Өрлөг жанжин Г.Дэмидийн хөшөөнд цэцэг өргөв

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан 9 дүгээр сарын 10-ны бага үдэд Цэцэрлэг хотноо Монгол Улсын өрлөг жанжин Г.Дэмидийн хөшөөнд  Архангай аймгийн удирдлага, төрийн албан хаагчид, иргэдийн төлөөлөл цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэв.

1921-1960 он бол улс төрийн их хэлмэгдүүлэлтийн үе байлаа. Энэ үед  Монголчууд 40-өөд мянган сэхээтэн оюунлаг эх орончид, энгийн иргэдээ алдсан байдаг.

Тэр үед хэдэн мянган хүмүүс хэлмэгдэж, үлдсэн хүмүүсийн сэтгэл хэрхэн сэмэрснийг тооцох арга үгүй билээ. Өнөөдөр энэхүү арга хэмжээгээр хэлмэгдэгсдийн уй гашуу өчүүхэн ч болов тайтгарах болтугай. Энэ л өдөр аавыгаа, өвөөгөө, ахаа алдсан, хэзээ ч мартамгүй шаналал тээсэн, санчиг бууралтсан хөгшдийн үгийг эмгэнэн сонсч байна бид. Энэ л өдөр тэд зүрх зүсэм яриа, цөхрөшгүй гомдлоо дахиж нэг нэхнэ.

Жилээс жилд хэлмэгдлийн хар шуургыг биеэр мэдэрсэн хүмүүсийн үр сад  цөөрсөөр байна. Харин тэднийг бүртгэж, нөхөн олговор  олгох ажил өнөөг хүртэл үргэлжилсээр байгаа билээ.

Монгол Улсын Засгийн газраас тухайн үед хэлмэгдсэн иргэдийнхээ нэрийг цагаатгах ажлыг гурван үе шаттайгаар одоог хүртэл зохион байгуулан ажиллаж байна.” гэж Архангай  аймгийн ИТХ, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга Ч.Мөнхбат онцлон хэллээ.


URL:

Сэтгэгдэл бичих