Шүүгч Х.Идэр өмгөөлөгч Ц.Баасандоржид арга хэмжээ авахуулах хүсэлтээ ШЕЗ-д гаргалаа

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхэд холбогдох шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд эхэлсэн ч шүүгдэгч Л.Гансүх, н.Даваахүү, н.Мөнгөнтуяа нарын өмгөөлөгчид шүүх бүрэлдэхүүнээс татгалзсанаар хурал түр завсарлаад байна. Тэдний хүсэлтийг хүлээж авах эсэхийг Нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Даваасүрэн шийдэх юм.

Шүүгдэгч Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж тус дүүргийн шүүгч Х.Идэрээс татгалзаж байгаа шалтгаанаа “Шүүх бүрэлдэхүүн энэ хэрэгт гадны нөлөөтэйгээр оролцож байгаа. Х.Идэр шүүгчээр хэргийг шийдүүлмээргүй байна. Учир нь Х.Идэр шүүгчийн ах Х.Тамир прокурор хар тамхины хэргээр шалгагдаж байгаа. Гэтэл шалгаж байгаа ажлын хэсгийг АТГ ахалж байна. Ингээд бодохоор цаанаасаа захиалгатай нь харагдаж байгаа биз. Х.Идэр шүүгчийн ахыг Л.Гансүхийн хэрэг шийдэгдэхээс өмнө Ганц худагт хорьж, дүүд нь хэргийг хуваарилаж байна. Бид дуугүй л байсан. Гэтэл асуудал ийм байдалд хүрчихлээ. Өөрөөр хэлбэл, Х.Идэр шүүгч Л.Гансүхийг яллавал ах Х.Тамир нь ялгүй гарна. Яллаж чадахгүй бол ах нь шоронд орно гэх барьцаа байхыг үгүйсгэхгүй. Тиймээс Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн шүүхэд хэргийг шийдвэрлэхийг өмгөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн тайлбарласан.

Тэгвэл шүүгч Х.Идэр өмгөөлөгч Ц.Баасандоржийг өөрөөс нь татгалзсаны төлөө арга хэмжээ авахуулж, хариуцлага тооцуулахаар ШЕЗ-д гомдол гаргажээ.

Хэргийг сануулбал, өнгөрсөн наймдугаар сарын эхээр шүүгч Х.Идэрийн ах Тээврийн прокурор Х.Тамир хар тамхины хэргээр саатуулагдсан. Мөрдөн байцаалтын явцад түүний машинаас олон хавтаст хэрэг олсон тул хээл хахуул авсан байж болзошгүй хэмээн АТГ-аас ажлын хэсэг гарган шалгаж эхэлсэн юм. Удалгүй Л.Гансүхийн хэрэгт тус прокурорын төрсөн дүү Х.Идэр шүүгчийг хуваарилсан нь энэ хэрэг захиалгатай байж болзошгүй гэх хардлагыг төрүүлжээ.

Хэрэв шүүгч Х.Идэрийн гомдлыг хүлээн авч өмгөөлөгч Ц.Баасандоржид арга хэмжээ авбал 1 сая 930 мянган төгрөгөөр торгуулах аж.

Шүүхийн шийдвэрийн талаар эргэн мэдээлэх болно.

Б.Анир


URL:

Сэтгэгдэл бичих