Талийгаач хүүгийн аав Курди: Одоо би хэндээ гадил авч өгөх гэж ажил хийх билээ амьдрах хүсэл алга

20150905210344Гурван нас хүрч байсан Хүүгийн нэрийг Аялан Курди гэдэг байж ээ. Курдигийн гэр бүлээс зөвхөн эцэг нь л амьд үлдсэн байна. Эхнэр, хоёр хүүгээ алдсан эрийг Абдулла Курди гэдэг бөгөөд Канадад амьдардаг эгчийнхээ илгээсэн мөнгөөр Европ руу хүргэдэг завинд суусан нь тэр байж. Тэдний гэр бүл Сирийн Кобане хотод амьдардаг байсан ч дайн дажны хөлөөс зугтаж жилийн өмнө Туркт иржээ. Курдигийн эгч Тима дүүгээ гэр бүлтэй нь хамт Канадад цагаачлуулахаар чадлаараа хөөцөлдсөн ч татгалзсан хариу авчээ. Канадын цагаачлалын алба Курдигийн гэр бүлд Туркийн хилээр хууль ёсоор нэвтэрсэн байх, НҮБ-ын Цагаачдын асуудал хариуцсан албанд бүртгүүлсэн байх гэх мэтийн хатуу шаардлага тавиад, энэ бүгдийг бүрдүүлээгүй бол хүлээн авах боломжгүй гэжээ. Гэвч дайн тулаантай газраас арай ядан Туркийн хил давж орж ирсэн тэдэнд хууль ёсны зөвшөөрөл авах ямар ч боломж байгаагүйн дээр хэрэв Канадад цагаачлах зөвшөөрөл олголоо гэсэн бичиг авчирсан тохиолдолд НҮБ тэднийг бүртгэж авна гэж мэдэгджээ.

Ингээд хэдэн талаас нь ямар ч боломжгүй нөхцөл шаардлага тавьж, Канадад цагаачлах аргагүй болсон тул Курди гэр бүлээ аваад Европ руу явахаас өөр сонголт үлдээгүй байна. Түүний гэр бүлийнхэн Курдын шашинтнууд тул Туркт үлдэх ч аюултай байж. Тэгээд ч Туркт Сирийн олон мянган дүрвэгсэд амьдарч байгаа учир ажил олдохгүй, гэр бүлээ тэжээж чадахааргүй байжээ. Курдигийн эхнэр сэлж чаддаггүй, уснаас айдаг, бас тэр өдөр завинд хэтэрхий олон хүн даац хэтрүүлэн суулгасан байснаас айж эмээсэндээ явахаа больё гэж нөхөртөө хэлсэн ч хүүхдүүдийнхээ ирээдүйг бодон Европ руу заавал явах ёстой гэж эцэстээ ярьж шийджээ. Гэвч эхийн муу совин үнэн байж, хоёр хүүтэйгээ хамт хорвоог орхилоо.

Одоо гэр бүлээсээ цор ганцаар үлдсэн Курди эхнэр, хүүхдүүдийнхээ шарилыг аван дайны хөлд сүйрч байгаа Кобане хот руугаа явах гэж байна. Түүнийг Сири рүү буцаад хэрэггүй гэж эгч нь гуйсаар байгаа ч Курди гэр бүлийнхнийгээ төрөлх нутагт нь оршуулаад, насаараа тэднийхээ хажуунаас холдохгүй гэж амлажээ. “Энэ хорвоод хүүхдүүдээс минь илүү үнэтэй эрдэнэ гэж хаана байх билээ. Тэд маань өглөө бүр аавыгаа хамт тоглоё гэж сэрээдэг хамгийн сэргэлэн хөвгүүд байсан юм сан. Одоо би хэндээ гадил авч өгөх гэж ажил хийх болж байна. Одоо би энэ хорвоогоос юу ч хүсэхгүй ээ. Зөвхөн хөвгүүдээ нутагтаа оршуулаад, үхэн үхтлээ тэднийхээ хажууд л байхыг хүсч байна. Хэрэв миний хүүгийн үхэл энэ хүмүүсийг сэрээх ёстой байсан юм бол яахав тэр ёсоороо боллоо” гэж Курди CNN-д ярьжээ.

Курдигийн эгч бэрээ, хоёр сайхан дүүгээ алдсандаа гашуудан, тэдэн рүү мөнгө явуулах хэрэггүй байж гэж хүртэл харамсч, энэ тухайгаа Канадын хэвлэлийнхэнд өгүүлсэн байна. Дэлхий нийтийг цочроосон энэ эмгэнэлт явдал эцэстээ Канадын цагаачлалын албаныхны харгис хатуу шаардлагаас ч үүдсэн байж болохыг хэвлэлүүд мэдээлж эхэлсний дараа тус улсын Цагаачлалын сайд Крис Александр Тимагийн амьдардаг Оттава хотыг зорьж, яагаад Курдигийн гэр бүлд цагаачлах зөвшөөрөл олгоогүйг өөрийн биеэр судлахаар ирсэн байна. Тэд яагаад зөвшөөрөл олгоогүйг судалж тогтоолоо ч Курдигийн гэр бүлийнхэн одоо босоод ирэхгүй. Гэвч цааш цаашдаа амь амьдрал гуйж буй цагаачдын асуудалд барууны баян чинээлэг орнууд хүнлэг сэтгэлийн үүднээс хандаж байхыг энэ явдал жаахан ч гэсэн сануулсан болов уу гэж олон нийт найдаж байна . Заримдаа хоолны мөнгөө ч залгуулж чадахгүй байгаа ааваасаа гадил авч өгөхийг гуйдаг байсан сэргэлэн жаахан Аялан хүү завинд сууж явахдаа их л баяр хөөртэй байсан гэнэ. Тэр хаашаа явах гэж байгаагаа ааваасаа байн байн асуухад Курди “Европ” хэмээн хэмээн хариулж байж . Аллах бурханы хүсснээр би үхэх цаг минь ирсэн байх хэрэв бурхан тэгэж хүссэн бол надад амьдрах хүсэл огтхон ч алгаа хэмээн эцэг Курди уйлан байж санаа алдаж ээ…

Эх сурвалж: Dailymail

Орчуулсан: Сэвжидмаа


URL:

Сэтгэгдэл бичих