Э.Бат-Үүл даргыг шүүхэд өгчээ
Монголын Оюутны Холбооноос нийслэлийн Засаг даргыг хууль тогтоомж зөрчсөн, алдаатай шийдвэрүүд гаргасан гэж үзэж байгаа учраас хотын дарга Э.Бат-Үүл болон зарим албан тушаалтныг захиргааны хэргийн шүүхэд өгчээ.
Тодруулбал, МОХ-ноос мэдээлэл хийж, оюутнууд хууль, журмын дагуу нийтийн тээврээр үнэгүй зорчих эрхтэй ч энэхүү эрхийг нийслэлийн удирдлагууд уландаа гишгэж байна гэж үзэж байгаа учир шүүхэд хандсан гэдгээ мэдээлсэн юм.
Тэдний мэдэгдэж буйгаар “Өнгөрсөн наймдугаар сарын 15-наас иргэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо “U-money” цахим картаар зорчих болсон бөгөөд Нийслэлийн захиргааны зүгээс уг ажлыг зохион байгуулахдаа хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хууль тогтоомжийг зөрчин оюутныг нийтийн тээврийн хэрэгслээр зорчуулахдаа мөнгөн хязгаар тавьж зориулахаар шийдвэрлэсэн.
Мөн оюутны нэр, сургууль, зураггүй цахим картыг дангаар нь хэрэглэн оюутныг зорчуулах болсон нь “U-money” цахим картыг зорчих эрхгүй оюутнууд ашиглах, дамжуулан хэрэглэх, дамлан борлуулах эрсдэлийг бий болгож байна” гэв. Тиймээс уг асуудлыг шийдвэрлүүлэхээр Нийслэлийн удирдлагуудад удаа дараалан хандсан байна.
Гэвч тодорхой хариу өгөөгүй бөгөөд Нийслэлийн засаг даргын санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа чиг үүргийн хувьд дээд боловсролын байгууллагатай огт харилцдаггүй Нийслэлийн боловсролын газраар “U-money” цахим картыг захиалгыг авах түгээх ажлыг гүйцэтгүүлэх шийдвэр гаргаад байгааг МОХ-ны зүгээс эсэргүүцэж байгаа аж.
URL: