Өш хонзонтнууд Монголд юу бүтээх вэ?
Монголын улс төрийн гол тоглогчоор зургаан жилийн дараа Намбарын Энхбаяр дахин тодорлоо. Түүнийг шоронд хийгээд ч зургаан жил л тогтоон барих хүч бусдад нь оршиж байж. Одоо Засгийн газар, УИХ-ын хувь заяа зөвхөн Н.Энхбаярын гарт байна. “Маргааш” болох сонгууль ч мөн адил. Цаашилбал, Монгол улсад мөнгө орж ирэх эсэх, эдийн засгийн хямралыг гэтлэх эсэх, залуус итгэл үнэмшил, үзэл бодлоороо улс төрд алхах эсэх, ард түмэн ажилгүйдлээс ангижрах эсэх, авлига асан дүрэлзэх эсэх, иргэд төрд итгэх эсэх гээд нийгмийн хөгжлийн суурь асуудлууд түүнээс хамаарч байна. Үүнийг нотлох энгийн бөгөөд ойрын баримт бол Өршөөлийн хууль. Засагдах, засагдахгүй нь хамаагүй. Энэ хууль Монгол төрийн босгоор алхаад ороод ирсэн нь аймшиг юм.
Одоо, улс төрд хамгийн том хожил авч чадаж байгаа Н.Энхбаярыг албан тушаалын хэнээтнүүд, аялдан дагалдагчид, урвагчид, өш хонзонтнууд олон арваараа дэмжиж эхэллээ. АН, МАН, МАХН, МҮАН, ИЗНН, Иргэний хөдөлгөөнүүд, их хуралд суудалгүй намууд, бие даагчид гэхчилэн улс төрийн бүх өнцгөөс түүнд хүч нэмж байна. Тэднийг нэгтгэж байгаа хүчин зүйл ньӨШӨӨ АВАЛТ. Яагаад ийм зүйл болчихов?
Олон хүний олж харж байгаагаар, жаран нас шүргэж яваа Н.Энхбаярын толгойд өшөө авалтын “мангар том” мастер план бүрэлджээ. Ц.Элбэгдоржтон, С.Баяртангуудаас амьддаа амжиж өшөө авах зорилго л түүнд үлдэж. Түүнийг дагаж, дэмжиж буй хүмүүст өшөө авалтын ХУВИЙН ТЭМДЭГЛЭЛ бас байх аж. Ажилд орж чадаагүй, сонгуульд нэр дэвшээгүй, намдаа тоогдоогүй, олигтойхон тендер хусаагүй, авлигын хэргээр шоронгийн хаалга татчих гээд байгаа гэхчилэн хувийн шалтгаанаар нь Н.Энхбаярын багт багтаж байгаа улс төрчдийг хэдэн бүлэгт хувааж болмоор санагдана. Тэдний нийтлэг шинж нь өшөө авалтын сэтгэхүй. Даргаас, найзаас, намаас гэх мэт. Эсвэл Н.Энхбаярын хонзонг тайлалцаж, өөрөө ТОМРОХ ХҮСЭЛ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “төрүүлсэн” МАХН-ын дотоод улс төрөөс гадна хоёр том нам дээр яг үүнтэй төстэй үйл явц өрнөж байна. Н.Энхбаярын намыг “хийсэн” МАН-аас түүнд хандарч буй улс төрчид эхнээсээ ил болж эхэллээ. МАН-ын нарийн бичгийн дарга асан, тус намаас УИХ-д сонгогдож байсан Ж.Сүхбаатар гэдэг залуу хамгийн сүүлд “удирдагчтай” хамт байгаагаа олон нийтэд “зарлав”. Хойд Солонгос маягийн бишрэн шүтсэн “аялгатай” түүний пост сүүлийн хэд хоног нийгмийн сүлжээнд газар авлаа. Хүн өөрийн дотоод итгэл үнэмшил, үзэл бодлоороо улс төрийн аливаа үйл хэрэгт оролцож болох ч энэ цаг үеийн залуусын сонголтыг харахад тэс өөр мэдрэмж төрөөд байна. Энэ бол зүгээр л ганцхан жишээ. Бүлэг фракциараа Н.Энхбаяртай нэгдэх,ЭВСЭХ ХҮСЭЛТЭЙ ТОМ МАСС Ардын намд бий болсон нь сүүлийн үед илт ажиглагдах боллоо. Эрх баригч АН-ын хувьд Н.Энхбаяртай нийлж тоглоод нэгнийгээ нухчих хүсэл толгойтой бүгдэд нь байгаа гэдгийг өнгөрсөн гурван жилийн улс төрөөс бэлхнээ харлаа. Иргэний хөдөлгөөн, жижиг намууд болон бие даагчдаас ч Н.Энхбаярыг дэмжигчид ил гарч ирэв.
Хамгийн том өшөө авалтын хүсэл, шунал ард түмэнд байгаа гэдгийг Н.Энхбаяр сайн мэднэ. 25 жилийн турш нийгмийн бүх давхаргыг хэрэн сүлжсэн авлига болон улс төр, бизнесийн бүлэглэл дамжсан олигархуудын хуйвалдааны золиос нь ард түмэн. Өрөнд баригдаж, харьд барьцаалагдсан эдийн засагтай, улаан цаймдаа гарсан хулгай луйврын золиос болсон энэ улсын цорын ганц ХОХИРОГЧ НЬ АРД ТҮМЭН. Өнөөдрийн төрд шургалсан олон улстөрчид, олигархууд, авлигачид бол ард түмний хувьд өш хонзонтонгууд юм. Бүгдээс нь толгой дараалан өшөө авах хүсэл ард түмэнд бий. Уг нь энэ бузар системийг эмхлэн байгуулсан Н.Энхбаяртай хамгийн том хариуцлага тооцох ёстой атал түүнтэй хамтраад бусдыг нь шийтгэх “сэрэл” өдөөгдөж байна.
Ингээд харахаар, Монгол бүхэлдээ Н.Энхбаярын өшөө авалтын арми болж хувирчээ. Одоо Н.Энхбаяр ажлаа эхлэхэд өчүүхэн ч саадгүй болж. Үүнээс цааш, ӨШӨӨ АВАГЧИД Монголын төрийг удирдах нь. Нийгмийн хөгжил, иргэний мөрөөдөл, хүүхдийн ирээдүй, эдийн засгийн бодлого, үндэсний аюулгүй байдал, дэлхийн Монгол гэх үзэл санаа, үйлс зорилго энд огт падгүй. Цус, шорон ханхалсан өшөө авалтын хар шуурга Монголын улс төрд хүч түрэн орж ирж байна. Энэ өшөө авалт хэдэн жилийн дараа дахин нэг өшөө авалтын учир шалтгаан болно. Түүний дараа, тэрний дараа гээд хоёр гуравхан хүний хоорондын зөрчил тэмцлээс үүдсэн өшөө авалтын уртын урт цуваа биднийг хүлээж байна.
Өш хонзонтонд сайхан зүйл гэж үгүй. Муухай зүйл гэж үгүй. Энгийн зүйл ч гэж үгүй билээ. Өшөө авалт гэсэн ганцхан үнэт зүйл ӨШӨӨ АВАГЧ-д буй…
Эх түүхээ эргээд нэг харцгаая.
Энэ цагийн намын дарга нар, нам дамнасан олигархуудын зөрчил, тэмцэл нь Эрх мэдлийн төлөө өвөр хоорондоо алалдан тулалдаж, эцсийн бүлэгт ИХ МОНГОЛ улсыг задлан тусгаар тогтнолоо үгүй хийсэн бага хаадын өр эмтлэм түүхийг санагдуулж байна. Монголын бутралын үе хэмээн түүхэнд хараар тэмдэглэгдсэн бага хаадууд 14 дүгээр зууны сүүлээс эхлэн улс гүрнээ задлах үйл явцыг 300 жилд “амжуулсан” бол энэ цагийн дарга нар 20-30 жилийн дотор л Монголыг хэдэн хэсэг тасчиж хаячихаад “нөгөө” ертөнц рүү хээв нэг дайжин одох хүч чадал, хөрөнгө мөнгө, хорсол зэвүүцлээр бялхаж байна. Бага хаадын үе бол Монголын нийгэмд улс төр, эдийн засгийн хямрал хамгийн ихээр нүүрлэсэн цаг үе байсныг түүхчид тэмдэглэжээ. Тэд Их Монгол улсын нэгдсэн хүч, төвлөрсөн засаглал, эв нэгдлийг умартаж, зөвхөн өөрийн эрх мэдлийн төлөө хоорондоо дайтаж, боломж гармагц хятадуудтай нийлэн нэгнийгээ уулгалан довтолж байв. Тэдний зөрчлийг Мин улс овжноор ашиглаж 1380 онд Мин улсын их цэрэг дөрвөн замаар Монголд цөмрөн орж, Хар хорум хотыг үнсэн товрого болгоод олон тооны хүн ардыг олзлон буцаж байжээ.
Мин улс Монголын хаад ноёдыг хооронд нь хагаралдуулж, удтал дайтуулсны эцэст хүч нь сулрах үед эзэлж авдаг байв. Түүхэнд тэмдэглэснээр, Мин улс 1409 онд болсон Ойрд Монгол, Зүүн Монголын тулаанд Ойрдын талд дэмжлэг үзүүлсэн бол дөрөвхөн жилийн дараа Зүүн Монголд тусалж ойрдуудыг буулгаж авахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байжээ. Дайн тулааны үед энгийн ардууд, цэрэг дайчид хэдэн мянгаараа үрэгдсэн тоо баримтыг бид түүхийн хуудаснаас харж болно. Батмөнх даян хааны үед түр амсхийсэн Монголын төр түүний хөвгүүдэд хуваагдан дахин задарч эхэлсэн бөгөөд Монголын том жижиг ноёдын газар нутаг, отго жинсний төлөөх дайн 1691 он гэхэд Монгол улсыг Манжийн эрхшээлд бүрэн оруулсан гашуун түүх биднийх билээ. Тэд Манжийн хаанаас олгодог хоосон цол хэргэм, албан тушаалын төлөө дайтаж, эх нутаг ард иргэдээ алдаж байв. Эцэст нь тусгаар тогтнолоо устгажээ. Үүнээс хойшхи 220 жилийн дарлалд хэн зовсон бэ?
1921 оны Ардын хувьсгалаар тусгаар тогтнолоо дөнгөж сэргээсэн ХХ зууны Монголын ард түмэн хэлмэгдүүлэлтийн яргаллыг биеэр эдэлж барсан. Монгол түмний сор болсон эрдэмтэд, лам нар, нийгэм улс төрийн зүтгэлтнүүд, соён гэгээрүүлэгчдийг ХЭНИЙ ЗАХИАЛГААР ХЭН хороосон бэ. Улс төрчдийн дарж хэлж байгаа тоогоор 50.000 орчим хүн хэлмэгдүүлэлтээр алагдсан гэх боловч 100 мянга хол давсан гэж түүхчид нотолдог. Цус, нулимс, үзэн ядалт дагуулсан ӨШ ХОНЗОН-гийн энэ их галыг Монголын түүхэнд хэн өрдөж байсан бэ.
Ардчилсан сонгууль явуулж эхэлсний 25 жил, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг бид ойрын өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүллээ. Гэхдээ ардчилсан хувьсгалын үзэл санаа, тэнд оролцсон олон зуун мянган иргэний хүсэл мөрөөдөл өнөөдрийн нийгэмд байна уу.
Дахиад өөрсдөөсөө асууцгаая. Бид яагаад ийм болчихов. Нэг л мэдэхэд ийм Монголыг бид түүхийн хүрдэн дээр дахиад бүтээчихэж. Чингис өвгийн, Сүх жанжны, Зориг агсны хүсэл талаар болж. Н.Энхбаяр хэнтэй тэмцээд байна, Н.Энхбаяртай хэн тэмцээд байна гэдгийг ч харах нүдгүй болжээ, бид. Н.Энхбаярт, Ц.Элбэгдоржид л асуудал байгаа юмуу. Эдний цаана хэн байна гэдгийг, ямар эрх ашиг нуугдаж байна гэдгийг яагаад бид ярихгүй байна.
УРД-аасаа гавтай, ХОЙНО-оосоо дөнгөтэй, ХОЛ-оос барьцаатай жижигхэн Монгол одоо хаачих вэ. Яг одоо зогсоод, цааш явахаа азнаад эргэж нэг харцгаая. Алхах болгондоо алдаж байснаас түр зогсоцгооё. Ярилцацгаая. Ард түмнээсээ асууцгаая. Тэгээд шинээр хийцгээе.
МОНГОЛЫН ТӨЛӨӨ Танд санал байна уу. Бидэнд байна.
“МОНГОЛЫН ТӨЛӨӨ” сошл нэвтрүүлгийн санаачлагч,
Сэтгүүлч Хархүүгийн МАНДАХБАЯР
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
okey