэг юм билээ. Хуудас шинээр нээгдэх бүрт энд байгаа үсэг, тоонууд солигддог учиртай. Маягтын мэдээллийг бөглөж дуусчихаад дээрх тоо, үсгийг харж байгаад дуурайлган бичдэг. Харин “пуужин” гэх программ хүн шиг л ажилладаг гэнэ. Угтаа өнөөх программ нь тухайн хуудсанд өгөгдөх тоо, үсгийг урьдчилаад авчихдаг бололтой.

Салбарынхны тайлбарласнаар нэгдүгээр сард баруун аймгийн газар нутагт өргөдлийн дугаар олгох үеэр дээрх маягтыг дөрвөн минутын дотор бөглөдөг байжээ. Арван хурууны бичээчид л үнэнчээр үзэж тардаг байсан гэнэ. Харин технологийн эринд амьдарч буй бид бизнесээ хэрхэн хийх нүх сүвээ дорхноо л олоод, программ зохиолгоод эхэлсэн нь энэ юм.

Үүнээс үүдэн хайгуулынхан лиценз аваад байна уу, IT-гийнхан наймаа хийх гээд байгаа юу гэдгийг тодорхойлох боломжгүй болж эхэлсэн нь хамгийн гол бэрхшээл болчхоод байгаа юм. Өнөөх алдарт лицензийн наймаа эрчээ авах вий гэсэн болгоомжлол үүссэнийг учир мэдэх эрхмүүд ярьж байна билээ.

Түүнчлэн насаараа геологичоор ажилласан өвөө өөрийн судалсан ашигт малтмалтай газрын уртраг, өргөргийн тоог хэнд итгэж хэлэх вэ? “Монте Кристо гүн”-гийн эрдэнэс шиг л алт, эсвэл жонш, бүр больё гэхэд нүүрстэй газрыг л судалсан байгаа шүү дээ. Эрдэнэсийн сангийн байршлаа тэгээд IT-гийнханд хэлэх гэж үү? Үүний оронд өргөдлийн дугаараа аваад, хайгуулын тусгай зөвшөөрлөө IT-гийнхан авсны дараа арай ахиу үнээр худалдаад авчихвал аюул багатай гэнэ. Лицензийн наймаа цэцэглэх нигууртай “үйлдэл” энэ биш үү.

ӨРГӨДЛИЙН ДУГААРЫГ ХЭН ХАРИУЦАН ТАРААЖ БАЙНА ВЭ?

Өргөдлийн дугаар олгох ажлыг АМГ-ын ямар албан тушаалтан хариуцдаг вэ?

Энэхүү нийтлэлийг бичих явцад албаны хүнээс тодруулга авахаар нэлээд хөөцөлдсөнөө дурдах нь зүйтэй болов уу. Манай “Засгийн газрын мэдээ” сонин нэг талыг барьсан, тэнцвэргүй мэдээлэл уншигчдадаа хүргэхээс татгалздаг. Тиймээс ч Ашигт малтмалын газрын дарга нартай уулзаж мэдээлэл авахыг хүссэн боловч эрхэм дарга нар завгүйгээс гадна мэдээлэл өгөх чиг үүрэгтэй биш гэдгээ тайлбарлаж байна билээ. Тухайлбал, тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Үүрийнтуяа гадаадад томилолттой яваа.

Харин түүнийг орлож буй дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Амарсайхан энэхүү ажлыг гардан хийдэггүй гэдгээ дурдаад, Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатараас асуухыг зөвлөв. Харин Н.Чинбаатар хэлтсийн дарга учраас байгууллагаа төлөөлөн сонин хэвлэлээр ярьж болдоггүй гэнэ.

Олон нийттэй харилцах албаныхан энэ талын мэдээллийг хариуцна гэлээ. Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн сэтгүүлч миний илгээсэн асуултыг дөнгөж хүлээж аваад байгаагаа тайлбарлаад, дарга нараасаа асуух хэрэгтэй гэв. Дарга нараасаа тодруулаад, тэдний байр суурийг хүргэх юм гэнэ. Тэгэхээр Олон нийттэй харилцах албаныхан өргөдлийн дугаарыг хариуцан тарааж байгаа юм болов уу?

Ер нь тус газарт энэ ажлыг хэн хариуцан хийж байгаа юм бэ? Бас компаниуд ийнхүү программаар өрсөлдөх нь зүйд хэр нийцэх бол? Үүнийг шүүн тунгаах, хориглох, эсвэл зөвшөөрөх эрх нь Ашигт малтмалын газрынх биш юм болов уу? Эсвэл, тэд программ хангамжийн асуудал бидний хариуцдаг салбар биш гэж бодсон юм биш биз? Энэ мэт олон асуулт эзнээ хүлээн үлдэж байна.

Э.Хулан

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих