Ц.Мөнх-Эрдэнэ: Үндсэн хуулиа Соёмбо үсгээр бичсэн
Өндөр Гэгээн Занабазарын зохиосон Соёмбо, хэвтээ Дөрвөлжин үсгүүдийг цахим хэлбэрээр бүртгэжээ. Монголчуудын бичиг үсгийн түүхэнд чухал байр суурь эзэлдэг Соёмбо үсгийг цахим хэлбэрээр бүртгэснээр судалгааны ажлыг хөнгөвчлөх, эргэлтэд оруулахад хялбар болж байгаа гэнэ. Соёмбо үсэг нь энэтхэг, түвд үгийг монгол хэлнээ галиглахад тохиромжтой байдаг аж. Соёмбо үсгийг зохиосон зорилго, өнөөгийн судалгааны төлөв байдлын талаар Дашчойлин хийдийн “Зүүн хүрээ” коллежийн сургалт хариуцсан эрхлэгч Ц.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.
-Өндөр Гэгээн Соёмбо үсгийг ямар зорилгоор хэдэн онд зохиосон юм бол?
-Өндөр Гэгээн соёмбо болон хэвтээ дөрвөлжин гэсэн хоёр үсэг зохиосон байдаг. Соёмбо үсгийг1686 онд зохиожээ. Соёмбыг зохиосон зорилгыг түүхчид хоёр зүйлээр тайлбарладаг. Үндсэн зорилго нь буддын шашин соёлыг дэлгэрүүлэх явдал. Мөн улс төрийн шалтгаантай гэж тайлбарлах судлаачид ч бий. Бурхан багшийн “Ганжуур”, “Данжуур” тэргүүтэй сургаалиудыг бүрэн галиглах, монгол хэлнээ хөрвүүлэн, барлахад Соёмбо үсэг тохиромжтой байдаг.
-Соёмбо үсгийг түгээн дэлгэрүүлэхэд судлаачдын оролцоо чухал. Судалж, зааж байсан уламжлал болон өнөөгийн судалгааны төвшин ямар хэмжээнд байна вэ?
-Урьд бол Хүрээ, Эрдэнэзуу зэрэг есөн зүйлийн сургуульд Соёмбо үсэг зааж байсан уламжлал бий. Есөн зүйлийн сургуульд есөн зүйлийн эрдмийг үзэж судалдаг байсны нэг нь эртний бичиг үсгүүд юм. Харин өнөөдөр Соёмбо, дөрвөлжин үсгийг энгийн иргэд төдийлөн мэдэхгүй. Монголын бичиг үсгийн ийм сайхан соёлын өвийг танин судлаасай гэсэн зорилгоор шашны сургуулиудаар төвлөрөн зааж байна. Ер нь соёмбо үсгийг цөөн хүн судалсан байдаг. Унгарын эрдэмтэн Хар Дорж Соёмбо үсгийг судалж, эрдэм шинжилгээний эргэлтэд оруулахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Гадна дотнын эрдэмтэд Соёмбо үсгийн тэг, бичлэгийн дэг жаягийг их сонирходог.
-Орчин үед Кирил, монгол бичигтэй харьцуулахад Соёмбо үсгийн хэрэглээ бага байх шиг санагддаг?
-Сүм хийдийн хаяг, Бурхан багшийн сургаал, Монгол Улсын төрийн дуулал, Үндсэн хууль, Өндөр гэгээн Занабазарын зохиосон “Адистадын дээдийг хайрлагч” зэрэг буддын шашинтай холбоотой зүйлсийг бичихэд ашиглаж байна. Сүүлийн үед уран бичлэгийн төрөл хөгжиж, Соёмбо үсгээр бэлгэдлийн үг, шүлэг бичих болсон. Энэ чиглэлээр дагнасан үзэсгэлэн гаргаж иргэдэд бичиг үсгээ сурталчилж байна.
Эх сурвалж: unen.mn
URL: