Урт холын замд хүний чанар танигдана гэдэг. Хөдөө хээр яваа аянчид ямар ч “баг”-гүй жинхэнэ төрөлх араншингаа гаргадаг учраас тэр биз. Ялангуяа ус ундарга муутай говьд хүний чанар жинхэнэ утгаараа танигддаг.
Хүн, амьтны бараа сураггүйд хааяа нэг тэнгэрийн хаяанд үзэгдэх говийн ганц айл бол аян замынханд ёстой л диваажингийн цэцэрлэг үзсэн шиг сайхан санагддаг юм билээ. Өмнө нь зам мэдэхгүйдээ говьд төөрч, хөндий төмөр байтугай бургасны мөчир ч үгүй хэдэн хүүхэн хээрийн амьтантай таарч зутарч явсан удаатай.
Харин ойрмогхон элсний ширхэг бүрээ мэддэг хүнтэй өмнийн цэнхэр говиор аялаад ирсэн. Төөрч будлих нь байтугай “Энд нэг өвгөн хайлаас байсан. Алга болчихож, аянганд ниргүүлчихсэн юм байх даа” хэмээн алсаас хараачлах нь хүртэл бахархалтай. Яаж ингэж мод чулуу бүрийг нүдэлж, ялгаж салгаад байгааг нь ойлгох ухаан үнэндээ хүрсэнгүй. Яаж ч амжих билээ.
Хэдэн жилийн өмнө бас л говьд аялж явахад нэг геологич “Энэ чулууг сайн нүдлээд ав. Төөрлөө гэхэд айл амьтны бараа харж очтолоо амандаа хүлхээд явахад цангаж үхэхгүй” гэж зааж өгч байлаа. Гэтэл одоо мөнөөх чулуугаа таньж олох нь байтугай нэрийг ч мартжээ.
Нийтлэлийн маань баатар ХХЕГ-ын хэвлэл мэдээллийн зөвлөх, дэд хурандаа Д.Баасанжаргал юм. Түүний төрсөн нутаг буюу тоонот нь Завхан аймгийн Яруу суманд. Тэрээр “Ерөнхийлөгч Н.Багабандитай нэг нутаг, арай л хамаатан биш” гэж алиална. Аян замд төдийгүй амьдралын туршид тулх түшигтэй яваа түүнийг нөхөд нь “Манай Бааска” л гэдэг юм билээ.
Галч, үгүй бол жолооч болохоор шийдсэн нөхөр
Түүнийг төрсний дараахан ээж нь, найман сартайд аав нь өнгөрчээ. Мэдээ ороогүй байх үед аав ээж нь бурханы оронд одсон болохоор зовж зүдэрч буйгаа ч мэдэхгүй хүн болсон гэдэг. Хоёр ах, нэг эгчтэй байсан. Хорвоогийн жамаар одоо бүгд бурхан болжээ.
Бүтэн өнчин өссөн учраас “Чи тэгнэ шүү, ингэв зээ”, “Хүн тэгдэг юм” гэж хэлж ярих хүнгүй. Тиймээс ч тэр үү, хар санаа үгүй. Байгаа юмыг яг байгаагаар нь ил цагаан хэлж, ад болох үе ч байжээ. Тэрээр “Гэнэн залуу насны ааг омгоор амьдралдаа алдаж онож явсан байх талтай ч эцэг эхгүй бүтэн өнчин өссөн хүүхэд ямар ч даруулгагүй, дураараа өссөний харгай л байж дээ” хэмээн өнгөрсөнд “дүн тавив”.
Ямартай л бяцхан Бааска “Уурын зууханд галч болно доо. Бүтэхгүй бол жолооч л болохоос” хэмээн дотроо бодож, шийдэж байх вэ. Дунд сургуульд байхад нь Уурын зуухны галч хийдэг хэдэн нөхөр их эрх чөлөөтэй. Хоол цай эргүүлээд, тамхи татсан шигээ суудаг. Тэднийг хэн ч загнахгүй. Тэгсэн хэр нь цалин гэж мөнгө авдаг нь их аятайхан санагддаг байж. Гэхдээ Бааска хувь заяагаа сонгосонгүй. Харин хувь заяа Бааскаг сонгосон нь олонтаа. Тэрээр хүлээсэн үүрэг, хийж буй ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг. Хүмүүстээ ч хатуу шаардлага тавьдаг. Энэ нь амжилтын шатаар өгсөхөд нөлөөлсөн болов уу.
Оросын сахилгад суусан үнэн түүх
Аравдугаар ангиа төгссөн шавилхан хүү Москвагийн Хилийн цэргийн командын дээд сургуульд тэнцжээ. Тэр үе бол 1977 он. НАХЯ-ныхан шинэ сонсогчдоо шигшиж авч байжээ. Харин одоо тэрээр “Заримдаа ч миний сурлага, сахилгыг нэг их хараагүй байх. Тэр үед хилийн цэрэг түгшүүртэй, Хятадтай харилцаа муу байсан учраас бүтэн өнчин намайг сонгосон юм болов уу. Ийш тийш нь явуулаад янз бүрийн юманд өртлөө гэхэд араас нэхэл дагал болох хүнгүй гэж тооцоолсон байх” хэмээн хардах үе ч гарч байсан гэдгийг нуусангүй.
Социалист нийгмийн тогтолцооны үед хилийн цэргийн хоёрхон сургууль байжээ. Түүний нэг нь Москвагийн Хилийн цэргийн командын дээд сургууль. Нөгөөх нь Алма-Атад. Тэнд зөвхөн оросуудаа бэлтгэдэг. Москвагийн Хилийн цэргийн командын дээд сургуульд болохоор Монгол, Вьетнам, Герман, Куба зэрэг социалист орны сонсогчид сурдаг байж.
Москвад сурч байхдаа сонсогч Д.Баасанжаргал майкан дээрээ чоно зураад өмсчихдөг. Эсвэл Чингис гээд биччихнэ. Оросууд их гайхдаг байжээ. Гэхдээ иймэрхүү асуудлаас болж сахилгад сууж байсангүй. Арай өөр асуудлаар Оросын сахилгад сууж үзжээ. Уг нь хичээл номоосоо шантраагүй. Үерхэж буй охинтойгоо уулзахаар явсан нь цэргийн албан ёсны хэллэгтээ “Сургуулиасаа оргож зугатаасан” гэж орчуулагджээ. Хагас юм уу бүтэн сайнд нэг л өдөр гадуур гаргадаг журамтай. Гэхдээ ганцхан дунд авахад л ийм эрхгүй болдог. Бас сахилга бат сайн байх ёстой гээд нэлээд чанга хатуу сургууль. Ийм мундаг сургуулиас их ч юм сурсан байна. Тэдний төгсөгчдийг одоо хүртэл дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрдөг гэхээр ямар зангарагтай сургууль дүүргэсэн нь тодорхой.
Албаны нохойд чингис гэдэг нэр өгөөд бурууджээ
Орь залуу насныхаа таван жилийг Моксвад үдсэн шинэхэн офицер 1982 онд Өмнөговь аймгийн Номгон суманд томилогдон очжээ. Бүр тодруулбал, үүх түүх нь хуучирдаггүй Жаалшандын заставт томилогдсон байна. Харамсалтай нь хилийн цэрэгт нэг их удсангүй. Хоёрхон жилийн дараа буюу 1984 онд Хилийн цэргээс халагдсан байх юм. Товчхондоо сахилгагүйтсэн гэдэг шалтгаанаар хөөгджээ.
Хилийн цэргийн 50 жилийн ой 1983 онд болсон аж. Говьд ямар адуу байх биш. Зүгээр л зугаа болгож хэдэн гөлөгнийхөө хоолыг жаахан сойж байгаад уралдуулсан гэх мэтийн паян бол бий. Мөн Цагаан-Уулын заставаас дөнгөж нүдээ нээсэн нэг гөлөг авчирч юм сургаж, хилчин нохой болгох санаатай ноцолдож байж. Түүндээ Чингис гэдэг нэр өгсөн нь буруудаж, “Албаны нохойд Чингис гэдэг харгис хүний нэр өгсөн” гээд хурлаар орсон түүхтэй. Нэлээд сахилгагүй офицер байсан нь үнэн ч энэ мэт нь хөөгдөх шалтгаан биш шиг санагдана.
Энэ талаар тодруулахад тэрээр “Би ч дарга нартайгаа таарахгүй. Яр яр гэдэг ярдаг зантай. Чих хатуу гэхээсээ илүү тэр цаг үе зарим талаараа их хогийн байсан даа. Дарга нарт долигнох ёстой гэдгийг дөнгөж сургууль төгссөн залуу мэдэхгүй. Бүх зүйлийг яг байгаагаар нь ил цагаан хэлчихдэг. Тэр нь дарга нарын дургүйг хүргэдэг. Тэгээд ч говь газрын онцлогийг мэдэхгүй. Овог ондоотой ч төрсөн ах, дүүг танихгүй. Нөгөөдүүл ч архи дарс уухдаа сайхан найз нөхөд. Тэгсэн мөртлөө дараа нь матна. Хамт уусан байхад төрсөн ах нь дүүгээ буруутгахгүй гэх мэтээр хөгийн зүйл их л тохиолдож байсан. Одоо энэ талаар яриад яах юм бэ” хэмээн дургүйцэв.
“Байлдаан эхлэв”
Одоо хөрш улсуудтайгаа найрамдлын харилцаатай учраас хил тайван байна. Түүнийг төгсч ирэхэд Жаалшандын застав гурван жилээр алба хааж байгаа цэргүүдтэй, байнгын бэлэн байдалд буюу түгшүүртэй байжээ. Цаг төрийн байдал хүнд байсан учраас арга ч үгүй биз. Гэхдээ хамгийн дурсгалтай үе нь. Дөнгөж хорь гарсан залуугийн хэнэггүйтэх, хэрсүүжих насны зааг өнгөрсөн учраас тэр.
Дайнгүй хэр нь дайны цаг шиг үед алба хааж байсан хилчидтэй хамт үүрэг гүйцэтгэж явснаа тэрээр дурслаа. Тухайн үед юу ч боддоггүй байж. Гагцхүү эхний суманд л үхчихгүй дайсантайгаа байлдана гэсэн туйлын зорилготой. Түүнээс биш эхнэр авч хүүхэдтэй болно, цол ахина гэж алсаа ер бодохгүй. Ерөөсөө нөхцөл байдал нь ийм байжээ. Хэзээ байлдах бол гэсэн хүлээлттэй. Үзэл суртлын хувьд ч “Хэзээ мөдгүй хятадууд дайрна” гээд бүхэл бүтэн таван жил яс маханд нь шингээсэн байж. Түүнээс биш “Чи ингэж өөрийгөө хөгжүүлэн өсөх хэрэгтэй” гэдэг зүйл байхгүй. Ямартай л Д.Баасанжаргалыг дөнгөж ирээд байхад нь нэг хөгтэй явдал болох вэ. Улс төрийн орлогч, жагсаалын дарга хоёр нь албан ёсоор хүлээж авах санаатай офицерийн байрных нь гадна хуушуур хайрч байжээ. Юугаар, яаж хийсэн юм бүү мэд. Гэв гэнэт л пис пас хийгээд явчихаж. Д.Баасанжаргалд ч бодож санах юм байсангүй. “За ингээд л дайн эхэлчихдэг юм байж” гээд дотроос ухасхийгээд гарсан гэж байгаа. Гэтэл энд тэндгүй тал хуушуур “нисч” байжээ.
Одоо тэр үеийн байр байшин бүгд байгаа. Ирэх жил Жаалшандын заставын 50 жилийн ой болох тул цэрэг, офицеруудын байрыг засч янзалжээ. Дэд хурандаа Д.Баасанжаргал “Бидний үеийнхээс шал ондоо, гоё болжээ. Би 30 гаруй жилийн өмнөх постоороо орлоо. Тэр үеийн зүйлс дурсамжтай, сайхан санагдаж байна. Нөгөөтэйгүүр, ахуй маань их өөрчлөгджээ. Социализмийн үед ажлаа сайн хийхийг л шаардахаас биш “Чи ямар нөхцөлд яаж амьдарч байна вэ” гэж огт асууж байгаагүй. Одоо бол огт өөр. Хүйтэн дайны үед 10 хоног постон дээр гараад ирэхдээ цэргүүдтэйгээ хамт бөөстөөд ирдэг байлаа шүү дээ. Залуу насныхаа эрч хүчээр л энэ албыг хааж байжээ. Би яруу найрагч Б.Доржпалам агсны амьдарч байсан өрөөнд амьдардаг байлаа. Хуучин байраараа ортол тэр өрөөнд Хэнтийн Биндэрээс ирсэн нэг ахлагч амьдарч буй юм байна. Үе үеийн ганц бие офицерууд энэ өрөөг сонгож ордог гэж байна шүү” хэмээн дурсамж, сэтгэгдлээсээ хуваалцсан юм.
“Мэргэжлийн цэрэгтэй болох ёстой”
За тэгээд, тэдний үед жижүүрийн офицер шөнө дугхийнэ гэсэн ойлголт байхгүй. Баруун, зүүн тийшээ манаагаа явуулдаг байж. Харин одоо постоор манаагаа хийдэг болжээ. Яваандаа улс орон хөгжөөд ирэхээр заставын гэхээсээ илүү хөдөлгөөнт маягаар хилийн цэрэг алба хаах ёстой гэж тэрээр үздэг аж. Энэ нь нисдэг тэргээр ч юм уу ирээд 15 хоног үүргээ гүйцэтгэчихээд дараагийн ээлжиндээ хүлээлгэж өгөх жишээний. Үгүй гэвэл хамгийн хэцүүдэлтэй нь хүүхэд, эмэгтэйчүүд хэмээн тэрээр санаа алдав. Тэрээр “Өнөөдөр нийгэм ямар хурдацтай хөгжиж байгаа билээ. Харилцаа холбоо сайн байгаа хэдий ч орчин, хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа бий. Бид хүүхэд, эмэгтэйчүүдээ хил дээр давхар “дэглэчихдэг”. Говийн онцлог бүтэн 2-3 сар шуурдаг. Нүүр нүдгүй цасан шуурга тавина. Байгалийн хүнд хэцүү нөхцлөөс гадна ус ундгүй гээд бэрхшээл хүндрэл бий. Тушаал аваад явж буй хүн эргэж ирэх үү, үгүй юу бүү мэд. Тиймээс хүний хүчээр биш техникийн хүчийг ашигладаг болох хэрэгтэй. Залуучууд арай өөр нөхцөлд ажиллаж амьдрах ёстой” гэж боддог юм билээ. Өөрөөр хэлбэл, гэрээт цэргийн албан хаагчид нисдэг тэргээр ирж хилээ манадаг болох ёстой. Дэлхийн жишигт бүхий л улс орон мэргэжлийн цэрэгтэй болж байна. Манайх ч үүнээс хоцрох хэрэггүй гэнэ. Өнөөдөр хугацаат цэрэг хуулийнхаа дагуу л үүргээ гүйцэтгэж байгаа. Түүнээс биш нэг жилийн дотор бид мэргэжлийн цэргийг яагаад ч бэлтгэж амжихгүй аж. Харин жинхэнэ эр хүн, эцэг хүнийг Монголд бэлтгэж өгч байгаа. Нэг жилийн дотор Монголын иргэн болсон эрчүүдийн бие бялдар, оюун санаа бол хөгжиж өөр болдог. Харин мэргэжлийн цэрэг бол арай өөр ойлголт гэж үздэг юм байна.
Хилийн цэрэгтээ эргэж очсон нь
Нийтлэлийн баатрынхаа хилийн цэрэгтээ эргэж очсон түүхийг хамтдаа сонирхоё. Тэрээр цэргээс халагдсаныхаа дараа Төмөр замд зураач, “Ардын эрх” сонинд орчуулагчаар ажилласан байна. Сүүлдээ нийгмийн сэдвээр ч нэлээд материал бичжээ. Энэ нь түүнийг хэвлэл мэдээллийн салбарт төдийгүй нийгэмд таниулсан байна. Ингээд үе үе “Хилийн цэрэгтээ эргэж орооч” гэдэг санал ирэх болов. Бүр тодруулбал, Олон нийттэй харилцах албанд ажиллаж, “Эх орны манаа” сониныг арай өөр төвшинд аваачаач гэдэг санал ирдэг байж. Мань хүн анхандаа “Өдий насалчихаад цэрэг хувцас өмсөөд ч яахав” гэж бодоод их л татгалзаж. Ингэсээр байгаад л Хилийн цэрэгтээ эргэж очихоор болж. Таван жилийн дараа дэд хурандаа болж, цэрэг хувцсаа ч өмсөв. Хамгийн гол нь үндсэн зорилгоо маш сайн биелүүлж, “Эх орны манаа”-г огт өөр болгосон хэмээн нөхөд нь түүнийг үнэлдэг юм билээ.
Монгол Улсын хилийн дөрвөн захын цэг дээр бүгдэн дээр нь гарсан хүн гарын таван хуруунд багтдаг. Түүний нэгэнд Д.Баасанжаргал хурандаа зүй ёсоор орно. Тэрээр ажил албаны шаардлагаар Орвог гашууны бортолгой дээр гэхэд 10 гаруй удаа гарчээ. Гэхдээ “Би тэдэн удаа гарлаа даа гэж огт боддоггүй. Дахиад ирэх болов уу л гэж бодогдож гарах болгондоо сэтгэл огшдог” хэмээж байлаа. Монголын нутаг уудам учраас дөрвөн захын цэг рүү зорьсон хүн л очихоос биш үнэндээ энэ нь боломжгүй. Тухайлбал, Өмнөговьд алба хаасан цэрэг Монгол Шарын даваанд гарах боломжгүй юм. Түүнээс биш Орвог гашууны бортолгой дээрээ яаж ийгээд гарчихна байх. Нисдэг тэргээр хоёр цэг дээр очиж багана босгосон хүн байдаг ч Д.Баасанжаргал хурандаа шиг дөрвөн захын цэг дээр гарсан хүн цөөн. Тэрээр “Сэтгүүлчид торгон хилийн зүгт” аяллыг хэд хэдэн удаа удирдан зохион байгуулсан туршлагатай уулын спортын мастер.
Зусландаа зурам “тэжээж” байна
Түүний гэр бүлийн хүн Б.Саранчимэг Ховдын гаралтай ч бага насаа Зайсанд өнгөрөөжээ. Эм найруулагч мэргэжилтэй. Одоо мэргэжлийнхээ дагуу эмийн сан ажиллуулдаг юм байна. Эднийх хоёр охин, нэг хүү, гурван зээтэй айл. Хүү нь нэлээд хожуу гарчээ. Бага эгчээсээ 12 насаар дүү юм байна. Аавынхаа шийрийг хатааж оюутан цэрэгт явсан гэж байгаа.
Харин манай Бааска энэ зун гурван зээтэйгээ зуслан дээрээ өнжжээ. Бага залуудаа “Ач зээ нартаа командлуулаад” гэдэг үгийг ойлгодоггүй байж. “За юу гэж л тэдэнд тэгж дээрэлхүүлж байдаг юм бэ” хэмээн дотроо бодож явжээ. Харин одоо үнэн гэдгийг нь өөрийн биеэр мэдэрч байгаа гэнэ шүү. Бас жигнэмэг нэхэж ирдэг зурам гээд сонин ихтэй л зусчээ, тэднийхэн. Анхандаа өхөөрдөөд хавь ойрынхоо амьтдад жигнэмэг тараадаг байж. Гэтэл нэг “даварчихсан” зурам жигнэмэгээ авахаар бүр босгон дээр нь ирдэг болсон гэж байгаа.
Энэ сарын 17-нд болдог хилчдийн өдрийн өмнө амжиж Д.Баасанжаргал хурандаагийн хувь ертөнцийн нэгээхэн хэсэгт саатсанаа ийнхүү уншигч танаа хүргэлээ.
Г.Ганчимэг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин