Засаг дарга Э.Бат-Үүл Улаан-Үд хотод айлчилж байна

66a8e83c5d319548479cece6977b404c_LНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотод энэ сарын 3-6-ны өдрүүдэд албан айлчлал хийж байна.

Айлчлалын үеэр Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл ОХУ-ын Буриад улсын Засгийн газрын тэргүүн В.В.Наговицынд бараалхлаа. Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар  хотын захирагч Э.Бат-Үүл ОХУ-ын Буриад улсын Засгийн газрын тэргүүн В.В.Наговицынд хандан цаг зав гарган хүндэтгэн хүлээн авч байгаад талархал илэрхийлээд хоёр орны эдийн засаг, соёл урлаг, боловсрол, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Мөн 2014 оноос эхлэн манай хоёр улсын иргэд харилцан визгүй зорчдог болж, иргэд, аж ахуйн нэгж байгууллага хоорондын харилцаа идэвхжиж, харилцан айлчлалын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан Улаан-Үд хотод Улаанбаатарын соёл, мэдээллийн төвийг байгуулах саналтай байгаагаа уламжлав.

Түүнчлэн “Монгол Улсын Засгийн газраас баталсан Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтын ажилд хамтран ажиллах хүсэлтэй байна” гэдгээ илэрхийллээ. ОХУ-ын Буриад улсын Засгийн газрын тэргүүн В.В.Наговицын энэ саналыг дэмжиж байгаагаа илэрхийлээд аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа уламжлав.


URL:

Сэтгэгдэл бичих