Н.Энхбаяр: Монголын ард түмэн та бидэн рүү харж байна
МАХН–аас ”Намын анхан шатны байгууллага-2015” зөвлөгөөнөө энэ сарын 9,10-ны өдрүүдэд Баянгол, Баянзүрх дүүрэгт зохион байгуулсан юм. Энэхүү зөвлөгөөнд МАХН–ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Би МАХН–ын даргаар ажиллаж байхдаа 1998-1999 оны үед намын анхан шатны байгууллагын зөвлөгөөн хийсэн юм. Анхан шатны байгууллагын дарга нар маань тэр уулзалтад маш идэвхтэй оролцсон. Эхний өдөр зөвлөгөөнөө хийчихээд орой нь бие биетэйгээ уулзаж, зарим нь танилцах арга хэмжээ болсон. Харин дараагийн өдрийн хурлаар намын даргын хувьд би анхан шатны байгууллагын хийх ажлын талаар өөрийн санаа бодлоо хуваалцаж намаас баримталж байгаа бодлогыг тайлбарлаж өгсөн. Хоолой хатаж, сөөсөн учир индэр дээр надад ус авчирч өгсөн юм.
Би уснаас уугаад үгээ хэлж дуусаад буухад миний дараа Дорнод аймгийн Дашбалбар сумын намын анхан шатны байгууллагын дарга гарч ирсэн. Гарч ирэнгүүтээ миний ууж байсан уснаас балгаснаа “Дарга нарт архи тавьдаг гэж чи худлаа ярьсан байна шүү” гэж хажуудаа сууж байсан хүнд хандаж хэлсэн. Заал дүүрэн гишүүд эхлээд гайхаж байснаа учрыг ойлгож инээлдэж билээ. Энэ мэтчилэн намын ажил хийж байхад сонирхолтой, хөгжилтэй үйл явдал дурсамж олон байдаг.
Би энэ уулзалтаараа дөрвөн асуудлаар үг хэлье гэж бодлоо.
Маргааш буюу есдүгээр сарын 10-ны өдөр “Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болох гэж буйг тохиолдуулан хэлэхэд, МАХН түүхээ мэддэг, түүхээ хэнээс ч айхгүй авч яваа, алдсан оносон аль алийг нь үүрч яваа нам юм. Тиймээс хэлмэгдүүлэлт ахин Монгол оронд минь давтагдах ёсгүй гэдэг үүднээс санал бодлоо солилцоно.
Монгол Улс хүнд хэцүү байдалд орсон нь төр бодлогогүй явснаас болов уу, бодлоготой байснаа бодлогоосоо ухраад ийм байдалд оров уу гэдгийг тодорхой баримтаар хэлье. Мөн эндээс гарах ямар гарц байна гэдэг дээр санал бодлоо хуваалцъя. Мэдээж 2016 онд бид юу хийх ёстойг ч бүгдээрээ ярилцъя.
Хэлмэгдэл бол хүсээд байхааргүй, үнэхээр аймшигтай үзэгдэл. Хэлмэгдэл бол хүчний байгууллагыг ашиглаад төрд шургалсан дарангуйлагчид өөрийнхөө улстөрийн өрсөлдөгч болон үзэл бодол таарахгүй байгаа хүмүүсийг болон хань хамсаатан, найз нөхөд, гэр бүлийг нь хэлмэгдүүлэх, бүр явсаар байгаад зөвхөн нэг үндэстнийг аймаглан устгадаг хэлбэрээр илэрдэг хүн төрөлхтний түүхэнд тохиолдсон хамгийн аймшигтай үзэгдлийн нэг. Үүнийг бүх хүн төрөлхтөн дахин давтах ёсгүй. Хэлмэгдлээс хамгаалсан олон хууль тогтоомж, конвенц гарсан байдаг ч харамсалтай нь хүн өмнөх алдаанаас сургамж авахын оронд дахин давтан гаргадаг. Тэр алдааг албан тушаалтан гаргадаг учир хэлмэгдүүлэлтийг дахин давтуулахгүйн тулд улс төрийн хүчнүүд хамтдаа, хамтдаа чадахгүй бол ухамсартай улс төрийн хүчин ганцаараа ч болов эр зориг гарган хэлмэгдүүлэлтийн эсрэг тэмцэх шаардлагатай байдаг. Хэлмэгдүүлэлт нэг хүнээс эхэлдэг ч таслан зогсоохгүй бол нийт ард түмнийг хамардаг. Хэлмэгдэл гэх аймшигтай үзэгдэл Монголд газар авч эхэлж байгаа учраас бид олон түмэндээ сэрэмжлүүлэн хэлж, таслан зогсоох ажлыг хамтдаа хийе гэж уриалан дуудаж байна.
МАХН–ыг хэлмэгдүүлэлтийн асуудалд буруугаа хүлээж, уучлал гуйх ёстой, тэр байтугай нөхөн олговрын асуудлыг хариуцах ёстой гэсэн шүүмж, дайралтууд ирдэг. Энэ бол цаанаас нь зориуд өдөөн хатган турхирч явуулж байгаа шүүмжлэл эсвэл мэдэхгүй мэдээлэлгүйдээ, ёс суртахууны талаасаа зөв гэж бодсон шүүмжлэлийн аль нь ч байсан бид сонсоод хариулах ёстой.
Л.Эрдэнэтуул судлаач МАН, МАХН хоёр намын тухай ярихдаа “МАН бол шинэ нам болсон. Түүхээсээ айсан, түүхээ авч явж чадахгүй гэдгээ ойлгоод сайн дураараа түүхээ, хувьсгалт гэдэг үгтэй нь авч хаясан. Тиймээс МАН туршлагагүй, зорилгогүй, үзэл баримтлал нь тодорхойгүй, ямар үнэт зүйлтэй нь мэдэгдэхгүй, албан тушаалын төлөө гуйж орж, хөөгдөж гардаг цоо шинэ нам болж хувирсан” гэж ярьсантай би санал нэг байгаа. Уг нь их мундаг нам байсан. Өнгөрсөн түүхээ авч үлдэх эр зориг та бидэнд байсан учир бид хэнээс ч ичихгүй МАХН гэсэн нэрээ малгай дээрээ залчихаад, өмсөөд сууж байна. Энэ малгай дээр байгаа дөрвөн үсэгт монголчуудын XX зууны түүх тэр аяараа бичигдсэн байгаа. Алдаа нь ч бий, ололт нь ч бий. Бурхан л алддаггүй байх, хүнээс бүрдсэн нам учир алдана. Хамгийн гол нь бид алдаагаа сургамж болгон засах гэж оролдож байгаагаараа онцлог. Харин МАН–ынхан алдаагүй болж харагдах гэж хувьсгалт гэдэг үгээ авч хаясан. Тэгснээрээ алдаагаа заслаа гэж бодох шиг том төөрөгдөл байхгүй.
Тиймээс бид өнөөдөр хамт олноороо цуглаж, уулзаж байгаагаа ашиглаад МАХН–ын өмнө хийж байсан алдааны өмнөөс уучлал гуйхдаа нэрэлхэх, айх юм байхгүй. Ёс суртахууны уучлалыг бид гуйна. Хэдийгээр өнөөдрийн бид, Н.Энхбаяр би тэр алдааг, тэр хэлмэгдүүлэлтийг хийгээгүй ч тухайн үеийн түүхийн нөхцөл байдалд намын удирдлагууд маань алджээ. Бид тэднийхээ алдааг ч, ололтыг ч авч явна. Монголын төр, засаг алдаж, онож ирсэн. Монгол Улсынхаа алдааг засах гэж нэрийнх нь нэг үсгийг хаях юм уу. Бид бүтэн зургаан үсэгтэй Монгол байна. Энэ зургаан үсэгт алдаа оноо, эзэн Чингис, алдсан Х.Чойбалсан, урвасан хүмүүс, босоогоороо эх орныхоо төлөө үхсэн баатрууд ч байх ёстой. Энэ түүх өөрөө ийм баян юм. Энэ баян түүхийг хамгаалж бид МАХН гэсэн нэрээ нэр төртэй авч явна.
Гэхдээ бид өнөөдөр хэлмэгдэж байгаа нам. Биднээс ямар нэгэн нөхөн олговор шаардаад утгагүй. Яагаад гэвэл тухайн үед Үндсэн хуульд “МАХН нийгмийг тэргүүлэн чиглүүлэгч хүчин мөн” гэж зарласан, нам төр хоёр хамт байсан учраас алдаа оноо, мөнгө санхүү бүгд намын ч, төрийн ч асуудал байсан юм. Нэгэнтээ 1990 онд энэ ойлголт, зарчим Үндсэн хуулиас хасагдаж төр, нам салж оршин тогтнож байгаа учраас бид ёс суртахууны уучлал гуйх эрх үүрэгтэй үлдсэн. Харин төлбөрийг нь олгох үүрэг төрд үлдсэн. Төр үүнийгээ хийх ёстой. Тэр утгаараа манай УИХ–ын гишүүн Л.Цог, О.Баасанхүү нар хэлмэгдсэн хүмүүсийн үр сад 400 гаруй хүмүүст сар бүр авах тэтгэвэр дээр 100 мянган төгрөг нэмэх, хамаатан садны 20 мянга гаруй хүнд нөхөн олговорт их наяд төгрөг хэрэгтэй гэсэн хуулийн төсөл санаачлаад ажиллаж байна.
Энэ мэтчилэн алдаа оноогоо мартдаггүй нам учир бид ч, УИХ–ын гишүүд маань ч ажиллаж байна. Энэ хууль батлагдана гэж баттай хэлж чадахгүй. Учир нь бид УИХ–д 10-уулаа байгаа шүү. Гэхдээ хариуцлагыг 76 хүн шиг авч яваа. Санаачилсан хуулийн төслүүд, бидний амлалт бодлого яг кноп дарахаар 10 хүн багадаад хэрэгжихгүй байна. Гэвч бид зүтгээд, хууль санаачлаад байна. Цаашид ч энэ эрчээрээ ажиллах болно. Харин 2016 онд ард түмэн бидэнд итгэж, саналаа өгч олонхийн суудал өгөх юм бол энэ бүх амлалтаа хэрэгжүүлж, цаасан дээр байгаа зүйлсээ бодит ажил, үр дүн болгоно.
Өнөөдрийн хэлмэгдүүлэлт хэрхэн явагдаж байгааг би таамгаар, сураг ажгаар ярих бус өөрийн амьдрал дээр тохиолдсон, одоо ч тохиолдож байгаа, магадгүй 2016 оны сонгууль хүртэл үргэлжлэх хэлмэгдүүлэлтийг тодорхой жишээн дээр ярьж өгье. Бид ажил, амьдрал, хуулийн тодорхой зүйл заалт ярьдаг нам.
Үндсэн хуульд хэлмэгдүүлэлтийг гаргахгүйн тулд маш тодорхой заалтууд оруулсан байдаг. Жишээлбэл, “Монгол Улсын иргэнийг эх орноос нь хөөхийг хориглоно” гэж заасан байдаг. Гэтэл намайг ил, далд бүх хэлбэрээр хөөж, занаж байгаа. Эх орондоо ирэхээр “Одоо хурдан яв, үгүй бол барилаа шүү” гэж заналхийлдэг. Энэ талаар тухайн үед ард түмнээ цочоогоод яах билээ гэж бодоод хэлдэггүй байсан болохоос манай УИХ–ын гишүүд мэддэг байсан. Гэтэл заналхийлэгч хүн маань өөрөө Прокурорын байгууллагын 85 жилийн ойгоор шууд нэвтрүүлгээр хэн захиалж хийгээд байгаагаа нэг цаг 40 минут ярьж ард түмэнд зарласан учир би одоо хэлж байгаа юм.
Тиймээ тэр хүн намайг хөөж байгаа. Гэхдээ би хөөгдөхгүй, би эх орондоо байна, хэлмэгдсэн ч байна.
Үндсэн хуулийн 16.6-д “Эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй” гэж заасан байдаг. Намайг хэлмэгдүүлж шоронд оруулчихаад эмнэлгийн тусламж авах эрхийг минь хасч байсан. УИХ–ын гишүүн О.Баасанхүү тэр үед миний өмгөөлөгчөөр ажиллаж байсан. Шүүхийн шийдвэр биелүүлэх газрынхантай, хууль хяналтын байгууллагынхантай чадах ядахаар үзсэн. Эмчийн магадлан гаргуулах гэхээр эмчийг нь дарамталж, хөөж, сольдог, тусгай даалгавар өгсөн эмч нарыг томилж, тэд нар нь миний эрүүл мэндийн асуудлыг эрүүл гээд бичээд сууж байдаг. Өлсгөлөн зарлаад хүнд хэцүү байдалтай байхад намайг ортой хүлээд миний бөгс рүү хүчээр тос шахаж, хямарсан байдлыг түр хугацаагаар сааруулах эмчилгээ хийж байсан. Үүнд би дургүйцэж, эгдүүцэж, эсэргүүцсэн. Тэр эсэргүүцлийг улс орон даяар цацаж намайг бүдүүлэг хүн гэж зарласан. Тийм ажил хийсэн хүмүүс өөрсдөө 12 хоног нэг ч дусал ус уухгүй эрх чөлөө, шударга ёсны төлөө өлсөж үзэх хэрэгтэй. Тэгээд хүчээр амьд явах эрхэнд чинь халдаж, эмчлүүлэх эрхэнд чинь халдаж хүчээр аврах нэрийдлээр амь насанд нь хор хохирол учруулах гэж оролдоход түүнээс өөр яаж тэмцэх билээ. Тэр өдөр миний өмгөөлөгч О.Баасанхүү над дээр орж ирэхэд би ард түмэндээ хандаж үгээ хэлснийг бичиж аваад хэвлэлээр цацсан. 12 хоног дусал ус уухгүй, ширхэг будаа идэхгүй өлсөхөд хүний тагнай хэл хоёр нийлдэггүй, хэл цуурдаг юм билээ. Тиймээс миний дуу хоолой өөрчлөгдсөн байсан. Хэдий тийм ч би үгээ хэлж, ард түмний сонорт хүргэсэн. Ард түмэн бодит байдал юу болж байгааг бүрэн биш ч заримыг ойлгосон байх.
Үндсэн хуульд заасан эрх нь зөрчигдөж байгаа хүнийг хэлмэгдсэн хүн гэдэг.
Мөн Үндсэн хуулийн 16.9 зүйлд “Төрийн байгууллагад сонгогдох, сонгох эрхтэй” гэж заасан байгаа. МАХН–аас нэр дэвшсэн хэд, хэдэн хүнийг нэрсийн жагсаалтаас хассан. Намайг хасахдаа хэд хэдэн ноцтой зүйлийг зөрчиж хассан.
Нэгдүгээрт, намайг УИХ–ын гишүүнээр ажиллах мэдлэг боловсрол хүрэхгүй гэсэн үндэслэлээр хассан. Би одоогийн 76 гишүүнээс мэдлэг боловсролоороо илүү байдаггүй юмаа гэхэд дутуу биш. Дутуу байлаа гэхэд үндсэн хуулинд “Хүнийг мэдлэг боловсролоор нь ялгаварлан гадуурхаж болохгүй” гэж заасан байдаг. Тиймээс би мэдлэг боловсрол дутуу ч УИХ–д орж тэднээс суралцъя даа.
Хоёрдугаарт, “Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хэнийг ч гэм буруутайд тооцож болохгүй” гэж Үндсэн хуульд заасан байдаг. Гэтэл СЕХ намайг гэм буруутай болох гэж байгаа учраас гээд жагсаалтаас хассан. Энэ хэлмэгдүүлэлт биш гэж үү. Шүүх хурал болоогүй байхад тэд шийдвэр гаргасан байж л дээ.
Гуравдугаарт “Аль нэг нам олон нийтийн байгууллагатай эвлэлдэн нэгдсэний төлөө ялгаварлан гадуурхаж, хэлмэгдүүлэхийг хориглоно” гэж Үндсэн хуульд заасан байдаг. Би МАХН–ыг авч үлдэхийн төлөө, та бүхэнтэйгээ нийлж зүтгэснийхээ төлөө хэлмэгдсэн. Хэчнээн жил, сараар манай намын нэрийг өгөхгүй зүтгэлээ, яаж янз бүрийн худлаа тайлбар гаргаж, яаж заналхийллээ. Гэхдээ би айгаагүй. Энэ бол ганц миний асуудал биш. Монголын ХХ зууны түүхийг авч үлдэх, Монголын ард түмний бахархлыг авч үлдэх, ой санамжийг хадгалах, алдааг нь засах, ололтыг бэхжүүлэх том үйл хэргийн төлөө та бүхэнтэйгээ явж байсан учраас би энэ бүхнийг сөрсөн.
Дөрөвдүгээрт, “Хуульд заасан үндэслэл журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгиж, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно” гэж Үндсэн хуулийн 16.13-т бичсэн байдаг. Намайг баривчилсан дөрөвдүгээр сарын 12-ны орой шүүхийн шийдвэр гараагүй байсан. Ажлын цаг дууссан байхад шүүхийнхнийг хуралдуулахгүйгээр 19.30 цагт шүүгч эмэгтэйгээр намайг баривчлах шийдвэр гаргуулсан. Энэ бол хууль бус баривчилгаа болсон. Бүх үйл ажиллагаагаараа Үндсэн хуулийг зөрчсөн. Манай З.Баянсэлэнгэ гишүүнийг цагдаад халдсан гэсэн үндэслэлээр барьж 14 хоног суугаад гарсан. Эмэгтэй хүнд зодуулаад бэртэж гэмтдэг цагдаа нар байдаг юм билээ.
Тавдугаарт, “Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн түүний гэр бүлд хуульд заасан хугацаанд мэдэгдэх ёстой” гэж заасан байдаг. Намайг хаашаа авч явсныг манай гэр бүлийнхэн, өмгөөлөгч мэдээгүй. Намайг хаана байгааг хэдэн өдөр нуун дарагдуулсан. Орчин үеийн Монголд эр нөхөр, аав, үр хүүхдийг нь аваад явж байхад аав ээж, хань ижил, хүүхдүүд нь мэдэхгүй нэг ч цаг байж болохгүй шүү дээ. Энэ хэлмэгдүүлэлт биш гэж үү. Мөн шүү дээ. Үүнийг хэн хийсэн юм бэ. Хэний захиалга даалгавраар хийснийг тэр хүн өөрөө илчилсэн учир би ийм зоригтой хэлж байна.
Зургадугаарт, “Өөрийн болон гэр бүлийн гишүүд эцэг эх үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй” гэж 16.14-д бичсэн байгаа. Намайг янз бүрээр дуудаад байхаар нь би эхлээд гэрчийн мэдүүлэг өгчихөөд “Үүнээс илүү хэлэх юм алга, би өөрийнхөө эсрэг та нарын шаардаж байгаагийн дагуу мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй” гэсэн хүсэлтээ АТГ–т бичгээр явуулсан. Гэтэл намайг мөрдөн байцаалтаас зайлсхийсэн, зугтсан гэж баривчилсан. Намайг гэрчээр дуудаж мэдүүлэг авангуутаа дараа нь сэжигтэн, яллагдагч болгосон.
Надтай холбоотой асуудлаар хэн ч хохироогүй. Хохирогчтой байж хэрэгт тооцогддог биз дээ. “Улаанбаатар таймс сонины асуудлаар, нурсан хэвлэлийн үйлдвэрийн доорх газрыг намайг авч улсыг хохироосон” гэсэн шинжээчийн худал дүгнэлт гарсан. Би шүүх хурал дээр “Тэр газрын гэрчилгээ хэний нэр дээр байгаа вэ” гэж асуухад “Улаанбаатар хотын захиргааны нэр дээр газрын гэрчилгээ байгаа” гэсэн.
Тэгвэл би яаж тэр газрыг авсан байх вэ. Миний нэр Улаанбаатар хотын захиргаа биш биз дээ. Миний нэр Энхбаяр шүү дээ. Ингэж л надад ял өгсөн. Мөн миний туслах Б.Тулгын ах Улаанбаатар хоттой гэрээ байгуулаад, Улаанбаатар хотын өмчийг тэр төсөлдөө оруулаад, өөрөө хөрөнгө гарган жижиг зочид буудал засч авсныг намайг Улаанбаатар хотын өмчийг үнэгүйдүүлж авсан гэж буруутгасан. Гэтэл тэр бас л Энхбаяр гэдэг хүнийх биш Б.Тулгын ах Б.Хуяг гэдэг хүний нэр дээр байсан. Тэр Б.Хуяг бие даасан хүн биз дээ. Намайг танихгүй хүн Монголд байхгүй. Гурван сая хүний хэн нэг нь ямар нэг хэрэг хийхээр ард нь Энхбаяр ял үүрээд байж болохгүй биз дээ. Тэр байтугай миний хүүхэд, эхнэр ч бие дааж хариуцлагаа үүрэх ёстой. Гавьяа байгуулбал гавьяагаа эдлээд, алдаа гаргавал өөрсдөө хариуцлагаа үүрэх ёстой. Гэтэл хаа байсан туслахын ах надад ямар хамаа байх билээ.
Б.Хуяг гэгч Улаанбаатар хотын өмчийг яаж хохироосон юм бол гээд үзтэл юу ч үнэгүйдүүлээгүй байдаг. Харин ч 150 саяын үнэтэй байсан объектийг дахин үнэлгээ хийлгэж 450 саяар үнэлүүлсэн тэрийгээ төслийн тодорхой хувь болгон гэрээ байгуулж оруулаад Улаанбаатар хот 450 сая төгрөгийн өмчийн оролцоотой гэж төсөл хэрэгжүүлээд өөрөө тэрбум 400 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулж тэр жижиг зочид буудлыг зассан юм билээ.
Ямар ч хохирогчгүй, ямар ч үндэслэлгүй, надтай ямар ч холбоогүй энэ хоёр асуудлаар надад ял өгсөн. Энэ хэлмэгдүүлэлт биш өөр юу байх билээ.
“Гэм буруутны ял зэмийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл садан, найз нөхдөд халдаан хэрэглэхийг хориглоно” гэсэн хуулийн заалтыг ч зөрчсөн.
Үндсэн хуулийн 16.16-д “Монгол Улсын иргэн тайван жагсаал цуглаан хийх эрх чөлөөтэй” гэсэн байдаг. Гэтэл З.Баянсэлэнгэ энэ муухай хэлмэгдүүлэлтийн эсрэг тайван жагсаал хийж байгаад баригдаж 14 хоног шоронд сууж хэлмэгдсэн. Эмэгтэй хүн, хүүхэдтэй хүн нэг ч хоног тэр газар суух хэрэггүй шүү дээ.
Монгол Улсын иргэн “Гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй” гэж Үндсэн хуулийн 16,11-д заасан байдаг. Миний гадаад явах эрхийг хаадаг. Одоо бас хаасан байгаа, эсвэл орж ирэхийг хориглож заналхийлдэг. Үндсэн хуулийг ингэж шат болгонд зөрчиж байна. Энэ бол хэлмэгдүүлэлтийн маш том жишээ юм. Ашгүй хэлмэгдүүлсэн эзэн нь өөрөө олон нийтийн өмнө гараад ирсэн.
Үндсэн хуулийн 30.1-д “Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн” гэж заасан байдаг. Тиймээс би Ерөнхийлөгч байхдаа “Эвтэй бол хүчтэй” гэж ярьж, зорьж, ажиллаж байсан. Гэтэл өнөөдрийн Ерөнхийлөгч хагалан бутаргаж, айлган сүрдүүлж, хууль шүүхийн байгууллагыг өөрийн явцуу эрх ашгийг биелүүлэхийн төлөө зориуд захиалгаар ажиллуулж байна. Айсан, эмээсэн, мэгдэн сандарсан эв нэгдэл гэж юу байх билээ. Энэ бол үндсэн хууль зөрчсөн үйл ажиллагаа юм.
УИХ онцгой бүрэн эрхийнхээ дагуу өршөөл үзүүлэх эрхтэй, Ерөнхийлөгч уучлал үзүүлэх эрхтэй байдаг. УИХ өөрийнхөө онцгой бүрэн эрхийн дагуу өршөөл үзүүлэхээр “Үүний цаана Н.Энхбаярыг хамгаалж өмгөөлж байгаа учир хориг тавина. Хоригийг УИХ хүлээж ав, хүлээж авсны дараа прокурорууд ажиллаад цаадахаа шоронд хий” гэсэн даалгаврыг Ц.Элбэгдорж өгч байна. Тэгвэл Ц.Элбэгдорж уулчлал үзүүлэх эрхээ эдлээд хууль зөрчөөд Ж.Капла гэдэг хүнийг шоронгоос сулласан. Шоронгоос гарсан хүнийг бус хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгаа Ерөнхийлөгчийг шүүмжилж байгаа юм. Ядахдаа хуульд нийцүүлж бүх шатны шүүхийн шийдвэр гарсны дараа уучлал үзүүлэх ёстой байсан. Үндсэн хуулийн 50.2-т “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байна” гэж заасан байгаа. Гэтэл Каплагийн хэрэг анхан шатны шүүхээс дөнгөж шийдвэр нь гараад давж заалдах ажил эхэлж байхад буюу шүүхийн эцсийн шийдвэр гарахаас өмнө Ерөнхийлөгч уучлал үзүүлнэ гэдэг Үндсэн хуулийг зөрчсөн үйл ажиллагаа юм.
Тиймээс Ж.Капла эргээд өөрийн төлөх ёстой 35 тэрбум төгрөгөө төлөхгүй гээд давж заалдсан. Давж заалдах үйл явц дуусаагүй байхад уучлал үзүүлж болохгүй шүү дээ. Энэ нь Үндсэн хуулийн 49.2-т “Ерөнхийлөгч шүүгчийг шүүн таслах эрхээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй” гэж заалтыг бүдүүлгээр зөрчсөн. Бүх шатанд шүүхийн үйл ажиллагааг Ц.Элбэгдорж удирддаг. Удирдсан учраас надад ямар ч үндэслэлгүйгээр ял өгсөн. Намайг 150.3-аар зүйлчилсэн. Энэ зүйл анги нь миний ойлгосноор байгууллагын өмч хөрөнгийг итгэмжлэн авч яваа хүнд хамаатай юм билээ. Энгийнээр яривал өлгүүрт ажиллаж байгаа нэгэн хүний пальтог аваад оронд нь дугаар өгчихөөд харж хандаж чадалгүй алдсан тохиолдолд энэ заалтаар шийтгэх юм билээ. Эсвэл байгууллагын нягтлан, няравт хамаатай заалт. Байгууллагын хөрөнгийг шууд захиран зарцуулах үйл ажиллагаанд ямар нэг байдлаар холбогдож байгаа хүн алдаа дутагдал гаргасан бол энэ заалтаар буруудах юм билээ. Ийм засварыг УИХ оруулаад шүүхийн шийдвэр гаргасан юм билээ. Тэгвэл Ерөнхийлөгч байсан би яаж “Улаанбаатар таймс” сонин, нурсан байшингийн доорх газрыг захиран зарцуулах эрх эдлэх билээ, би яаж “Өргөө” зочид буудлын хөрөнгө оруулалтын асуудлыг хариуцах юм бэ. Надад ямар ч хамаагүй асуудлыг холбогдуулж 150.3-аар шийдсэн. Үүнтэй холбогдуулж Дээд шүүхийн тайлбар гарсан байдаг. Үндсэн хуулийн 50.2-т “Улсын дээд шүүхийн тайлбар хуульд харшилбал хуулиа дагаж биелүүлнэ” гэсэн байгаа. Дээд шүүхэд монгол хэлээ сайн мэддэггүй, эсвэл зориудаар мушгин гуйвуулж, хүнийг хэлмэгдүүлэх зорилгоор хууль тайлбарладаг хүмүүс байна гэж ойлгосон. Буюу гэдэг холбоо үгийг монгол хэлэнд ерөнхий нэрийг тодотгох утгаар хэрэглэдэг. Гэтэл дээд шүүх тайлбартаа албан тушаалтан гэдэг үгийг эсрэг утгатай үгтэй нь буюу гэсэн үгээр холбож тайлбарласан байсан. Дээд шүүхийн тайлбар буруу учраас бид хуулиа л барих ёстой шүү дээ.
Хэлмэгдүүлэлт гэхээр хэдэн мянган хүнийг бөөнөөр нь хорих лагерьт аваачиж хороохыг л хэлнэ гэж хүмүүс бодоод байдаг. Үнэндээ манайд өдөр тутамд хуулийн зүйл заалт, цэг таслал зөрчсөн хэлмэгдүүлэлт болж байна. Хүн харахгүй анзаарахгүй байгааг далимдуулж хэлмэгдүүлнэ гэдэг хамгийн аймшигтай.
Үндсэн хуулийн 54 дүгээр зүйлд “Хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд шүүхээр ил таслан шийдвэрлэнэ” гэсэн байдаг. Миний асуудлыг Нийслэлийн шүүх, Дээд шүүх дээр ил таслан шийдвэрлээгүй, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг оруулаагүй. Анхан шатны шүүх хурал дээр аз болж ТВ9 телевиз орж шууд дамжуулснаар ард түмэн маань хэрэг биш байна гэдгийг ойлгосон.
“Шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхтэй” гэж Үндсэн хуулийн 55.1-т заасан байдаг. Би өөрийгөө өмгөөлөх, саналаа хэлэх эрхтэй. Гэтэл Нийслэлийн шүүхэд, Дээд шүүхэд давж заалдахад өөрийгөө өмгөөлж оролцъё гэхэд таны өмгөөлөгч байхад болно гээд намайг оруулаагүй. Энэ Үндсэн хуулийг зөрчсөн үйл ажиллагаанууд хэлмэгдлийг авчирч байгаа юм. Шууд хууль зөрчиж, ёс зүйгүйгээр, хүнд хэцүү байдалд оруулж, дарамталж хэлмэгдүүлж байна.
Би өлсгөлөн зарлаад олон хоносон, бие нэлээд муудсан байхад өмгөөлөгч О.Баасанхүү намайг эргэж ирээд гайхаж цочирдсон. Өглөө, өдөр, оройн хоол гээд надад бууз бариад ирнэ. “Би өлсгөлөн зарласан учир идэхгүй” гэхээр “Манайх танд үнэртүүлэх, харуулах журамтай” гэнэ. Цаад утгаараа таныг зовоох ёстой гэж байгаа юм. Өлсөж цангасан хүнд буузны үнэр ямар байх билээ. “Би та нарын хүсэлтийн дагуу наад буузыг чинь идвэл шууд үхнэ шүү дээ. Олон хоног өлссөн учир шууд бууз идэж болохгүй. Та нар намайг зориуд үхүүлэх гэж байгаа юм уу” ” гэхээр “Тэрийг мэдэж байгаа ч манайх ийм журамтай, дарга нар заавал хоол аваачиж өг гэдэг” гэнэ. Үүнээс болоод О.Баасанхүү гишүүн “Та нар ямар хэрцгий яргачид, тамлагчид вэ” гэж бухимдаж байсан.
Намайг 24 цагийн туршид камераар бичиж байгаа мөртлөө үсэндээ нуусан солонгос тариагаа унтаж байхдаа тарьж өөрийгөө сэргээж байгаа гэж Шүүхийн шийдвэрийнхэн бичиж байсныг та бүхэн санаж байгаа байх. Хаанаас яаж тариа оруулж ирэх билээ. Үнэхээр би тариа тарьсан бол өлсгөлөн биш гээд тэд хэвлэлээр шууд зарлана шүү дээ.
Мөн эмч нарын дүгнэлт гарсны дараа таны өлсгөлөн зарласан хугацааг тооцож эхлэнэ гэж байгаа юм. Эмч нарыг цугласаар, дүгнэлтээ гаргасаар байтал цаг хугацаа явна. Бие махбод маань хоол авалгүй өлсгөлөнгийн үйл явц эхэлчихээд байна гэхэд журмаараа л болно гэнэ. Тэгэхээр нь би аргаа ядаад та нар тооцно уу, байна уу хамаагүй, би ямар хэн нэг хүний төлөө жүжиглэж байгаа биш. Нэгэнт Монголын ард түмэн, шударга ёс, эрх чөлөө, үндсэн хуулийнхаа төлөө Үндсэн хуульд заасан Монгол Улсын иргэн хүний эдлэх эрхийн төлөө өлсгөлөн зарлаж байгаа гэсэн. Ийм хэлмэгдүүлэлт өнөөдөр болж байна. Ахиад ч үргэлжлэх гэж байна. Хориг гэсэн нэрийдлээр Ц.Элбэгдорж хүмүүсийг урхидан барьж айлган сүрдүүлж Тавантолгойг авах гэж байгаа юм. Түүнээс биш авилгатай, авилгачидтай тэмцээд байгаа юм биш. Хэрэв тийм бол Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд хориг тавих байсан юм. Энэ хуулийг гаргаснаар луйварчид өөрсдийнхөө янз бүрийн аргаар олж авсан мөнгөө цэвэрлэж авах юм.
Хэлмэгдүүлэлт Монгол Улсад байна гэдгийг би хэн нэгэн хүний яриа сургаар бус өөрийнхөө туулж өнгөрүүлсэн амьдралаар, ирээдүйд ч зөрчигдөж мэдэх бодит жишээн дээр хөндөж ярилаа. Би бууж өгөхгүй, та бүхэн ч бууж өгч болохгүй. Бид бууж өгөхгүй бол Монголын ард түмэн бууж өгөхгүй.
Шударга ёсыг тогтоохын төлөө бүгдээрээ ард түмэнтэйгээ хамтарч тэмцье. Бидний тэмцэл амаргүй. Гэхдээ энэ тэмцлийн үр дүнд монгол хүн эх орондоо дуртай цагтаа ирдэг, эмчлүүлэх эрхээ эдэлдэг, шударга шүүхээр шийдүүлдэг, хэлмэгддэггүй, өмч хөрөнгөө булаалгадаггүй, гэр бүл, найз нөхөд, намаараа хоморголон хэлмэгддэггүй сайхан нөхцөл бүрдэнэ. Ийм Монголыг байгуулахын төлөө яваа учраас өнөөдөр тохиолдож байгаа саад бэрхшээлийг жижиг гэж бодон даван туулахын төлөө хамтдаа зүтгэе.
Бид түүхтэй, бодлоготой нам гэдгээ баталья. Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлогыг УИХ–аар хэлэлцэн гаргаж ном болгосон юм. Би Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа хөгжлийн асуудалд анхаарал тавьдаг хүмүүс, эрдэмтэдтэй хамтран гаргаж ирэн төрийн бодлого болгосон. Харамсалтай нь энэ төрийн бодлого өнөөдөр мартагдаж орхигдон хэрэгжихгүй байгаа нь Монгол Улсын хямралд орсон байгаагийн нэг шалтгаан. 2008 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр УИХ–аар батлагдсан энэ бодлогыг боловсруулах ажилд би шууд оролцсон. Боловсруулах ажилд оролцсон хүмүүс, баталсан УИХ–ын гишүүд бол үндэсний хөгжлийн цогц бодлогоороо дамжуулан Монгол Улсаа сэтгэл дотроо хийж, яаж хөгжүүлэх талаар бодсон хүмүүс гэдгийг зоригтой хэлж болно. Гэтэл энэ цогц бодлогыг төрийн бодлого болгож гаргасан хүмүүсийг УИХ–ын гишүүн байхад мэдлэг боловсролоороо гологдоно гэж үзсэн шүү дээ.
Энэ маш том бодлого учир зөвхөн 2015 он хүртэлх долоон жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр тавьж байсан бодлого зорилтуудаас хэлье. Тогтвортой ажилласан бол хэрэгжүүлэх боломж байсан. Эдийн засаг дунджаар 14-өөс доошгүй хувиар жил болгон өсч, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 5000 ам.доллараас дээш болно гэсэн боловч зорилтдоо хүрч чадаагүй. Учир нь төр энэ бодлогыг хэрэгжүүлэхгүй, төр засгийн үйл ажиллагаа хамгийн дээрээсээ эхлээд бүх шатандаа хямралтай байна.
Нүүрснээс газрын тосны болон химийн бүтээгдэхүүн гарган авах үйлдвэр бий болгох, газрын тосны бүтээгдэхүүний дотоодын хэрэглээний 50-иас доошгүй хувийг өөрийн үйлдвэрлэлээр хангах тухай зорилт бас дампуурсан.
Улаанбуудайн жилийн дундаж үйлдвэрлэл дөрөв дахин, төмс хүнсний ногооны жилийн дундаж үйлдвэрлэл 1,5 дахин өснө. Бас хэрэгжээгүй. Энэ жил харин ургац авч чадах уу, үгүй юу гэсэн байдалтай байна.
Хатуу хучилттай авто замын урт 8000 км–т хүрнэ. Говийн болон зүүн бүсэд төмөр замын сүлжээ барих ажлын 60 хүртэлх хувийг гүйцэтгэнэ. Хоёр дахь төмөр зам барих ажлын 70-аас доошгүй хувийг хийнэ. Гол төмөр замыг цахилгаанжуулах ажлыг шийдвэрлэнэ гэж 2008 онд зорилт дэвшүүлж байж. Хаана байна энэ төмөр зам, байхгүй. Тэд эмх замбараагүй байдлыг бий болгож байгаад Тавантолгой мэтийн том өмчийг өөрсдийн хармаанд хийх зорилготой байна. Үүнийг нь бид илчилснийхээ төлөө, ард түмэндээ авч өгөх гэснийхээ төлөө хэлмэгдэж байна.
Бид 2015 он гэхэд цахилгаан эрчим хүч экспортолж эхэлнэ гэсэн. Гэтэл одоо ч цахилгаанаа импортолсон хэвээрээ байна.
Бүсийн тулгуур төв, зарим хотын хүн амын тоо 50 мянгаас доошгүй болно гэсэн. Болоогүй хэвээрээ байна. Саяхан бид Ховдод очоод уулзалт хийхэд төвд нь 30-40 мянган хүн ам амьдарч байна.
Олон улсын жишигт нийцсэн болон түүнд ойртсон төрийн болон төрийн бус өмчийн Ерөнхий боловсролын цогцолбор сургуулийн тоог 10-аас дээш болгоно, олон улсын стандартад ойртсон хоёроос доошгүй их сургуультай болно гэсэн нь биелээгүй л байна.
Улаанбаатар хот болон томоохон хотуудын агаарын бохирдлыг бүрэн арилгаж, хог хаягдлын цогц менежментийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх замаар орчны бохирдлын эх үүсвэрийг эрс багасгана гэж бид зорьж байж. Биелүүлээгүй байна.
Ийм зорилт бидэнд байгаад, Монгол Улсад хөгжих бодлого байсаар байтал хэрэгжүүлэхгүй, хэрэгжүүлэх сонирхолгүй хэсэг хүмүүс байна. Бодлого гаргах ажилд хамгийн нөлөөтэй хүмүүст буюу Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид энэ бодлогыг хэрэгжүүлэх сонирхол алга. Харин Х.Баттулга мэтийн гишүүдэд бол ажиллах бодол байна. Бид аль долоон жилийн өмнө энэ бодлогоо баталж байхдаа хэрэгжихгүй байх эрсдлийг тооцож бичиж байж. Хууль тогтоомжийн хэрэгжилт сул байх, төр засгийн үйл ажиллагаа нааштай үр дүнд хүрэхгүй байх, төрийн институцын нэг нэгнийгээ хянах тогтолцоо сул, эрх мэдлийн хуваарилалт ойлгомжгүй, хариуцлага хүлээх этгээд байхгүй байх, шударга ил тод сонгууль явуулж чадахгүй байх, авлига өргөжин тэлэх нөхцөлд, нийгмийн хямрал ужиграх нөхцөлд энэ бодлого хэрэгжихгүй шүү, энэ байдлыг битий гаргаарай гэж урьдчилан сануулж, эрсдлийг тооцсон бүхэл бүтэн хэсгийг энэ бодлогод оруулж байж. Гэтэл өнөөдөр зориуд энэ хүмүүс төрийн бодлогын эсрэгээр ажиллаж байна. Үндсэн хуулийг зөрчиж, төрийн хөгжлийн бодлогыг үгүй хийж байна.
Одоо тэгвэл яах вэ. Өөрчилье. Үүний тулд 2016 оны сонгуулиар өөрчилье. Энэ өөрчлөлт амаргүй болно. Намайг, та нарыг, намыг, бид нартай адилхан бодож, ярьж байгаа бүх хүмүүсийг хэлмэгдүүлнэ. Тиймээс энэ өөрчлөлтийг хийх нь бидний хувьд хувьсгалын шинжтэй үйл ажиллагаа болно шүү. Та бүхэнд хандаж би өнөөдөр уриалж байна. 2016 онд Сонгуулийн хувьсгалыг бүгдээрээ Монгол Улсын хөгжлийн төлөө, хэлмэгдүүлэлтийг таслан зогсоохын төлөө, ардчиллыг жинхэнэ утгаар нь хийхийн төлөө, Тавантолгойг ард түмэндээ өгөхийн төлөө хийе. 2016 оны Сонгуулийн хувьсгалаас зарим хүн үнхэлцэгээ хагартал айж байгаа.
Энэ тэсэн ядан хүлээж байгаа ард түмний хүслийг бодитой ажил болгох хүч энд байна. Та нар бол, ахмадууд, дунд үе, залуучууд, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд салбар салбарын хүмүүс, хийж бүтээсэн юмтай, хийж бүтээж байгаа, хийж бүтээх сэтгэлтэй хүмүүст тэсэн ядан хүлээсэн хүлээлтийг бодитой ажил болгохоор энд хуран цугласан төлөөлөгчид.
Монголын ард түмэн та бидэн рүү харж байна шүү. МАХН–д итгэлээ өгөх үү, үгүй юу гэж харж байна. Тиймээс бид эвтэй, зоригтой, эрчтэй байж бусдад үлгэрлэе, зуутаа хурдан байгуулъя. Ард түмэндээ хүрье, эвтэй гудамжаараа дамжуулж ард түмнээ мэдье. Бидэнд мөнгө байхгүй ч ард түмнийхээ төлөө сэтгэлээ өгч ажиллая. Өөрт нь байгаа баялгийг ойлгуулж түүнийг нь яаж өөрт нь зориулж болохыг ойлгуулъя.
Монгол орон минь мандтугай.
URL: