Оюутнууд ирлээ шүү, бэлтгэлээ базаагаарай

Их, дээд сургуулиуд амрахаар хотын хөл хөдөлгөөн эрс татарч, автобусанд суусан ч сандал олддог болдог юм. Машины хөдөлгөөн ч багасч, түгжрээнд зогсоод байх цаг ч багасдагсан. Тэр сайхан зуны гурван сар өнгөрч, наймдугаар сарын сүүлч иржээ. Өнөөдөр бүх их, дээд сургуулиуд оюутнаа бүртгэнэ гээд бөөн юм болж байна. Тэр дундаа нэгдүгээр дамжааны шинэ оюутнууд болох улаан хацартай бор царайтай хүүхдүүд эцэг, эхээ дагаад л гүйгээд байна даа. Тийм болохоор өнөөдрөөс эхлэн хотынхон минь бэлтгэлээ базаагаарай.

Өглөө ажилдаа явахдаа зуны цагийн хувиараасаа 30 минутын өмнө гэрээсээ гарах хэрэгтэй. Тэгэхгүй бол шууд хоцорно л гэж мэд. Автобусанд суухдаа ч зуныхаасаа илүү гар утас, хэтэвч энэ тэрээ хямгадах шаардлагатай болох нь. Учир нь өнөөх халаас тэмтрэхэд мэргэшсэн “гарууд” чинь чихэлдэж байгааг харин ч нэг сайн ашиглана биз дээ.

За тэгээд дэлгүүр хэсэх, хоолонд орох, бэлэн мөнгөний машинд оочерлэх гээд бүхий л ажилдаа нэмэлт цаг төлөвлөхгүй бол бүтэхээ болино л гэсэн үг. Бүр лавшруулбал хүнсний зүйлээ ч гэсэн нэг өдрийн өмнө ч болов бэлдэхэд гэмгүй байх.

Оюутнууд ирсэн сургаар бүх л бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж магадгүй л байх. Мөн нийтийн орон сууц, хажуу өрөө, байр хөлсөлдөг бизнес эрхлэгчид ч гэсэн байр сууцаа сайтар бэлдэж, зараа энд тэнд өгч байхад гэмгүй. Одоо л өнөөх оюутнуудын орон байрны төлөөх “дайн” эхэлнэ шүү дээ. Эхэндээ бага зэрэг хямдхан байвал амархан хөлслөх хүн олдох нь тодорхой.

Бизнес гэснээс дуучид, хамтлагууд хошин шогийнхон хүртэл шинэ тоглолтын бэлтгэлээ базааж, есдүгээр сарын эхээр шоу хийхээ бодсон нь дээр байх. Шинэ оюутнууд мөнгөтэй, сонирхох юм их болохоор элдэв тоглолт алгасахгүй үзэх нь мэдээж. За тэгээд баар цэнгээний газар, пабууд ч гэсэн бэлтгэлээ базаах хэрэгтэй. Зуны цагт бэлддэг байсан архи пивоноосоо илүү ихийг нөөцлөх хэрэгтэй. Оюутнууд цуглаж байгаа л хойно баар, пабын пиво, архийг жинхэнэ ховх сордог юм байгаа биз дээ.

Нэгдүгээр дамжааны оюутнууд ч гэсэн танилцсаны баяр хийж энэ тэрүүгээр хэсэх нь мэдээж. Үүнийгээ дагаад цагдаа нар ч гэсэн бэлтгэлээ базаах шаардлагатай. Сүүлийн жилүүдэд оюутан залуусын архидалт дэндэж, ноцтой гэмт хэрэг үйлдэх болсон. Энэ намар ч архидалт буурч гавихгүй биз. Тэгэхээр орой үдэш халамцуу залуус иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж, эрхэм эргүүлийн цагдаа нарт ажил удах нь гарцаагүй.

Нээрээ нэг зүйл мартах гэж байна. Таксинд явж, халтуур хийдэг хүмүүс ч гэсэн бэлтгэлээ базаах нь зүйтэй. Оюутнууд ихэвчлэн орой, шөнийн цагаар шоу цэнгээнээ өндөрлөж гэртээ харина. Тэгэхээр таксины жолооч нар өдөр нь нойроо боломжоороо аваад, шөнөдөө улс орны ирээдүй болсон залуусаа найдвартайхан гэрт нь хүргэж өгөх хэрэгтэй байна. Энэ мэтээр бэлтгэлээ базаах байгууллага, хувь хүнийг тоочоод байвал барагдахгүй.

За даа, тэр энэ гэлтгүй нийслэлийнхэн минь нийтээрээ оюутнуудаа тосч авахдаа бэлдэх нь зөв болов уу. Явган зорчигчид хүртэл гарцан дээр түгжрэх магадлал өндөр болохоор орой харих, өглөө ажилдаа явахдаа хэдэн минутын өмнө гарч байхгүй бол болохгүй байх шүү.

Н.Пунцагболд


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих