Хэсэг бүлэг хүмүүс бизнесийн ашиг орлогоо нэмэгдүүлэхийн тулд ИТХ-ын эрх мэдлийг хүчээр булаан авахаар оролдсон нь бүтэлгүйтэв
Өнөөдөр Аймгийн ИТХ-ын дарга Р.Зоригтбаатар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр баасан гарагт хуралдсан Аймгийн ИТХ-ын 14-р хуралдаанаар намын бүлэглэлүүд хурлын эрх мэдлийг хүчээр булаан авч, албан тушаалаас нь огцруулах шийдвэр гаргуулсан гэж үзэж буйгаа мэдэгдсэн юм. Хуралдаан хууль бус болсон тул тэрээр Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа ажээ.
Р.Зоригтбаатар:
Сэтгүүлчид Та бүгдийн амгаланг айлтгая.
Та бүхэнд цаг үеийн асуудлаар улс төрийн түвшинд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар бодит зөв мэдээллийг өгөх зорилгоор уулзаж байна.
Өнгөрсөн 5 дахь өдөр буюу 9-р сарын 11-ний өдөр аймгийн ИТХ-ын 14 дүгээр хуралдаан болсон. Хурлын даргын хувьд хурлыг эхлүүлж хурлыг үргэлжлүүлэх гэсэн боловч хурал хуралдуулах боломжийг 1,2 Төлөөлөгч олгоогүй. Тухайлбал: Ардчилсан намаас аймгийн ИТХ-д сонгогдсон Г.Болдбаатар, Д.Ганцогт нарыг аймгийн ИТХ-д нэр дэвшүүлсэн нам нь эгүүлэн татсан шийдвэр гаргасан юм билээ. Энэ шийдвэр шүүх дээр шийдэгдсэн байдаг юм байна.
Шийдвэрийн энэ мэдэгдлийг Төлөөлөгч Ч.Энхболд Хурлын ажлын албанд 2015 оны 09 дүгээр сарын 09-нд өгсөн. Тус мэдэгдлийг уншиж хурал дээр шийдвэр гаргахад 2 Төлөөлөгч хурал хуралдуулах боломж олгоогүй. Тийм учраас хурлыг түр завсарлуулсан. Гэтэл Мөнхтөр, Болдбаатар тэргүүтэй хэсэг нөхдүүд хууль ёсны Хурлын даргыг байсаар байтал хурлын даргын санал болгоогүй Төлөөлөгчөөр хурал удирдуулж хурлыг хийсэн байдаг.
Энэ үйлдэл нь Монгол Улсын хуулийг зөрчсөн үйлдэл болсон.
Тодорхой хэлбэл: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.6 дахь заалтад “Анхдугаар хуралдааныг шинээр сонгогдсон Төлөөлөгчдийн насаар хамгийн ахмад нь, бусад хуралдааныг Хурлын дарга, түүний эзгүйд Хурлын даргын санал болгосноор Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орсон Төлөөлөгчдийн аль нэг нь нээж удирдана” гэж заасан байдаг. Цагаан дээр хараар тодорхой бичсэн байгаа.
Гэтэл хурлын даргыг байсаар атал, Хурлыг албан ёсоор завсарлуулсан байхад П.Мөнхтөр, Г.Болдбаатар нарын Төлөөлөгчид хуйвалдан хурлыг С.Мөнгөнбатаар удирдуулж хэд хэдэн шийдвэр гаргасан байна.
Хурлын даргыг огцруулж, хурлын шинэ даргаар хотын дарга П.Мөнхтөр буюу Уулааг сонгосон хууль бус шийдвэр гаргасан. Тийм учраас хууль бус хурлын шийдвэрийг Захиргааны хэргийн шүүхэд өгсөн. Асуудал шүүх дээр байгаа.
Хурлын эрх мэдлийг хүчээр булаан авах цаад зорилго нь нам намд байгаа хөрөнгө мөнгөтэй 2,3 хүний бий болгосон бүлэглэлийн сонирхол. Ашиг сонирхлын төлөөх тэмцэл дайн гэж хэлж болно. Хэрэв шаардлагатай гэвэл тодорхой баримт жишээтэй хэлэх боломжтой.
Хурлын эрх мэдлийг хүчээр булаан авч өөрсдийн бизнесийн ашиг орлогыг нэмэгдүүлэх сонирхол байна гэж би хардаж байна. Бас тэгж ойлгогдож байна.
Дорнодын олон иргэд, Төрийн албан хаагчид ярьдаг. Эрх мэдэлд хүрсэн хүмүүс намын нэр, албан тушаалаараа дарамталж хууль бус шийдвэр гаргуулах гээд хэцүү байна. Зарим нь шийдвэр болж байна гэж ярьж, хэлж байгаа олон хүн бий.
Энэ мэт бусармаг хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор миний бие энэ хариуцлагатай албан тушаалд томилогдсон үедээ хатуу тэмцэхээр шийдэж, ИТХ-д хуулиар олгогдсон бүрэн эрхийг нь хэрэгжүүлэхийн төлөө олон ажлыг хийсэн, хийж байгаа, цаашид хийнэ.
ИТХ гэдэг байгууллага бол аймаг, орон нутгийн хөгжлийн бодлогыг бодож, бодлогын шийдвэр гаргадаг, мөн гаргасан шийдвэрийнхээ хэрэгжилтэд хяналт тавьдаг байгууллага. Тийм учраас хяналтыг хатуу тавьж эхэлсэн нь зарим хүмүүсийн эрх ашигт нөлөөлж намайг огцруулах ажлыг зохион байгуулж эхэлсэн.
Надад хууль бус үйлдэлтэй тэмцэх эр зориг, хүмүүжил байна. Дорнодынхон манайхныг сайн мэднэ. Миний аав, ээж хоёр насаараа Дорнод нутгийнхаа зон олны эрүүл энхийн манаанд зогссон, тангараг өргөсөн эмч хүмүүс байдгийг манай нутгийн ард иргэд сайн мэднэ. Тэд ариун цагаан хөдөлмөрөө Төрдөө үнэлүүлсэн ачтай гавьяатай хүмүүс. Би ийм гэр бүлд төрж, өсөж, хүмүүжсэн.
Аав, ээж минь намайг Төрийн хүн шударга байж Төрдөө, ард иргэддээ үнэнч байхыг зааж сургаж ирсэн. Ийм учраас миний хийж байгаа бүхэн Унаган нутгийнхаа ард иргэдийн сайн сайхны төлөө байдаг юм.
Хууль бус зүйлтэй тэмцэж бид л өөрчлөх ёстой гэдэгтээ би бат итгэдэг. Бид дараа үедээ шударга төр хүлээлгэн өгнө.
Эцэст нь хандаж хэлэхэд Ийм хууль бус аргаар увайгүй улс төр хийж төрийн эрхийг авна гэж бодож байвал том эндүүрч байна гэж хэлмээр байна. Энэ аймагт нутгаа гэсэн сэтгэлтэй шударга зоригтой хүмүүс байдаг юм шүү. Бүхнийг зоосны нүхээр харж, мөнгөний төлөө нэр төр, хүн чанараа гээсэн нөхдүүдээр өөрийгөө хүрээлүүлчихээд бизнесийн эрх ашгийн төлөө аймаг орон нутгийг минь золиослох гэж байгаа энэ нөхдүүдтэй бид хатуу тэмцэх болно гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Монгол Улсын Иргэн бид Хуулиндаа захирагдаж хийж байгаа үйлдлээ хуулийн хүрээнд л хийх ёстой. Тэр тусмаа ард иргэдийн Төлөөлөл болсон Төлөөлөгчид, төрийн албан хаагчид бид Төрийнхөө өмнө үнэнч шударга байж Хуулийн хүрээнд ажиллах ёстойгоо ухамсарлах хэрэгтэй.
Та нар намайг албан тушаалын төлөө тэмцэж байна гэж ойлгох хэрэггүй. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэж цаг нь болохоор би ажлаа өгнө. Гэхдээ хуулийн дагуу шударгаар хүлээлгэж өгөх болно.
URL: