Онгон сумын отряд цэргийн гавъяаны одонгоор шагнууллаа

1409090004Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг буулгажээ. Ерөнхийлөгчийн зарлигаар Сүхбаатар аймгийн Онгон сум дахь Монгол Улсын баатар Чойн Дугаржавын нэрэмжит Хилийн 0184 дүгээр анги Цэргийн гавьяаны одонгоор шагнагдсан байна. Ирэх жил түүхт 80 жилийнхээ ойг тэмдэглэн өнгөрүүлэх Онгон сумын отрядын хамт олон Чөлөөлөх дайнд ЗХУ-ын Армийн генерал И.А.Плиевийн удирдлаган дор харийн түрэмгийлэгчдийн эсрэг тэмцэж явсан баатарлаг гавьяатай. Тиймээс ч түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, үе үеийн хилчдийн улсын хил хамгаалалтад оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлж Цэргийн гавьяаны одонгоор ийнхүү шагнасан байна.

Одон гардуулах хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан болон ХХЕГ-ын дарга, хошууч генерал Ш.Лхачинжав, Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь тэргүүтэй төлөөлөл оролцлоо. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлсэн үгэндээ, “Чөлөөлөх дайнд оруулсан ахмад үеийнхний хичээл зүтгэл, өргөсөн алтан амь, урсгасан цусны үнэ цэнээр Монгол Улс туурга тусгаар улс гэдгээ өнгөрсөн зуунд бататгаж чадсан билээ. Энэ их үнэ цэнийг бүтээхэд хилчдийн оруулсан хувь нэмрийг үнэлж төрийн шагналыг та бүхэнд хүртээж байна” гэлээ.

Зүүн хязгаарын хилийн тохинуулах, хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн Онгон сумын отрядод одон гардуулах үйл ажиллагаанд дэд хурандаа Х.Гантулга захирагчтай хилийн ангийн хамт олноос гадна ахмад хилчдийн төлөөлөл хил хамгаалалтад туслах хүчний гишүүд, хугацаат болон гэрээт цэргийн алба хаагчид оролцож цэргийн нэр төр, алдар гавьяаны илэрхийлэл болсон ангийн байлдааны тугандаа хүндэтгэн одонгоо заллаа.


URL:

Сэтгэгдэл бичих