АН-ын бүлэг хоригийг ч, сайдуудыг ч дэмжлээ
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд “Хүлээж авах нь зүйтэй” гэсэн зарчмын байр сууринд нэгдсэн байна.Мөн энэ хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын зарим гишүүнийг томилох асуудлаар мэдээлэл хийжээ. Бүлэг сайдад нэр дэвшсэн гишүүдийг бүгдийг дэмжсэн байна.
Ийнхүү АН-ын бүлгийн гишүүд “чих нь зөөлөрч”, дотоод зөрчлөө цэглэж буй бололтой. Мөн энэ өдөр ИЗНН-аас ч Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авна, авлигачдыг өршөөх ёсгүй гэсэн байр сууриа албан бичгээр мэдэгдсэн юм.
Харин ээлжит бус чуулган зарласан процедурт алдаа гарсан юм биш үү, хууль зөрчин зарласан гэдэг асуудлыг УИХ дахь МАН-ын бүлгээс тавьж байна. Үүнд ямар хариулт өгөх вэ гэсэн сэтгүүлчийн асуултад УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “УИХ-ын дарга гадаад руу явахын өмнө ээлжит бус чуулган зарлана гэдгээ мэдэгдсэн. Тэр дагуу УИХ-ын дэд дарга ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулсан. Хууль зөрчсөн зүйл болоогүй” гэдэг тайлбар хийлээ. Гэвч УИХ-ын гурван дэд даргын хэн нь ч “УИХ-ын дарга хэлчихээд явсан” гэсэн тайлбартайгаар УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулбал яах вэ гэдэг С.Бямбацогт гишүүний асуулт хариулт нэхэн үлдлээ.
URL: