Монгол – Төвийг сахих

848c120b06efec8f4e918da0b16ae7a6original

Монгол Улс төвийг сахисан бодлоготой орон болох. Энэ тухай нилээд бодлоо. Санал ч солилцлоо. Судалгаа дүгнэлт ч гаргуулж үзлээ. Энэ асуудлыг нийтээрээ тунгааж хөндөж ярилцах цаг нь ч болжээ.

Монгол хүн бүр л улс орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, бие даасан байдлыг улам бататгах тухай бодож санаж явдаг. Түүнд хувь нэмрээ оруулахыг эрмэлздэг. Манай улсын хувьд төвийг сахих нь дээрхи эрх ашигт яв цав таарна гэж олон хүн үздэг. Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээж байх үед ч, ардын болон ардчилсан хувьсгалын халуун өдрүүдэд ч энэ сэдэв яригдаж л байсан.

Төвийг сахих статусыг олон улсын эрх зүйгээр үндсэн хоёр төрөлд хувааж үзэх хандлага тогтжээ. Энэ статусын ангилал нь тухайн бодлогыг хэрэгжүүлж буй улс орны шийдвэр тунхаглалаас цэвэр хамаардаг. Дайны үед төвийг сахих бодлого гэж бий. Мөн байнга төвийг сахих бодлого гэж бий. Мөн идэвхтэй, идэвхгүй гэж нэрлэх нь ч бий. Дээрхи бодлогын нэр нь агуулгаа тодорхойлдог. Мөн тухайн бодлогын мөн чанар, зарчмыг илэрхийлсэн олон улсын харилцаанд мөрддөг гэрээ, хэлэлцээр ч бий.

Манай улсын хувьд “Монгол Улс нь байнга төвийг сахисан орон” гэж тунхаглаагүй нь үнэн. Гэвч манай гадаад бодлогын утга агуулга, хэлбэр, үйл ажиллагаа нь дурьдсан зарчимд бүрнээ нийцэж иржээ. Мөн бидний баталсан, нэгдэж орсон үндэсний болон олон улсын хууль, эрх зүйн баримт бичгүүд нь дээрхи бодлоготой зөрчилдөхгүй байгаа нь сайшаалтай. Тэр тусмаа манай улсаас хөрш орнуудтайгаа байгуулсан гэрээ хэлэлцээрийн утга агуулга, үг үсэгт дээрхи бодлого нарийвчлан тусгалаа олсон байдаг.

Монгол Улс төвийг сахих бодлого баримтлах тухай ярьж хэлэлцэхдээ бид юуны түрүүнд доорхи хүчин зүйлүүдийг бодолцох нь зүйтэй.

Нэг: Монгол Улс шинэ, ардчилсан Үндсэн хуулиа баталснаас хойш төвийг сахих бодлогыг агуулгын хувьд идэвхтэй хэрэгжүүлж иржээ. Харин хэлбэрийн талд түүнийгээ тунхаглаагүй байгаа юм. Энэ бодлогоо хэлбэржүүлж, баталгаажуулах үйл явц нь манай улсын хувьд зөвхөн цаг хугацааны асуудал болоод байна.

Хоёр: Манай улсын туулж ирсэн түүх, газар зүйн байршил, сонгож авсан замын онцлог, эрх ашигт төвийг сахих статусын зарчим, мөн чанар нийцэж байгаа юм. Уг бодлого нь тухайн оронд бусад улстай эрх тэгш, тэнцвэртэй харилцах боломж олгодог. Мөн бусад улс орон, олон улсын байгууллага ч тийм бодлогод хүндэтгэлтэй ханддаг.

Гурав: Олон улсын байдал, дэг журам цагийн эрхээр өөрчлөгдөж, шинэчлэгдэх нь бий. Харин төвийг сахих үйл ажиллагаа нь хамгийн тогтвортойд ордог. Учир нь уг статусыг хэрэгжүүлэгч улс оронд л тухайн бодлогоо засварлах, шинэчлэх, зогсоох онцгой бүрэн эрх хадгалагддаг.

“Байнга төвийг сахих” гэж чухам юуг хэлж ойлгож байна вэ? Энэ нь дайны үед ч, энх цагт ч хэвээрээ байдаг бодлого юм. Төвийг сахисан улс орон нь гадны халдлагад өртсөн тохиолдолд өөрийгөө хамгаалах бүрэн эрхтэй. Харин бусад улс орны эсрэг дайн өдөөхгүй, тэдний өдөөсөн дайнд оролцохгүй байх үүргийг сайн дураараа хүлээдэг. Байнга төвийг сахих статустай орон өөрийн гэсэн арми, зэвсэгт хүчинтэй байх дархан эрхтэй. Энэ эрх нь ч уг бодлогын баталгаа, дархлаа болдог. Сонгодог төвийг сахигч Швейцарь улс л гэхэд Европтоо хамгийн чадварлаг, түргэн маневрлагч армитай орны тоонд ордог. Манай батлан хамгаалах бодлогын үндэс ч дээрхитэй нийцдэг.

Төвийг сахигч орны газар нутгийн халдашгүй дархан байдал олон улсын эрх зүйгээр давхар баталгааждаг. Үүнд агаарын болон усан хил нь ч ордог. Тийм орны газар нутагт бусад этгээдээс дайны үйл ажиллагаа явуулахыг хориглодог. Мөн дайтагч талын цэрэг зэвсгийг өөрийн нутгаар дамжуулахгүй байх эрх эдэлдэг. Энэ нь аливаа цэргийн эвсэлд гишүүнээр элсэх болон цөмийн зэвсгийн асуудалд ч хамаарна.

Дурьдсан байдлаар “төвийг сахих” статусын үндсэн зарчим томъёологдож хэрэгждэг. Хэдий тийм боловч энэхүү бодлогын хэрэгжилт, үйл ажиллагааны хэлбэр нь тухайн статусыг тунхаглагч эзэн орноос л шууд шалтгаалдаг. Тайлбар нь ч адил. Нэг үгээр хэлбэл, тухайн статусыг тунхаглагч орон нь уг бодлого, үйл ажиллагаагаа дээрхээс улам тодруулж, эсвэл түүндээ тодорхой хүрээ хязгаар тогтоож хуульчлах, шийдвэрлэх, түүнийгээ зарлах тайлбарлах эрхтэй. Нөгөөтэйгүүр  уг статусын чанар нь тухайн орны идэвх санаачлагаас, түүний олон улсын нэр хүндээс бас хамаарна гэсэн үг.

Аливаа улс “байнга төвийг сахих” статусаа аль нэг орон, олон улсын байгууллагаар заавал дэмжүүлэх албагүй. Гэхдээ тийм статус зарлагч орныг олон улсын харилцаанд “төвийг сахисан улс” гэж үзэж, бүртгэл статистикт оруулдаг. Харин хөршөөсөө эхлээд уг асуудлаар ойлголцож, цаашид бусад орон, олон улсын байгууллагаас дэмжлэг авахыг эрмэлзэх нь зүй ёсны алхамд тооцогдоно. Бидний өвөг дээдэс аливаад гол ноён нуруу барьж хандахыг чухалчилдаг байсан. Шинэ цаг үед энэ уламжлалаа хадгалж нэг гартаа НҮБ-ын, нөгөө гартаа өөрийн дүрмийг барьж амьдрахыг эрхэмлэнэ гэсэн үг.

Монголын эрх ашигт нэгдмэл, залгамжтай, тодорхой гадаад бодлого бол ус агаар лугаа адил. Төвийг сахих статус нь бидний хувьд нэг талаар байгаа хүч боломждоо улам тулгуурлах, нөгөө талаар бусадтай идэвхтэй, уян хатан харилцахад тустай, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэрэгсэл юм. Үүнийг олны амьдрал сургамжаар бүтээгдсэн нийтлэг үнэлэмж ч гэж үзэж болно. Бас манайхны хувьд боломж юм. Боломж байнга олдоггүй. Үнэт зүйл удаан төлөвшдөг. Энд бидний санаачлагатай, тууштай байдал чухал. Мөн дээрхи статус маань Монголоор төвлөх олон бодлого, үйл ажиллагааг идэвхжүүлэхэд ч нэмэр болох нь гарцаагүй.

Монгол Улс байнга төвийг сахих. Энэ тухай цаашид зөвлөлдөж, ярилцаж, тодорхой шийдвэр гаргаж хэрэгжүүлэх нь манай улсын эрх ашигт нийцнэ гэж бодож байна. Төвийг сахих статус болон түүний эрх зүйн байдал, зарим шаардлагатай мэдээллийг энэ бичвэрийн хавсралтад товч өгүүлсэн болно. Сайн үйлс улам дэлгэрч, Монгол минь мөнх оршиг ээ.

Монголын Цахиагийн ЭЛБЭГДОРЖ

2015 оны 9 дүгээр сарын 7


Хавсралт

Энэ хавсралтад төвийг сахих статусын тухай, түүнийг олон улсын эрх зүйгээр хэрхэн зохицуулсан тухай, төвийг сахих статусын зарчмууд Монгол Улсын хууль, бодлогын баримт бичигт хэрхэн туссан тухай жишээ болгож сонгодог загвараас  Швейцарь, сүүл үеийнхээс Туркменистаны байнга төвийг сахих статусын тухай товч лавлах материалыг оруулав.

Нэг. Төвийг сахих статусын тухай

Төвийг сахих гэдэг нь “neuter” (дундаж) гэсэн латин үгнээс гаралтай бөгөөд дайн байлдаанд оролцохгүй, энхийн цагт цэргийн эвсэл холбоонд нэгдэхгүй байхад чиглэсэн гадаад бодлогын статус юм.

Төвийг сахих статус нь дайны үед төвийг сахих, байнга төвийг сахих гэсэн хоёр төрөлтэй ажээ. Дайны үед төвийг сахисан улс нь дайн байлдаанд оролцохгүй, дайтагч талуудад туслахгүй, нутаг дэвсгэрээ ашиглуулахгүй, тэдгээртэй адил тэнцүү харилцах үүрэгтэй.

Байнга төвийг сахисан улс нь дайн байлдаанд оролцохгүй байхаас гадна энхийн цагт бусад улсын эсрэг хүч хэрэглэхгүй, дайн эхлүүлэхгүй, цэргийн эвсэл холбоонд нэгдэхгүй, гадаадын цэргийг нутаг дэвсгэртээ байрлуулахгүй байх зэрэг үүрэг хүлээдэг. Төвийг сахисан улс гадны халдлагад өртвөл өөрийгөө хамгаалах болон бусад улс, НҮБ-аас тусламж хүсэх эрхтэй байдаг байна.

XIX зуунд төвийг сахих статусыг олон улсын гэрээгээр тогтоож байсан бөгөөд энэ нь дайны дараа энхийн хэлэлцээр байгуулж байсантай холбоотой. 1815 онд Венийн их хурлын тунхаглалаар Швейцарьт, 1831, 1839 оны Лондоны гэрээгээр Бельгид, 1867 оны Лондоны гэрээгээр Люксембургт, 1885 оны Берлиний гэрээгээр Конгод тус тус төвийг сахих статус олгосон (эдгээрээс Швейцарь төвийг сахих статустайгаа үлдсэн). Харин Ватикан 1929 онд, Мальт 1983 онд тус тус Италитай гэрээ байгуулж төвийг сахих статустай болсон.

Швед 1834 онд төвийг сахихаа тунхагласнаас хойш улс орнууд төвийг сахихаа дангаараа тунхаглан тогтоож байна. Лихтенштейн 1868 онд тунхаглал, Коста-Рика 1949 онд тунхаглал, Австри 1955 онд хууль, Камбож 1957 онд хууль, Лаос 1962 онд тунхаглал, Украин 1990 онд тунхаглал, Туркменистан 1995 онд хууль тус тус гаргаж төвийг сахихаа тунхагласан.

Дэлхийн хоёр дайнд хэд хэдэн улс төвийг сахиж оролцоогүй. Өнөөдрийн байдлаар Австри, Ватикан, Ирланд, Коста-Рика, Лихтенштейн, Мальт, Туркменистан, Финланд, Швед, Швейцарь нь төвийг сахисан улс болно (гэхдээ Европын холбооны гишүүн болсон Австри, Ирланд, Мальт, Финланд, Шведийн төвийг сахих статус маргаантай асуудал болоод байна).

Дангаараа тунхагласан төвийг сахих статусыг бусад улс хүлээн зөвшөөрөх эс зөвшөөрөх нь тухайн орны л асуудал юм. Тухайлбал Мексик 1930, Молдова 1994, Серби 2007, Гана 2012 онд төвийг сахихаа тунхагласан ч хөрш зарим орон нь хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн ажээ. Австри, Коста-Рика, Лихтенштейн, Шведийн хувьд ийм асуудал гараагүй, харин Туркменистан 1995 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн тогтоол гаргуулж хүлээн зөвшөөрүүлсэн.

Хоёр. Төвийг сахих тухай олон улсын эрх зүй

Олон улсын эрх зүй нь төвийг сахих статусыг хүлээн зөвшөөрдөг.

Дайны үед төвийг сахих статусыг олон улсын эрх зүйгээр, тухайлбал Хуурай замын дайны үед төвийг сахисан улс, этгээдийн эрх, үүргийн тухай 1907 оны Гаагын V конвенц, Тэнгисийн дайны үед төвийг сахисан улсын эрх, үүргийн тухай 1907 оны Гаагын XIII конвенцоор зохицуулдаг. 1910 онд хүчин төгөлдөр болсон эдгээр конвенцид ОХУ, БНХАУ, АНУ, Герман, Япон, Франц зэрэг 37 улс оролцдог.

Харин байнга төвийг сахих статусыг олон улсын эрх зүйгээр зохицуулаагүй, өөрөөр хэлбэл байнга төвийг сахих статуст юу хамаарах, хэрхэн тогтоох, бусад улсаар хүлээн зөвшөөрүүлэх шаардлагатай эсэхийг зохицуулсан олон улсын эрх зүйн баримт бичиг байхгүй юм.

Иймд байнга төвийг сахих статусыг улс орнууд өөрсдийн үзэмжээр өөр өөрөөр тодорхойлж тогтоодог ч энхийн цагт бусад улсын эсрэг хүч хэрэглэхгүй, дайн эхлүүлэхгүй, цэргийн эвсэл холбоонд нэгдэхгүй, гадаадын цэргийг нутаг дэвсгэртээ байрлуулахгүй байх, гадны халдлагад өртвөл өөрийгөө хамгаалах зэрэг нь нийтлэг зарчим болж байна (дайны үеийн эрх, үүргийг нь дээр дурдсан Гаагын V, XIII конвенцоор зохицуулдаг бөгөөд байнга төвийг сахих улс тэдгээрт нэгдэн орох шаардлагатай).

Гурав. Төвийг сахих статусын зарчмууд Монгол Улсын хууль, бодлогын баримт бичигт туссан нь

  1. Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 1-д “Монгол Улс олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн эрх зүйн хэм хэмжээ, зарчмыг баримталж энхийг эрхэмлэсэн гадаад бодлого явуулна”, Дөрөвдүгээр зүйлийн 3-т “Хууль гаргахгүйгээр гадаадын цэргийн хүчнийг нутаг дэвсгэртээ байрлуулах, дамжин өнгөрүүлэхээр улсын хил нэвтрүүлэхийг хориглоно” гэж заасан.
  1. 1998.01.08-нд батлагдсан Гадаадын цэргийн хүчнийг байрлуулах, дамжин өнгөрүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Дайсагнагч талууд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд аюул занал учруулаагүй бол тэдгээрийн аль нэгний цэргийн хүчнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлуулах, дамжин өнгөрүүлэхийг хориглоно” гэж заасан.
  1. 2000.02.03-нд батлагдсан Цөмийн зэвсгээс ангид байх тухай хуулийн 4 дүгээр зүйлд “4.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт хувь хүн болон хуулийн этгээд, гадаад улс цөмийн зэвсэгтэй холбогдсон дараах үйлдэл, үйл ажиллагааг явуулах, санаачлан хэрэгжүүлэх буюу хэрэгжүүлэхэд оролцохыг хориглоно: 4.1.1. цөмийн зэвсгийг боловсруулах, үйлдвэрлэх буюу бусад аргаар олж авах, эзэмших, хяналтдаа байлгах; 4.1.2. цөмийн зэвсгийг байрлуулах буюу аливаа хэрэгслээр тээвэрлэх; 4.1.3. цөмийн зэвсгийг турших буюу хэрэглэх; 4.1.4. цөмийн зэвсгийн гаралтай тусгай ангиллын цацраг идэвхт материал, шаар болон аюултай хог хаягдлыг булшлах буюу устгах. 4.2. Цөмийн зэвсгийн зориулалтаар ашиглахаар бэлтгэгдсэн буюу үйлдвэрлэгдсэн цөмийн зэвсгийн эд анги, бүрэлдэхүүн, хаягдал болон эд зүйлийг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан өнгөрүүлэхийг хориглоно” гэж заасан.
  1. УИХ-ын 2010.07.15-ны 48 дугаар тогтоолоор батлагдсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.1.1.2-т “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангах үндсэн арга нь улс төр, дипломатын үйл ажиллагаа байна. Энэ хүрээнд олон тулгуурт гадаад бодлогын зарчмыг эрхэмлэж, дэлхийн улс орнууд, олон улсын байгууллагуудтай идэвхтэй харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлнэ”, 3.1.1.3-т “Энхийг эрхэмлэсэн гадаад бодлогоо тууштай баримталж, энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн олон улсын хамтын нийгэмлэгийн үйл ажиллагааг идэвхтэй дэмжинэ”, 3.1.1.4-т “ОХУ, БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, өргөн хүрээтэй хамтын ажиллагааг хөгжүүлнэ. Чингэхдээ үндэсний эрх ашиг, харилцааны түүхэн уламжлалыг харгалзан бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг эрхэмлэж, бүхэлдээ тэнцвэртэй харилцахыг эрмэлзэнэ” гэж заасан.
  1. УИХ-ын 2011.02.10-ны 10 дугаар тогтоолоор батлагдсан Гадаад бодлогын үзэл баримтлалын 3-т “Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний язгуур ашиг сонирхлыг олон улсын эрх зүйн хүрээнд улс төр-дипломатын аргаар хангах нь гадаад бодлогын тэргүүлэх зорилт мөн”, 4-т “Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого явуулна”, 6-д “Монгол Улс бусад улстай харилцахдаа бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хилийн халдашгүй дархан байдал, өөртөө засан тогтнох бүрэн эрхийг харилцан хүндэтгэх, дотоод хэрэгт үл оролцох,  маргаантай асуудлыг эв зүйгээр шийдвэрлэх, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, эрх тэгш, харилцан ашигтай хамтран ажиллах зэрэг НҮБ-ын Дүрэмд тодорхойлж, нийтээр хүлээн зөвшөөрсөн олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээ, түүнчлэн хоёр талын харилцааны үндсэн баримт бичгүүдэд заасан бусад зарчмыг удирдлага болгоно”, 7-д “Дэлхий, бүс нутагт нөлөө бүхий улсуудтай харилцаа, хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэхийг зорихын хамт аль нэг улсаас хэт хамааралтай буюу хараат байдалд орохоос сэрэмжилнэ”, 11-д “Монгол Улсад гадны цэргийн аюул занал учраагүй нөхцөлд цэргийн аливаа холбоонд нэгдэхгүй, нутаг дэвсгэр, агаар мандлаа аль нэг улсын эсрэг ашиглуулахгүй байх, гадаадын цэргийн хүчнийг нутаг дэвсгэртээ нэвтрүүлэхгүй, байрлуулахгүй, дамжин өнгөрүүлэхгүй байх чиг шугам баримтална”, 13-т “Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүний хувьд бүс нутгийн болон дэлхийн чанартай тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн бүх нийтийн үйл хэрэгт хувь нэмэр оруулахыг чармайна” гэж заасан.
  1. УИХ-ын 1998.05.15-ны 56 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн цэргийн бодлогын үндсийн II хэсэгт “Цэргийн хүч хэрэглэх болон хэрэглэхээр заналхийлэх нь маргаантай асуудлыг шийдвэрлэх арга зам гэж үзэхгүй бөгөөд аливаа хүчирхийлэл, түрэмгийллийг хүлээн зөвшөөрөхгүй; өөр улсын эсрэг ямар ч тохиолдолд цэргийн хүчээ түрүүлж хэрэглэхгүй, цэргийн аюул, заналхийлэл бусдад учруулахгүй, бусдын зэвсэгт түрэмгийлэлд өөрөө өртсөнөөс бусад тохиолдолд дайн, зэвсэгт мөргөлдөөнд оролцохгүй. НҮБ-ын үйл ажиллагаанд дэмжлэг, сайн санааны туслалцаа үзүүлэх, зуучлах, эвлэрүүлэх талаар хүлээсэн үүргээ НҮБ-ын Дүрмийн дагуу биелүүлнэ. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд цэргийн аюул, заналхийлэл учирсан буюу учрах нь бодитой болсноос бусад тохиолдолд цэргийн аливаа эвсэл холбоонд нэгдэхгүй. Монгол Улсын хуульгүйгээр гадаадын цэргийн хүчнийг өөрийн нутаг дэвсгэрт нэвтрүүлэхгүй, байрлуулахгүй, дамжин өнгөрүүлэхгүй байх бодлогыг чанд баримтална” гэж заасан.

Дөрөв. Швейцарийн төвийг сахих статус

Швейцарийн байнга төвийг сахих статусыг төвийг сахихын уламжлалт сонгодог загвар гэж үздэг. 1815 оны Венийн их хурлын тунхаглалаар Швейцарийн тусгаар тогтнолыг сэргээж, төвийг сахих статусыг нь тогтоосныг мөн онд Парисын гэрээгээр Австри, Англи, Орос, Прусс, Франц хүлээн зөвшөөрсөн. Дэлхийн I дайныг эцэслэсэн Версайлийн 1919 оны гэрээгээр Швейцарийн төвийг сахих статусыг баталгаажуулсан. Швейцарийн Үндсэн хуулинд төвийг сахих статус нь тус улсын тусгаар тогтнолыг хамгаалах хэрэгсэл гэж заажээ.

Швейцарь төвийг сахисан улсын хувьд олон улсын харилцаанд ажиглах, зуучлах, эвлэрүүлэх, энхийг дэмжих үйл ажиллагааг идэвхтэй явуулдаг бөгөөд нутаг дэвсгэрээ олон улсын яриа хэлэлцээ явуулах, олон улсын байгууллага байрлах талбар болгодог. Тухайлбал, 1953 онд Солонгосын дайн, 1967 онд Ойрхи Дорнодын зэвсэгт мөргөлдөөний дараа эвлэрлийн нөхцлийг хянахад оролцсон, олон орны сонгуульд ажиглагч илгээдэг, НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцдог, Европын зөвлөл, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын гишүүн бөгөөд олон улсын 26 байгууллагыг нутаг дэвсгэртээ байрлуулдаг. 2002 оны бүх нийтийн санал асуулгаар хүн амын 54,6 хувь нь дэмжсэнээр НҮБ-ын гишүүн болохдоо “Швейцарь нь олон улсын эрх зүйд үндэслэсэн төвийг сахих статустай орон. Тиймээс НҮБ-д гишүүнээр элссэн ч төвийг сахисан хэвээр байна” гэж мэдэгджээ.

Швейцарь гадаад бодлогынхоо зарим үйл ажиллагааг төвийг сахих статуст нь нийцэж байгаа эсэхийг дараах байдлаар дүгнэсэн байна:

  • НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хориг, Европын холбоо зэрэг бусад тоглогчийн тогтоосон эдийн засгийн хоригийн талаар төвийг сахих тухай олон улсын эрх зүйгээр зохицуулаагүй тул нийцнэ.
  • НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн мандатын дагуу, эсхүл сөргөлдөгч талууд зөвшөөрсний дагуу энхийг дэмжих болон энх тайван тогтоох ажиллагааг хэрэгжүүлж байгаа бол түүнд оролцох (гэхдээ байлдааны хэсэгт нь оролцохыг хориглоно).
  • Дайны үед туслалцаа үзүүлэх үүрэг хүлээхгүйгээр бусад улстай хамтарсан сургуулилт хийх, зэвсгийн талаар хамтран ажиллах нь нийцнэ.
  • ЕАБХАБ, Европын холбоо зэрэг олон улсын байгууллагад гишүүнээр элсэх нь дайны үед туслах үүрэг ногдуулдаггүй учир нийцнэ.
  •  НАТО-гийн Энхийн төлөөх түншлэлийн хөтөлбөрт оролцох нь НАТО-д гишүүнээр элсэх, НАТО-д туслах үүрэг хүлээлгэдэггүй учир нийцнэ.
  • НАТО-гийн гишүүн орнууд дайны үед харилцан туслах үүрэг хүлээдэг тул НАТО-д гишүүнээр элсэх нь нийцэхгүй.

Швейцарь төвийг сахих статусаа тууштай хэрэгжүүлдэг. НАТО Сербийг бөмбөгдөх, АНУ Иракт довтлохдоо нутаг дэвсгэрээр нь цэргийн нислэг үйлдэх хүсэлт тавихад Швейцарь татгалзсан. Учир нь НҮБ эдгээр ажиллагааг зөвшөөрөөгүй тул татгалзсан ажээ. Харин НАТО-гийн ажиллагаа дуусч Косовод НҮБ-ын мандат бүхий НАТО-гийн энхийг сахиулах ажиллагаа эхлэхэд Швейцарь оролцсон байна.

Швейцарийн хувьд төвийг сахих нь өөрийгөө батлан хамгаалах чадваргүй гэсэн үг биш. Өөрийн хүчирхэг армитай бөгөөд эрэгтэй хүн бүр жил бүр тодорхой хугацаагаар цэргийн алба хаах үүрэгтэй, цэргийн албанаас халагдахдаа галт зэвсгээ гэртээ хадгалж байнга бэлэн байдалд байдаг. Арми нь төвийг сахихын баталгаа гэж үздэг.

Тав. Туркменистаны төвийг сахих статус

Туркменистаны байнга төвийг сахих статус нь төвийг сахихын сүүлийн үеийн жишээ болж байна. 1995 онд төвийг сахих статусаа Үндсэн хуульдаа тунхаглан хуульчилж, НҮБ-ын Ерөнхий ассамблейн тогтоолоор хүлээн зөвшөөрүүлжээ.

Үндсэн хуулийн 6-д “Туркменистан байнга төвийг сахих, бусад улсын дотоод хэрэгт үл оролцох, хүч хэрэглэхгүй байх, цэргийн эвсэлд үл нэгдэх, бусад улстай энх тайванч, найрсаг, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих зэрэг зарчимд түшиглэн гадаад бодлогоо боловсруулна” гэж заажээ.

Туркменистан байнга төвийг сахих тухай хуульд зааснаар төвийг сахих нь гадаад бодлогын үндэс болох бөгөөд улс төр, цэрэг, эдийн засгийн салбарт байнга төвийг сахина. Цэргийн эвсэл болон хамтын хариуцлага хүлээдэг хатуу болзол бүхий улс хоорондын байгууллагад элсэхгүй. Дайн, зэвсэгт мөргөлдөөн эхлүүлэхгүй, оролцохгүй. Цөмийн, химийн, бактериологийн болон үй олноор хөнөөх бусад төрлийн зэвсэг эзэмшиж, үйлдвэрлэж, дэлгэрүүлэхгүй, гадаадын цэргийн баазыг нутаг дэвсгэртээ байрлуулахгүй. Аль нэг улсын цэргийн халдлагад өртвөл бусад улс, НҮБ-аас тусламж хүсэх эрхтэй. Аливаа нэг улсад эдийн засгийн шахалт үзүүлэхгүй, аль нэг улсын эсрэг тогтоосон эдийн засгийн хориг арга хэмжээг дэмжихгүй.

Туркменистан нь НҮБ-гаас хүлээн зөвшөөрсөн төвийг сахих статустай цорын ганц улс юм. НҮБ-ын Ерөнхий ассамблей 1995 онд “Туркменистаны байнга төвийг сахих бодлогын тухай” 50/80 тоот тогтоол баталж Туркменистаны байнга төвийг сахих статусыг хүлээн зөвшөөрч дэмжсэн бөгөөд тус статусыг хүндэтгэн дэмжихийг НҮБ-ын гишүүн орнуудад уриалсан.

Туркменистан бүс нутгийн хэмжээнд энх тайван тогтооход хувь нэмрээ оруулж, холбогдох талуудын хооронд яриа хэлэлцээ хийхэд төвийг сахисан талбар болохыг эрмэлзэж байна. Тажикийн дайтагч талуудын энхийн хэлэлцээ, Афганистаны талуудын хэлэлцээ, Афганистаны асуудлаарх олон улсын чуулга уулзалтыг зохион байгуулж, Төв Азийн орнуудын санаачилсан НҮБ-ын Урьдчилан сэргийлэх дипломат үйл ажиллагааны Төв Азийн бүсийн төвийг Ашхабадад байгуулсан. 2015 оны 12 дугаар сард “Төвийг сахих бодлого: энх тайван, аюулгүй байдал, хөгжлийн төлөөх олон улсын хамтын ажиллагаа” сэдвээр олон улсын бага хурал зохион байгуулна. Төвийг сахих бодлогын улмаас Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад гишүүн орноор элсээгүй байна.

Төвийг сахих статус нь гагцхүү уг бодлогыг тунхаглагч улсын асуудал юм. Тунхагласан тохиолдолд уг статус нь тухайн орны гадаад бодлогын үндсэн чиг шугамын нэг болдог. Олон улсын практикт тухайн орныг төвийг сахисан орон гэж үзэж, энэ чиглэлийн эрх зүйн зохицуулалтад хамааруулдаг.


URL:

Сэтгэгдэл бичих