Даваа гарагт Монгол Солонгосын хөгжимчид хамтарсан концерт тоглоно
БНСУ-ын Сөүл хотын симфони найрал хөгжмийн удирдаач, Москва хотын Павловскийгийн нэрэмжит театрын удирдаач Ну Тэ Чол Монголд иржээ.Тэрээр Улсын Филармонийн захиргаа, симфони найрал хөгжмийн уран бүтээлчидтэй хамтран хоёр улсын сонгодог урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахуйц төсөл хөтөлбөрүүдийг хамтран зохион байгуулах зорилгоор иржээ. Монгол, Солонгос улсын соёлын харилцааг улам бэхжүүлэх, үзэгч түмэнд сонгодог урлагийн гайхамшгийг сурталчлан таниулах зорилгоор тоглолтууд зохион байгуулж байна.
Энэ хүрээнд энэ сарын 4-нд Монгол-Солонгос-ОХУ-ын уран бүтээлчдийн хамтарсан тоглолт ОХУ-ын Улаан-Үд хотод болжээ. Харин ирэх даваа гарагт Монгол Улсын Филармонийн Симфони найрал хөгжим, БНСУ-ын хөгжимчид хамтарсан концерт Улаанбаатар чуулгад болно. Мөн ирэх сарын 01-15-ны хооронд Монгол-Солонгосын уран бүтээлчдийн хамтарсан аялан тоглолт Сөүл хотод тус тус болно.
Удирдаач Ну Тэ Чол Австрийн Брукнерийн хөгжмийн сургуулийг удирдаач мэргэжлээр (1996 он), Хөгжмийн онол (2000 он), Оросын Глинкагийн нэрэмжит хөгжмийн сургалтын удирдаач, шилдэг хөгжимчний академийг (2004 он), Германы Вюрцбургийн хөгжмийн их сургууль (1994 он), Австрийн Венийн хөгжмийн их сургууль(1999 он) зэрэг сургуулиудад суралцсан.
Торонто, Словак, Москва дахь улсын симфони, Янаачек, Унгарын симфони, Сөүл зэрэг 130 гаруй дэлхийн алдартай найрал хөгжим болон, 270 гаруй удаа тайзан дээр гарч, 700-гаад сонгодог урлагийн тоглолтыг удирдсан нэрт удирдаач юм байна.
URL: