Олон улсын залуу циркчдийн анхдугаар наадам болно
Монгол Улсад циркийн урлаг үүсч хөгжсөний 70 жилийн ойг өнөө жил тэмдэглэн өнгөрүүлэх нь. Хэдийгээр 1955 оноос тус урлагийн хөгжлийг эхэлсэн гэж үздэг ч манай улсад хамгийн анх 1941 оны долоодугаар сарын 9-нд циркийн тоглолт болж байжээ. Энэ тоглолт нь тухайн үед Яармагийн задгай талбайд олны хүртээл болж байсан аж.
Түүхэн ойдоо зориулан анх удаа олон улсын залуу циркчидийн наадмыг БСШУЯ-ны санаачлагаар зохион байгуулахаар болжээ. Хөгжим бүжгийн коллежийн хамт олон тус арга хэмжээг зохион байгуулахаар болсон бол Монголын Урлагийн Маркетинг Менежментийн холбоо, Монголын үндэсний цирк, Монголын циркчдийн холбоо, Монголын залуу циркчдийн холбоо хамтран ажиллахаар болсон байна.
Тоо нь эрс буурсан циркийн үзэгчдийн тоог нэмэгдүүлэх, циркийн урлагийг олон нийтэд сурталчлах зорилготой тус наадам ирэх сарын 12-нд эхэлж долоо хоног үргэлжлэх аж. Анхдугаар наадамд Монгол, ӨМӨЗО, Япон, Казахстан, ОХУ, Швейцарь, Вьетнам, Якут, Буриад зэрэг есөн орны циркчид оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байгаа гэсэн.
Тус наадам нь “Орчин үеийн циркийн хандлагыг тодорхойлох, залуу уран бүтээлчид, жүжигчдийн уран чадвар, төрөлд байх мөн чанар, өөрсдийн байр суурийг тодорхойлох зэрэг олон талын ач холбогдолтой” хэмээн зохион байгуулагчид онцолж байна.
URL: