“Орхон гол бохирдож, хүн мал ундаалах аргагүй боллоо”
Өдгөөгөөс таван жилийн өмнө Орхон голд бохир цутгасан асуудал гарахад дээрээс ажлын хэсэг томилогдоод голын бохирдлыг голын дээд эхүүд болох Шийрт, Улаан голуудын эхэнд “Алтан Дорнод Монгол” болон “Монгол газар” компаниуд алт олборлох үйл ажиллагаа явуулсан нь бохирдуулах гол шалтгаан болжээ гэж үзсэн байдаг.
Иймд Орхон голын бохирдлыг арилгах зорилгоор 264 дүгээр тогтоол гээчийг 2010 онд Засгийн газраас гаргасан юм. Тогтоолоор эргэлтийн усан сан, хаягдлын сан дундуур ус урсахгүй болох арга хэмжээг авахуулах болон нөхөн сэргээлтийг эрчимжүүлэх, бохирдлоос шалтгаалаад байгаль орчинд учирсан хохирлыг тооцуулах, гэм буруутай этгээдүүдээр нөхөн төлүүлэх үүргүүдийг холбогдох газруудад өгсөн нь бий.
Гэвч энэ тогтоол анх гаргасан зорилгоосоо хазайж эсрэгээрээ Орхон голыг шалбааг шиг болтол нь бохирдуулж, ард иргэд, мал амьтныг ихээр хордуулах болсон тухай тус голын хөндийг даган суурьшсан иргэд мэдээллээ.
Тодруулбал, тус тогтоол батлагдсанаас хойш “Монгол газар” компани оногдсон үүргээсээ чөлөөлөгдөхийн тулд өөрийн эзэмшлийн газраа 60 шахам жижиг компаниудад жижиглэн худалдаалж, нэгэн зэрэг үйл ажиллагаагаа явуулах болсон байна.
Улмаар тэдний ашиглаад гаргасан ус бүгд Орхон голд шууд цутгадаг учир өнгөрсөн наймдугаар сараас эхлэн тус гол улаанаараа эргэлдэж, хүн амьтан ойртож ундаалахын эцэсгүй тамтгаа барсан талаар нутгийн иргэд онцоллоо.
Хамгийн харамсалтай нь 2 аймгийн 134 сумыг дамнан цутгадаг тус гол өнөө мөдгүй ширгэхдээ тулаад байгаа асуудал. Энэ талаар Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын уугаал “Миний мөрөн” ТББ-ын тэргүүн А.Долгор-Өлзий “Монголын хамгийн том гол болох Орхон голын бохирдлын түвшин 8 дугаар сарын 09-ээс дээд цэгтээ хүрлээ. Энэ нь Ерөнхий сайдын гаргасан 289 дүгээр тогтоолтой шууд хамааралтай юм. Уг тогтоол гарснаар Орхон голын хажууд алт олборлолт явуулж байсан “Монгол газар” ХХК, өөрийн эзэмшлийн газраа жижиглэнгээр зарж, тэнд 60,70-аад компани үйл ажиллагаа явуулж байна.
Хэдийгээр улс орон даяар эдийн засаг хүндрэлтэй хаа, хаанаа хямралаас гарах бодлого явуулж байгаа ч нөгөөтэйгүүр Орхон гол маань 5 аймгийн 134 сум, багийн нутгаар дамжин тэтгэж, Сэлэнгэ голд цутгадаг гэдгийг мартаж болохгүй.
Өнөөдөр тус голын эхэнд зах замбараагүй олборлолт явагдсанаас малчид уух усгүй, мал хамар хатгах өвсгүй үлдэж байна. Гэтэл зуд турьхан тохиолдож магадгүй байгаа энэ цагт мал уух усгүй, хивэх өвсгүй байна гэдэг юуны цондон бэ. “Монгол газар” компани Архангайд олон жил үйл ажиллагаа явуулсан боловч ард иргэдийн амьдралд наалдсан зүйл байхгүй.
Тийм учраас “Ерөнхий сайд аа шийдвэрээ эргэн харах цаг болжээ” гэж хэлье. Бас амьдралаас тасарсан хүмүүс эх орноо хөгжүүлж байна нэрээр битгий ард иргэдийн амьдрал аж ахуйгаар тоглоод байгаа ээ” гэв.
М.Баттулга: Орхон гол бохирдож, хүн мал ундаалахын эцэсгүй боллоо
Архангай аймгийн Цэнхэр сумын малчин М.Баттулгаас зарим тодруулгыг авлаа.
- Орхон гол дагуу нийтдээ хэчнээн уул уурхайн компаниуд үйл ажиллагаагаа явуулж байна вэ. Энэ талаар нутгийн иргэд хэр мэдээлэлтэй байна вэ?
- Орхон голын сав газрын дагуу 60 жилийн А лиценз гээч юмыг “Монгол газар” ХХК-д олгосон байдаг. Харин олборлолт явуулж байгаа бусад компаниудын хувьд “Монгол газар”-ын тусгай лицензээр газар жижиглэн авсан охин компаниуд нь юм.
- Тэд голын урсацад хэрхэн нөлөөлж байна вэ?
- Орхон голын сав газар буюу голын эхэн дээр олборлолт явуулж байгаа юм. Тэд газрын хэвлийг хөндийлж, усны урсац, бохирдолд нөлөөлж байна. Улмаар олборлолт явуулж эхэлснээс хойш Орхон гол бохирдож, хүн мал ундаалахын эцэсгүй боллоо.
Энэ шийдвэр гаргасан төрийн эрх мэдэлтнүүд тэр Орхон голоос усаа аваад гурав хоног хоолоо хийгээд идээд үзээсэй. Өнөөдөр Орхон голоос ундны усаа авч байгаа нутгийн иргэдийн бие дээр салхин цэцэг шиг тууралт гарч, эмнэлэгт үзүүлэхээр онош нь тодрохгүй байна. Түүнчлэн хүүхдүүдийн гэдэс маш ихээр өвчилж байна. Орхон голын ус өнөөдөр гудамжинд тогтсон шавхай шиг булингартсан гэдгийг хэлье.
- Ярилцсанд баярлалаа.
Б.Хишигдэлгэр
Эх сурвалж: www.TODAY.mn
URL: