У.Отгонбаяр: Таван талт гэрээ дуусмагц иргэд материалаа бүрдүүлэх боломжтой
Наадмын өмнө ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгон бууруулж, үлдэгдэл 20 хувийг Засгийн газар Зээлийн батлан даалтын сантай хамтран гаргахаар шийдвэрлэж, баталсан нь иргэдийн хувьд ихээхэн хүлээлт үүсгээд байсан билээ. Харин одоо байдал ямар байгаа талаар Барилга, хот байгуулалтын яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга У.Отгонбаяртай ярилцлаа
-Иргэд 10 хувийн урьдчилгаанд хэзээнээс хамрагдаж эхлэх вэ. Таван талт гэрээнд яг ямар байгууллага гарын үсэг зурж байгаа вэ. Одоогоор нөхцөл байдал ямар шатанд байгаа мэдээллийг өгнө үү?
-Одоогийн байдлаар Барилга хот байгуулалтын яам /БХБЯ/, Сангийн яам, Хөгжлийн банк, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Банкны холбоо зэрэг таван байгууллага хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах шатанд явж байна. Манай болон Сангийн яам нь энэ гэрээнд гарын үсгээ зурчихсан. Бусад гурван байгууллагын зүгээс гарын үсгээ зурчихвал бүх зүйл болчихно. Мөн дээрээс нь Сангийн яам нь Хөгжлийн банк, арилжааны банкуудтай санхүүжилтийн гэрээ хийнэ. Таван талт гэрээ нь яагаад удаашралтай байгаа гэхээр ганц нэг зарчмын зөрүүтэй ойлголт, саналууд байгаа юм. Гэхдээ үүнийгээ өнөө маргаашдаа уулзаад эцэслэх байх. Түүнээс биш засгаас бүх тогтоол шийдвэр нь гарчихсан. Хөгжлийн банкаар дамжуулан 200 тэрбум хүртэлх төгрөгийн баталгааг гаргаж өгнө. Иргэд санаа зовох зүйлгүй.
-Яг хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?
-Бидний бодож байснаар өнөөдөр бэлэн болчих болов уу гэсэн амжсангүй. Маргааш нөгөөдрөөс манай сайд, Хөгжлийн банк, Арилжааны банк, Банкуудын хол- боо, Сангийн яамны төлөөллүүд оролцсон хэвлэлийн хурал хийнэ. Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуралцсаны дараа иргэд материалаа шууд өгөх боломжтой.
-Монголбанк татгалзсан гэсэн мэдээлэл байна. Яагаад татгалзсаныг тайлбарлана уу?
-Би Монголбанкны төлөөлөл биш учраас ямар журмаар, яагаад татгалзсаныг хэлж мэдэхгүй байна.
-Иргэд 10 хувийн урьдчилгаанд хамрагдахын тулд ямар шаардлага хангасан байх ёстой вэ?
-Өрхийн мэдээллийн нэгдсэн сан гэж маш том судалгаа хийсэн. Энэ судалгаанд үндэслэн тухайн өрхийн бүлгийг тодорхойлсон байх. 7-15 дугаар бүлгийнхэн бол Монгол Улсын дундаж давхаргын иргэд. Тухайн өрх амьжиргааны төвшний үнэлгээгээр орон сууцны ипотекийн баталгааны журамд нийцсэн буюу 7-15 дахь бүлэгт хамаарч байгаа нөхцөлд программаас гарсан тодорхойлолтыг иргэнд өгч аймаг, дүүргийн нийгмийн халамжийн хэлтэст уламжлан хэлтсийн даргын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан тодорхойлолт гаргуулахаар аймаг, дүүргийн хэлтэс рүү явуулна. Харин дээрх бүлгүүдэд багтаагүй нөхцөлд аль бүлэгт хамаарч байгааг тодорхойлсон хариуг иргэнд гарган өгч зохих зөвлөмжөөр хангах юм. Иймээс Засгийн газрын батлан даалтад хамрагдах боломж бий эсэхээ мэдэхийг хүсвэл Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны “Өрхийн мэдээлийн нэгдсэн сан”-д хандан мэдээлэл авч болно. Түүнчлэн банкууд урьдчилгаанд нийт зээлийн 30 хувийн төлбөрийг шаарддагаараа шаардана. Харин энэ мөнгөний 10 хувийг төлөөд, 20 хувьд нь батлан даалт авах хүсэлтээ Хөгжлийн банкинд тавих юм. Урьдчилгаа 30 хувийн зээлд хамрагдсан иргэд 10 хувийн зээл рүү шилжих боломжгүй.
-Дундаж төвшний тодорхойлолтыг ойролцоогоор хэчнээн иргэн авах бол?
-Өрхийн мэдээллийн сангийн 7-15 дугаар бүлэгт багтах өрх улсын хэмжээнд 294.000 гаруй, нийслэлийн хэмжээнд 102.000 орчим байдаг. Журамд хамрагдаж 10 хувийн зээл авах иргэдийн зээл 30 хүртэл жилийн хугацаатай байх бөгөөд Хөгжлийн банкны баталгаатай тэнцэх хэмжээний төлбөр бүрэн төлөгдөж дууссаны дараа баталгаа дуусгавар болохыг журамд тусгасан.
-Орон сууцанд орохыг хүсч байгаа хүн бүр л 20 хувийн баталгаа гаргуулахыг хүсч байгаа. Гэтэл 200 тэрбумын төсөв дуусахад хамрагдаж чадаагүй үлдсэн иргэд яах вэ?
-Нийтдээ 200 тэрбум төгрөгийг Засгийн газраас 20 хувийн зээлийн баталгаа болгосон. Өнөөдрийн зах зээлийн тооцооллоор 10-аад мянган өрх энэхүү зээлд хамаарна гэж үзэж байгаа. Зээлийн нийт баталгаа 200 тэрбум төгрөгт тулсан цагт 10 хувийн урьдчилгаа авах арилжааны банкуудын зээл зогсох юм. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн болон энэ жилийн байрны үлдэгдэл 30-35 мянга орчим айлын орон сууц байгаа. Үүний 30 орчим хувьд нь хүрэлцэхүйц мөнгө. 10 хувьд хамрагдаж чадаагүй үлдсэн 70 орчим хувь нь зах зээлийнхээ зарчмаар явна. Жишээ нь, 50 ам метртэй байрны нэг ам метрийг хоёр сая төгрөгөөр авъя гэж бодоход 100 сая төгрөг болно. Энэ 100 сая төгрөг нь 200 тэрбум төгрөгт бол арван мянга орчим зээлдэгч хамрагдах боломжтой гэсэн үг. Энэ нь нэг талаас иргэдэд, нөгөө талаас барилгын компаниудад дэмжлэг үзүүлж буй явдал юм. Орон сууцны урьдчилгааг цаашид ч үргэлжлүүлэн олгохын тулд Засгийн газрын хуралдаанаар Сангийн сайдад үүрэг өгсөн. Жил бүр улсын төсөвт тусгаад явна.
-Төрөөс баталгаа гаргаж байгаа учраас арилжааны банкуудын шаардлага багасах уу. Эсвэл өөрсдийн зарчмаар явах уу?
-Энд ямар ч хөнгөлөлт байхгүй. 30 хувийн урьдчилгаагаа төлөөд ипотекийн зээлд хамрагдаж байсантайгаа ижил шалгууртай. 10 хувь болголоо гээд дахин хөнгөлөлт үзүүлэхгүй. Хуучин ипотекийн зээл олгож байсан бүх банк хамрагдана.
-Хэдийгээр иргэд 10 хувиа төлөөд, төрөөс 20 хувийн батлан даалт олгож байгаа ч тухайн иргэн тодорхой хугацаандаа багтаж 90 хувиа төлнө. Засгийн газраас өмнөх шалгуур хэвээр байгаа гэсэн хэдий ч арилжааны банкууд хувьдаа шалгуураа өндөрсгөнө гэсэн ойлголт иргэдэд байна…?
-Тийм ташаа ойлголт байж болохгүй. 10 хувиа төлөөд 90 хувьд нь зээл олгох болсноор шалгуураа өндөрсгөх шаардлага байхгүй. Журмаа боловсруулж Засгийн газарт оруулахдаа бүх байгууллагатай ярилцаж, санал бодлыг тусгасан. Тэгэхээр арил- жааны банкууд шаардлагаа өндөрсгөхгүй. 90 хувийн зээлд хамрагдсанаар иргэд сардаа төлөх мөнгөний хэмжээ ихэснэ гэж ойлгож байна. Гэхдээ бид үүний хугацааг сунгаж зохицуулсан. 30 хувийн урьдчилгаа төлөхөд 20 жилийн хугацаатай байсан бол одоо 10 хувийн урьдчилгаа төлөөд үлдсэн 90 хувийг 30 жилд төлнө.
-Арилжааны банкууд санхүүжилт байхгүй гэдэг шалтгаанаар иргэдэд зээл олгохоо багасгаж байна. Энэ талаар юу хэлэх вэ?
-Өнөөдрийн хувьд 30 хувиа төлөөд зээлд хамрагдах иргэний тоо цөөрсөн байх. Миний ойлгосноор банкуудад санхүүжилт хийгдээд, ипотекийн зээл тодорхой хэмжээгээр гарч байгаа байх. Яг зогссон юм байхгүй гэж бодож байна. Шинэ эх үүсвэр байхгүй юм аа гэж бодоход эргэн төлөлт гэж байгаа шүү дээ. 30 хувиа төлөөд орон сууцанд орж чадах иргэдийн тоо багассан учраас урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох зайлшгүй шаардлага бий болсон
Ц.Заяа
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
У.Хүрэлсүхийн төрсөн дүү яаж тэнэж яваад газрын дарга болчив оо
10% төлөөд байртай болонгоо зорилготой амьдрах залуус их байгаа шүү. Хамаг залуу нас, олсон хэдэн төгрөг нь хажуу өрөөний түрээсэнд явдаг цаг түүх болоосой. Зарчмын асуудлуудаа эвийг нь олоод шийдвэрлээрэй.
Орох оронтой оочлох аягатай, бор гэртээ богд, хар гэртээ хаан шиг амьдрах сайхан.
Өөрийн гэсэн орон сууцтай, мэдлэг боловсролтой, үр хүүхдээ эрүүл энх өсгөн торниулж амьдарч яваа залуусыг харахад илүү сайхан.
Монгол залуу хүн бүрт амжилт хүсье.