Самар бэлтгэх хугацааг наашлуулав

Есдүгээр сарын эхээр Нийслэлийн мэрэгжлийн хяналтын газар 2тн гаруй цайруулсан самар хадгалж хурааж  байхад илрүүлсэн билээ. Энэ зэргээр самар түүх болон бэлтгэх үйл явцаар хотод ч гэлтгүй олон аймгуудад хүндрэлтэй байгаа юм. Уг асуудлыг  шийдэж,  БОНХАЖ-ийн сайд Н.Батцэрэг анхааралдаа авч шуурхай арга хэмжээ авсны үр дүнд самар бэлтгэх хугацааг наашлуулсан тушаалыг гаргалаа.

Уг тушаалд “Үйлдвэрлэл болон ахуйн зориулалтаар хуш модны самрыг 2015 оны аравдугаар сарын 01-нээс эхэлж түүж бэлтгэхийг зөвшөөрсүгэй” гэсэн байна.   БОНХАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Банзрагч “Энэ жил өмнөх жилүүдээ бодоход самрын гарц их байгаа. Гэвч гарц их байгаатай холбогдуулан иргэд болц гүйцээгүй самар бэлтгэн борлуулах нь их байна.

Энэ нь байгальд болон бидний эрүүл мэндэд хор уршигтай. Болц нь гүйцээгүй самар халдварт өвчин тараах, үүсгэх эрсдэл өндөр байдаг. Тийм учраас эрсдэл өндөртэй үеийн самар худалдан авахгүй байх нь зүйтэй юм. Самар бэлтгэх хугацаа 10 сарын нэгэн болгох нь экологи болон биологийн хувьд асуудал үүсгэхгүй” гэлээ.

Самар бэлтгэх газруудыг үйлдвэрлэлийн зориулалтаар ахуйн зориулалтаар хэмээн тус тус заасан бөгөөд самрын ургац маш муу болон муу байгаа зарим нутгийн ойн сангаас хуш модны самар бэлтгэхийг хориглосон байна хэмээн БОНХАЖЯ-ны Хэвлэл мэдээлэлийн албанаас мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих