Цөмийн хаягдал – Хардлага – Тэмцэл

“Өвөг дээдсээсээ бид эх орноо хүлээж авсан. Үр ачдаа хүлээлгэж өгнө” O.Дашбалбар

…Монголын нутагт цөмийн хаягдлыг булж магадгүй гэсэн хардлага болон булуулахгүй гэсэн олон түмний эсэргүүцэл, “булахгүй шүү дээ” гэж учирласан тайлбар. Энэ бүхнийг ажиглаж байхдаа би л лав баяртай байгаа. Монголчууд өөрсдийн эх орон болсон Монгол газар нутгийнхаа төлөө ямар их санаа зовж шаналж байдгийн, үүний төлөө нэгдэж чаддагийн, яг л үүрээ харамласан бүргэд лугаа хилэгнэж чаддагийн илрэлийг харах сайхан байлаа.

Яг үнэндээ бид сүүлийн 20 жил бүх л зүйлийг харзнаж ажигласан, бас битүүхэн тандсан, сэтгэлд хургасан айдсаа давахыг хичээсэн оролдлого дунд л амьдарч байна. Эргэлзсэн, эвлэрсэн, эгдүүцсэн сэтгэлийн орон зайн дунд бид оршиж байна. Өөрийн дотоод сэтгэлийн эрх чөлөөний төлөө, шударга бус олон үйлдлийг эсэргүүцсэн илэрхийллээ давах айдсын дунд, ирээдүйнхээ сайн сайхны төлөөх зовинол дунд бид эргэлдэж байна. Энэ бол нэгэн алхам.

Цөмийн хаягдал
…Монголын газар нутагт цөмийн хаягдлыг булж, үүнийхээ хариуд их мөнгө олох санаархал үлгэр байгаагүй ээ. Бас хов хоосон гүтгэлэг ч байгаагүй. “Овоо босгоогүй бол шаазгай юунд суух билээ” гэдэгчлэн нэр хүнд бүхий Япон, Америк, Хятад, Оросын зарим судлаачид болон сэтгүүлчид анхлан энэ асуудлыг хөндөж гаргаж ирсэн. Дэлхийн атомын эрчим хүчний үйлдвэрлэлд нөлөө бүхий Япон Америк улсууд Монголын Засгийн газартай хамтран “Олон Улсын Цөмийн цогц хангамж” гэдэг сайхан нэртэй төсөл хэрэгжүүлэхээр яригдаж байгаа бөгөөд энэ нь Монголын газар нутаг дээр бусад орнуудын цөмийн хаягдлыг булшлах тухай хэлэлцээр юм.

Тэднийг ийм асуудалд толгойгоо гашилгаж байхад манай улстөрчид энэ талаар санал дэвшүүлсэн гэдэг таамаглал байгаа. Хэн гэдгийг нь бид мэдэхгүй ч “түүгээр явсан гайг үүгээр дуудсан” тэр л эрхмүүдийн нэр нэгэн цагт тодорхой болох биз. Миний төсөөлж байгаагаар тэдгээр эрхмүүд Оюутолгой, Тавантолгойн ашиглалтын төлөөх их авлигалын уралдаанд жаахан хоцорч оролцсон болохоор “шархаа нөхөх” санаатай байсан юм даг уу даа. Эдгээрийг санаачилсан байж болох эрхмүүдийн нэрийг бид өмнө нь олонтаа дурдсан болохоор одоо нэмж таамаглах арга алга.

…Тэд энэ асуудлыг нилээд өргөн хүрээтэй тавьж олон нийтийн анхааралд өртүүлж эхлэх цаг мөчөөс “гүрийж” эхэлцгээсэн. Ийм байдалд орно гэж төсөөлж байгаагүй болохоор тэд жаахан ичингүйрч “Ёстой тийм юм байхгүй” гэж дуу алдах мөчдөө гадаадын нэр хүндтэй хэвлэл мэдээллийн байгууллагуудын мэдээллийг огтхон ч няцаасангүй. Ямар ч албан ёсны тайлбар ч гаргасангүй. Уг нь мунхаг миний бодлоор ийм юм огт болоогүй бол тэд аймшигтай ихээр хилэгнэж, тэдгээр ёс суртахуунгүй, ичих нүүргүй гүтгэгчдийг олон улсын шүүхэд өгч нэр төрөө цэвэрлэн, баатарлаг ид хаваа гайхуулмаар.

Харамсалтай нь тэд аман дотроо л бувтнаж, Монголчууд бидэндээ жаахан сүрийг үзүүлэв шив дээ. Гэхдээ тэр нь даанч сулхан бас хүчгүй дуугарч байсан болохоор асуудлыг хөндөж тавьсан бид тэгтлээ итгэж, сүрдсэнгүй.

…Бид энэ асуудалд гоомой, бас сэтгэлийн хөөрлөөр хандаагүй ээ. Олон улсын хэмжээнд гарч байгаа мэдээллийн хэрэгсэлүүдийн мэдээлэлд л дүгнэлт хийж байсан. Тэд бол манай зусардагч, цалингаа авахын төлөө эзнийхээ захиалсан хөгжмийг тоглодог сэтгүүлчид биш болохоор тэдний мэдээллийг ихэд түшиглэж байсан хэрэг. Би энэ тухай өмнө бичсэн “Монгол булшны орон болох уу?” нэртэй нийтлэлдээ бичсэн. Харин одоо эдгээр ишлэлүүдээс өөр төрлийн баримтуудыг дэлгэж үзье л дээ.

2008 оноос 2011 он хүртэлх 4 жилийн хугацаанд Монголын Засгийн газар болон төрийн эрх барьж байгаа эрхмүүд Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн ерөнхий захиралтай жил дараалан уулзаж ярилцжээ. Тэд гэнэт яагаад энэ байгууллагад ингэж анхаарал тавин уулзаж, ажил төрлийн яриа хэлэлцээр хийх болов оо? Манайх чинь ядаж л АЦС байгуулаагүй, Атомын бөмбөг үйлдвэрлээгүй орон шүү дээ.

Баримт түшвэл:

-Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр тэргүүтэй албан ёсны төлөөлөгчид ОХУ болон Австри Улсын Вена хот дахь Олон Улсын Атомын Энергийн Агентлагт ажлын айлчлал хийсэн тухайгаа маргааш эх нутагтаа ирэнгүүтээ мэдээлэх аж. /2008 онд/

http://news.gogo.mn/24402
-Монгол Улсын Ерөнхий сайдын урилгаар Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн ерөнхий захирал доктор Мохамед Эль Барадеи манай улсад 2009-04-23-нд хүрэлцэн ирэх гэж байна. Монгол Улсад айлчлах хугацаандаа манай ХСҮТ-ийн үйл ажиллагаатай танилцана.

http://www.cancer-center.gov.mn/index.php?coid=81&sid=27
-Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Бүгд Найрамдах Австри Улсад хийх ажлын айлчлалын бүрэлдэхүүнд тус улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, Байнгын төлөөлөгч Ж.Энхсайхан, Сангийн сайд С.Баярцогт, УИХ-ын гишүүн Р.Буд, Ч.Сайханбилэг, Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх О.Оч, ГХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар, ГХЯ-ны Европын газрын захирал Ш.Одонбаатар, Төрийн дипломат ёслолын газрын захирал Р.Алтангэрэл зэрэг албаны хүмүүс багтан явж байна.

Бичсэн Олон нийттэй харилцах газар.

2010 оны 3 сарын 09 Мягмар гариг 08.00
-2010 оны 11-р сарын 02. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн ерөнхий захирал Юкия Аманог /энэ албан тушаалд шинээр сонгодсон/ хүлээн авч уулзав. Манай улс тус Агентлагтай хамтран ажиллах хөтөлбөрт өнгөрсөн оны 12-р сард гарын үсэг зурсан. Хөтөлбөрийн хүрээнд атомын энерги, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, уул уурхайн салбарт төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

http://www.embassymon.at/news_mon_73.htmi

-2011 оны 06 сарын 14. Австри Улсад ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын ГХ-ийн сайд Г.Занданшатар ОУАЭА-ийн ерөнхий захирал Ю.Аманотой уулзаж, хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцжээ.

-Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Арабын Нэгдсэн Эмират Улсад 2011 оны 1-р сард айлчлахдаа тус улсад цөмийн түлш нийлүүлээд хаягдлыг нь буцааж авахаар санал гаргасан байна. Тэрээр энэ айлчлалаас буцаж ирснээсээ 2 долоо хоногийн дараа 2011 оны 1-р сарын 21 нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийхдээ, энэ талаар шат дараалсан арга хэмжээ авч байна гээд:
-Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу цацраг идэвхт хаягдлыг хадгалах байгууламжтай болох асуудлыг шийдвэрлэх гэжээ.

http://www.dailynews.mn/?vfile=7&vmet_id=19174&vmet_main=6887

…Цөмийн хаягдлын талаарх баримтуудыг дэлгэх явцад Францын Arte ТВ-ийн “Атомын хог хаягдал-хар дарсан зүүд” нэртэй баримтат киног ТВ-ээр болон интернэтээр үзүүллээ. Энэ киног Германы Франкфурт хотын “Mонголчуудын ирээдүй” холбооны гишүүд орчуулж Монголчууд бидэндээ ойлгомжтой байдлаар тайлбарлав. Цөмийн хог хаягдлын асуудал зөвхөн Монголчууд бидний хөндөөд байгаа асуудал биш, олон жилийн өмнөөс дэлхий нийтийн анхаарлыг татаж, сэтгэлийг зовоож байгаа асуудал аж.

Энэ баримтат кинонд оролцсон зарим эрдэмтэд АЦС барих асуудлын талаар хариулахдаа 3 шалгуурыг л онцлон дурдаж байна.

1. Аюулгүй байдал
2. Ардчилал соёл /ил тод байдал/
3. Цөмийн хог хаягдал

АЦС-аас гарч байгаа цөмийн хог хаягдлын талаар нэрт астрофизикч Куберт Риверс “Энэ бол ирээдүй үедээ ачаа үүрүүлж байгаа хэрэг”, “1000 жил үргэлжлэх улстөрийн хүчин гэж хаа ч байхгүй”, “200.000 жилийн баталгаа гэдэг бол үлэмжийн солиорол” гэж өгүүллээ.

…Хэдийгээр манай улстөрчид Anti Nuclear Movemont бүлгийн дэмжигчдээс гаргаж байгаа хөдөлгөөнд, “Монголд цөмийн хаягдал булах” талаар ямар ч яриа хэлэлцээр хийгдээгүй” гэж тайлбарлаж байгаа ч сүүлийн үед:
-Америкийн Батлан Хамгаалах Яамны чиглэлээр Монголд цөмийн аюулын үед хэрхэх талаарх сургалт сургуулилт хийсэн тухай.

-Америкийн Цөмийн хаягдлын байгууламжтай танилцах болон энэ чиглэлээр хэсэг хүмүүс Сиэтл хотод сургалтад оролцсон тухай мэдээллүүд тасрахгүй л байна.

Мэдээж энэ бүхэн мэдээлэгдэхгүй байгаа ч манай эрх баригчдын “үгүйсгэл” итгэлтэй батлагдахгүй л байна даа. Нөгөө талаар манайхан бүх зүйлийг үгүйсгэж байсан хэрнээ огт өөр зүйлд бусдын анхаарал сарних мөчид “гэнэдүүлээд” асуудлыг “гэнэт шийддэг” муу зуршилтайг бид мартахгүй л баймаар. Нэгэнт шийдсэн асуудлын хойноос “ниргэсэн хойно нь мянга хашгиравч” нэмэргүй, нэг л мэдэх дор “Олон Улсын шуух” дээр очиж “дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу”-гийн үлгэр болох нь олонтой. Эцэст нь “Ядуугийн зовлон” гэдгээр сэтгэлээ аргадаж дуугаа хураах нь бас бий.

Хардлага

Хэдийгээр “Монголд цөмийн хаягдал булагдахгүй, энэ талаарх хууль эрхийн актад захирагдах ёстой” гэж тайлбарлаж байгаа ч, цаашдын үйл явцад үүнийг шийдэх 2 боломжийг бий болгож магадгүй гэж бид хардаж байгаа юм.

1. Ураны ашиглалт

Монгол орон өнөөгийн байдлаар ураны нөөцөөрөө дэлхийд 2-т орж байгаа гэж мэдээллийн эх сурвалжууд баталж байна. Дэлхий нийтийн хэмжээгээр ураны нөөц багасаж, хэрэглээ нь ихсэж байгаа нөхцөлд ураны баялгийг заавал ашиглах хэрэгтэй гэдэг сурталчилгаа нилээд газар авч байна. Хэрэв бид ураны баялгийг ашиглан, экспортолж эхэлсэн нөхцөлд “Олон Улсын гэрээ болон дүрэм” ёсоор ашигласан ураны хаягдлын төлөө хариуцлага хүлээж, үүнийгээ өөрсдөө шийдэх байдалд орж болзошгүй. Магадгүй ийм нөхцөл байдлыг үүсгэж байж асуудлыг шийднэ
гэж тооцоолж ч болох юм. Ийм нөхцөлд бид хүссэн ч эс хүссэн ч бусад орнуудын цөмийн хаягдлыг Монголд булах “гарцаагүй үүрэг” хүлээж, бас үүнийгээ гүйцэтгэж ч мэднэ.

2. Атомын Цахилгаан Станц /АЦС/

Өдгөө эрчим хүчний асуудлаа бүрэн шийдэж чадаагүй байгаа Монгол орны хувьд АЦС зайлшгүй хэрэгтэй гэсэн сурталчилгаа ч нилээд газар авч байна. Хэдийгээр дэлхийн олон орнууд АЦС хэрэглэхээс татгалзаж, зарим нь эргэлзэж эхэлж байгаа энэ үед “нэг их сүртэй ч юм биш, ер нь ШУ хөгжиж байгаа болохоор ашиглалтын зөв сайн арга гарч л таараа” гэх маягийн монголчуудын сэтгэхүйд тааруулсан яриа ч тасрахгүй байна. Монголд АЦС барихыг дэмжиж туслах хүсэлтэй орнууд ч цөөнгүй. АЦС барих төсөл ч аль хэдийн бэлэн болсон бололтой.

Хэрэв Монголд АЦС байгуулан ашиглаж эхэлбэл, ашиглалтаас гарах цөмийн хаягдлаа хүссэн ч эс хүссэн ч өөрийн газар нутагтаа булах хэрэгтэй болно. Мэдээж бид өөрсдийн уранаа боловсруулж ашиглаж байгаа болохоор энэ талаар гадны ямар ч оронд хандах арга үгүй.

Харин цөмийн хаягдлаа булах энэ байгууламжийг гадны дэмжлэг тусламжаар байгуулж, энэ явцдаа одоо үгүйсгээд байгаа “Олон Улсын” тодотголтой цогц байгууламж болгон өргөтгөхөд тийм ч хэцүү биш.

Хэсэг хугацааны дараа “сонин дээрээ соохолзож, сониноо буурахаар хоохолздог” Монгол араншингаар хүмүүс энэ асуудлыг тэгтлээ сонирхох ч үгүй болох биз. Мэдээж одоогийн оролдлогуудыг санаачлагчид ч нэг мэдэх дор “Даварсаар Дагвын орон дээр гараад суучихсан, бүр тухлаад хэвтчихсэн байх”-ыг ч хэн мэдэх билээ. Тэд өнөөдөр энэ бүхнийг ч тооцоолсон байж мэдэх юм.

Тэгэхээр бид өнөө энэ асуудалд илүү нухацтай хандах хэрэгтэй мэт. Цөмийн хаягдлыг Монголын нутагт булах асуудал нь, ураны ашиглалт, Монголд АЦС байгуулах асуудалтай заавал холбогдох болно. Өнөө эс гэхэд маргааш, эсвэл нөгөөдөр…

Тэмцэл
Монголд цөмийн хаягдлыг булах асуудлыг эсэргүүцсэн АNTI NUCLAER MOVEMENT хөдөлгөөнөөс гадна Ногоон Нам болон эвсэл бусад хөдөлгөөн болон залуус нэгдэцгээж байна. Тэд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэн хэд хэдэн ажиллагаа зохион байгуулжээ.

-АНУ-ын Лос-Анжелес хотноо ажиллаж амьдардаг зураач Л.Мөнхтөр, сэтгэл нэгт анд нөхдийнхөө хамтаар 8 сарын 11, бас 19-ний өдрүүдэд Лос-Анжелес хотноо эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ. Тэд эхний жагсаалдаа АНУ-д суугаа Японы ЭСЯ болон АНУ-ын Төрийн Департментын холбогдох байгууллагад мэдэгдэл хүргүүлсэн аж. Харин хоёр дахь жагсаалын үеэр АНУ-ын Ерөнхийлэгч Б.Обамад энэ талаар захидал илгээжээ. Энэ бол АНУ-д ажиллаж амьдарч байгаа монгол хүнийхээ хувьд эрхээ эдэлж, өөрийн санаа бодлоо тайван байдлаар илэрхийлсэн илэрхийлэл байлаа. Тэд энэ үйлдлээрээ АНУ-ын засаг захиргаанд хандан “Монгол Улсад Олон Улсын цөмийн хаягдлыг булах санаачлага болон яриа хэлэлцээрийг эсэргүүцэж байгаа”-гаа илэрхийлэв.

-8 сарын 6-нд хэсэг залуус Улаанбаатар хотод Улсын Их Дэлгүүрийн өмнөх талбайд цөмийн хор хөнөөлийн талаар сурталчилгааны өдөрлөг зохион байгуулжээ. Мөн 8 сарын 21-нд хэсэг залуус нэгдэж Сүхбаатарын талбайд “Цөмийн аюул болон хор хөнөөлийн талаар” сурталчилгааны өдөрлөг зохион байгууллаа. Тэд цөмийн хор хөнөөлийн талаар олон нийтэд мэдээлэл өгөхүйц фото зургийн үзэсгэлэн гаргаж, мэдээллүүд тараасан байна. Юу юугүй улстөржсөн тэмцлээс илүүтэй олон нийтэд хэрэгтэй мэдлэг болон мэдээлэл өгөх сурталчилгааны өдөрлөг нь хүмүүст нилээд сайн нөлөө үзүүлсэн байх.

-8 сарын 22-ны өдөр АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Биденийг Монгол улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирэх үед нь Anti Nuclear Movement хөдөлгөөн болон Ногоон нам эвслийн хэсэг хүмүүс эсэргүүцлийн уриа барьж, Улсын Төв Номын Сангийн өмнө жагсжээ. Тэд “Монголын газар нутагт цөмийн хаягдал булах”-ын эсрэг санаа бодолтой байгаагаа илэрхийлсэн байна.

Монголд маань янз бүрийн хэлбэрээр улстөрийн тэмцэл, жагсаал зөндөө л болдог. Ийм үйл ажиллагаагаар мэргэжсэн шахуу хэдэн хүмүүс байдгийг олон түмэн мэддэг. Ямар нэгэн ийм үйл ажиллагааны цаана тодорхой зорилго бүхий хүмүүс удирдаж, санаатайгаар будлиулан “өөх ч биш булчирхай ч биш” болгож орхидог тохиолдлууд ч зөндөө.

Харин цөмийн хог хаягдлыг Монголын газар нутагт булуулахгүйн төлөөх энэ нэгдэл хөдөлгөөнд ямар ч улстөржилт байхгүй. “Монголын газар нутгийн бүрэн бүтэн байдал, бие даасан тусгаар Улсын төлөө, Монгол орны зөв сайн хөгжлийн төлөө” чин сэтгэлээсээ зовинож байгаа эрүүл санаа бодолтой хүмүүсийн нэгдэл. Бид үүнийг л дэмжих хэрэгтэй байна даа.

Бид талцаж хэрэлдэлгүйгээр, эвлэлдэн нэгдэх боломж нь энэ байж болох. Монголын улстөрчдийн дунд эрүүл саруул санаа бодолтой, эрдэм мэдлэгтэй, эх орноо хайрлах сэтгэлтэй залуус зөндөө байгаа гэдэгт бид итгэж байна. Бидний энэ нэгдэл нь, Монголчууд өөрсдийн эх орон газар нутгийнхаа төлөө чин сэтгэлээсээ эвлэлдэн нэгдэж, бас хамгаалж чаддагийг дэлхий дахинд мэдрүүлээсэй гэж хүсч байна.

ЭНЭ ГАЗАР ШОРООНД БИДНИЙ БАХАРХАЛ БОЛСОН АУГАА ӨВӨГ ДЭЭДСИЙН МИНЬ АЛТАН ШАРИЛ НОЙРСОЖ БАЙГАА. БАС МИНИЙ ЧИНИЙ ШҮТЭЭН БОЛСОН ААВ, ЭЭЖ МИНЬ Ч НОЙРСОЖ БАЙГАА. ТЭДНИЙ ХАЖУУД ЦӨМИЙН ХОГ ХАЯГДЛЫГ БУЛЖ БОЛНО ГЭЖ ҮҮ?

Г.Галбадрах gala_mn@yahoo.com


URL:

Сэтгэгдэл бичих