Зам хөндлөн гарахын тулд нэг буудал газар алхмааргүй байна
Наадмын өмнөхөн баталсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэ хуулийг энэ сарын1-нээс хэрэгжүүлж эхэлсэн. Уг хуулийг дагаж замын хөдөлгөөний олон дүрмийг шинэчилж, өөрчлөлт оруулсан билээ. Ялангуяа зөрчил гаргасан жолооч болон явган зорчигчдод оногдуулах торгуулийн хэмжээг чангатгасан.
Тухайлбал, шинэ хуулиар явган зорчигч согтуугаар замын хөдөлгөөнд оролцвол48 мянга, зам хөндлөн гарахдаа гарцаар гараагүй бол19 мянга200 төгрөгөөр торгуулна. Гэхдээ тухайн иргэн торгуулиа төлөх эсэх нь сайн дурын асуудал бөгөөд ямар нэгэн байдлаар төлж барагдуулахгүй бол төрийн үйлчилгээ авах эрхгүй болох юм. Үүнд нь бухимдах хэсэг байхад сайшаан хүлээж авах нэг нь ч бий.
Тэгвэл шинэ хууль гарсантай холбогдуулан иргэдийн аюулгүй байдал, тав тухыг хангах үүднээс хэд, хэдэн зүйлийг нэмж хийх шаардлага эрхгүй тулгарч буйг хотын удирдлагуудад дайх гэсэн юм. Хамгийн наад зах нь, явган хүний гарц бүрийг гэрлэн дохиотой болгож, цагаан зураасыг нь тодруулах хэрэгтэй. Тэр тусмаа хотын захын гэр хорооллын замын явган хүний гарцыг ойртуулж, иргэдэд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэ хуулиа дагаж, мөрдөх боломж олгох шаардлагатай байна. Тэгэхгүй бол цаана чинь гэр хорооллын иргэд зам хөндлөн гарахдаа дор хаяж нэг буудал орчим газар алхаж байна.
Үүнээс болж шинэ хуулийг дагаж, мөрдөж байгаа хүн цөөн байна. Учир нь, гэр хорооллын замд явган хүний гарц бараг байдаггүй. Осолдохгүй автобусны буудал, сургууль болон цэцэрлэгийн ойролцоо зам хөндлөн цагаан зураас харагдах юм билээ. Тухайлбал, Телевизийн хуучин эцсийн автобусны буудлаас Баянхошууны шинэ эцэс хүртэл долоохон ширхэг явган хүний гарц байх юм. Тэр нь бүгд автобусныхаа буудлын ойролцоо байхаас биш хоёр буудлын голд, хүний хөдөлгөөн их газар алга. Үүнээс болж хуулиа дагасан нэг нь зам хөндлөн гарахын тулд буудал хэртэй алхаж байна.
Нөгөөтэйгүүр яарсан, залхуурсан нэг нь гарцгүй газраар зам хөндлөн гарч цагдаад торгуулж байгаа нь ч харагдлаа. Зам хөндлөн гарахдаа гарцаар гараагүй нөхрийг торгож чадаж байгаа юм чинь тэрхүү торгуулийн мөнгөөр нь гарц бүрээ гэрлэн дохиотой болгож, цагаан зураасыг нь тодруулахаас гадна иргэдийнхээ ая тух, цаг завыг хэмнэх үүднээс явган хүний гарцыг ойр ойрхон хийх хэрэгтэй байна. Хуулиа дагаж байгаа юм гээд зам хөндлөн гарахын тулд нэг буудал орчим газар алхмааргүй л байна, хотын дарга аа.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Энхтайваны гүүрний наад талаас Хан-уул дүүргийн 120-ийн автобусны буудал хүртэл явган зорчигчийн тэмдэглэгээтэй нэг ч гарц байхгүй байгаа нь ямар учиртай юм бэ. урьд нь байсан явган зорчигчийн 2 гарцыг сэргээмээр байна. Зам хөндлөн гарах гэж бараг нэг буудал алхаад буцаж ирэх болж байна ш дээ.