Ж.Мөнхбат: Улс төрийн бүх нам сонгуулийн хууль дээр анх удаа ажиллаж эхэллээ

МАН-аас зохион байгуулсан “Үндэсний зөвшилцөл”-ийн хүрээнд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүх улс төрийн намын төлөөллийг оруулсан Сонгуулийн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсгийн анхны хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар өчигдөр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, Хамаг Монгол хөдөлмөрийн намын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Од-Сэр тэргүүтэй хүмүүс мэдээлэл хийлээ.

Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат Монгол Улсад бүртгэлтэй 22 улс төрийн нам идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өчигдрийн уулзалтад хоёр намын төлөөлөл оролцож амжаагүй юм байна. Өнгөрсөн долоо хоногт болсон улс төрийн намуудын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нарын үндэсний зөвшилцлөөр Үндсэн хууль, Сонгуулийн хуулийн асуудлыг хэлэлцсэн. Энэ зөвшилцлөөс Сонгуулийн хуулийг өөрчлөх шаардлагатай байна гэдэгт санал нэгдэж, 22 намаас 30 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан. Өчигдөр ажлын хэсгийн хуралдаанаар дөрвөн зүйл дээр санал хураасан. Тухайлбал, шинээр хуулийн төсөл боловсруулах цаг хугацаа байхгүй тул 2012 онд баталсан УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар Сонгуулийн хуулийг өөрчилье гэдэгт санал нэгдсэн” гэдгийг хэллээ. Харин МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл “Сонгууль ойртсон энэ үед УИХ-аас байгуулсан ажлын хэсэг хэт удаан ажиллаж байна. Одоо цаг хугацаа бага үлдсэн тул Сонгуулийн хуулийг шинээр батлах боломжгүй. Харин 2012 онд баталсан Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэж болно. Ирэх онд болох УИХ-ын Сонгуулийн дараа АСЕМ-ын том хурал болно. Энэ үед Монгол Улс УИХ, төр засгаа тогтвортой болгосон байх ёстой. Үүнд сонгуулийн хууль томоохон нөлөө үзүүлэх юм. Тиймээс улс төрийн намуудын боловсруулсан Сонгуулийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-ын намрын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд оруулах хүсэлт гаргаж байгаа юм” гэлээ. Ингэснээр 2012 оны Сонгуулийн хуулийн найман зүйл дээр өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзжээ. Тухайлбал, сонгуулийг булхай луйваргүй, шударга явуулах санал тооллогыг иргэд, сонгогчдод нээлттэй болгох үүднээс санал тоолох арга замыг боловсронгуй болгох буюу саналыг машинаар биш гараар тоолох нь зүйтэй гэж үзсэн байна. Сонгуулийн тойрог хэсгийн хороодын бүрэлдэхүүнийг бүрдүүлэхэд улс төрийн намуудын жигд төлөөллийг оролцуулах санал гаргажээ. Мөн сонгуулийн санхүүжилтийн асуудлыг боловсронгуй болгох хэрэгтэй гэж үзсэн байна. Гадаадад суугаа иргэдийн саналыг шуурхай авдаг байх, сонгуульд өрсөлдөх жендерийн оролцоо хувь хэмжээг тодорхой болгох, нэмэгдүүлэх гэсэн найман зүйл дээр өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг санал нэгджээ. Энэ талаар ажлын хэсгийн ахлагч, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатаас дараах асуултад хариулт авлаа.
-Сонгуулийн хуулийг өөрчлөхөд маш бага хугацаа үлдсэн. Өөрөөр хэлбэл, он гарснаас хойш энэ хуульд гар хүрч болохгүй гэсэн хуультай. Тэгэхээр үлдсэн хугацаанд та бүхний хэлээд байгаа өөрчлөлтийг хуульд тусгах боломж бий юү? 
-Хуулиараа 2016 он гарангуут Сонгуулийн хуулийг өөрчлөх боломжгүй болно. Тэгэхээр энэ хуулийг өөрчлөх хугацаа намрын чуулган эхэлснээс хойш хоёрхон сар бий. Тийм учраас парламентад суудалтай таван нам гурван жил ойлголцоогүй юм чинь үлдсэн гурван сард хэл амаа ололцох боломжгүй гэж үзэж байгаа юм. Гэхдээ бас цаг хугацааны хувьд шинээр хуулийн төсөл өргөн барих боломжгүй. Тиймээс 2012 онд баталсан Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар өөрчилье гэдэгт 22 намын 19 нь санал нэгдсэн, хоёр нь ирж амжаагүй. Харин нэг нам түдгэлзсэн нь АН. Ингэснээр одоо байгаа Сонгуулийн хуулийн найман заалтад өөрчлөлт оруулахаар тохиролцлоо.
-Танай намын зүгээс сонгуулийн тогтолцоон дээр ард түмнээс санал асуухаар тогтоолын төсөл өргөн барьсан. Энэ асуудал юу болсон бэ? 
-Бид тэр байр сууриндаа хэвээрээ байгаа. Гэхдээ сонгуулийн тогтолцоо ямар байх вэ гэдэгт олон нам санал зөрөлдөж байгаа л даа. Зарим нь жижиг 76, Монгол Улсыг нэг том тойрог болгоё, 38:38, 28:48 гэх мэтээр санөл зөрүүтэй байгаа учраас энэ талаар санал хураагаад тогтолцоог хөндөхгүй байхаар шийдсэн. -Сонгуулийн санхүүжилтийг ямар байдлаар шийдэхээр ярилцсан бэ. Сонгуулийн санхүүжилтийг дөрвөн жилд нэг удаа төрөөс гаргах саналыг аль нам гаргасан бэ? -Санхүүжилтийн талаарх санал бол парламентад суудалгүй намуудаас түлхүү гарсан санал л даа. Санхүүжилтийг ер нь төрөөс олгодог болгоё. Ингэвэл тэгш оролцоо, жигд гараа гэдэг зүйл биеллээ олно гэж ярилцсан. Гэхдээ энэ асуудлыг эргэж ярилцахаар болсон. Харин нарийвчилсан заалтын талаар бид дахин ярилцах юм.
-Сонгуульд оролцогчид хэдэн төгрөг шаардлагатай вэ. Төсөв алдагдалтай бай гаа үед нэр дэвшигчдийн санхүүжилтийг төрөөс гаргах боломжтой юу? 
-Сонгууль болох жилийн хоёрдугаар сарын 1-ний дотор төрөөс сонгуулийн тойрог бүрийн нутаг дэвсгэр, хүн амын нягтаршилд тулгуурлан нэг нэр дэвшигчид олгох мөнгөний дээд хэмжээг тодорхойлдог. Гэхдээ энэ хөрөнгийг төр бус сонгогчид болон намын гишүүдийн хандиваас бүрдүүлдэг. Энэ хөрөнгийг нэг удаа төрөөс гаргах боломжтой гэж үзэж байгаа юм. Нэр дэвшигч бүр өөр өөр хэмжээний хөрөнгө гаргадаг. Зарим нэр дэвшигч сонгуулийн сурталчилгаандаа нэг тойрогт 500 сая төгрөг зарцуулсан байхад нөгөөх нь нэг тэрбум төгрөг гаргасан тохиолдол ч бий. Үүнийг дундажлаад ерөнхий мөнгөн дүнг гаргана. Эхний байдлаар ярилцаж байгаа нь энэ. Цаашид яг нарийвчилсан тооцоог ажлын хэсэг дээр дахин ярилцаж байж эцэслэн шийдвэрлэнэ.
-Өнгөрсөн хугацаанд Р.Бурмаа гишүүний ахалж ажилласан Сонгуулийн хуулийн төслийг авч танилцъя гэдэг хүсэлтийг та бүхэн тавьж байв уу. Ер нь ямар хариу өгдөг юм бэ? 
-Бид улс төрийн намуудын үндэсний зөвшилцөл дээр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаярт хандаж, танай намын бүлгийн гишүүн учраас, Р.Бурмаа сайдын ахалж байгаа Сонгуулийн хуулийн төсөлтэй бид танилцъя, мэдээлэл өгөөч гэсэн. Гэтэл өчигдөр АН-ын нарийн бичгийн дарга Анхбаяр хариу өгөхдөө “Тийм боломжгүй” гэсэн хариуг өгсөн. Тийм учраас тэнд яг юу яваад байгааг мэдэхгүй байна шүү дээ. Тиймээс л улс төрийн намууд нэгдэж нийлээд ажил эхлүүлж байгаа хэрэг. Энд нэг зүйлийг нэмж хэлэхэд Дээд шүүхэд бүртгэлтэй, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх улс төрийн нам нэгдэж, Сонгуулийн хуулийн ажлын хэсгийг байгууллаа. Энэ бол Үндсэн хуулийг баталсны дараа орох үйл явдал юм билээ. Өмнө нь бүх улс төрийн нам хуулийн төсөл дээр ажиллаж, ажлын хэсэг байгуулж байсан удаагүй.
М.Өнөржаргал

Эх сурвалж: “Монголын үнэн ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих