Эрх баригч нам ажлаа хийж чадахгүй байна гэв

Засгийн газар зургаан сайдаа огцруулаад орны хүмүүсийг томилж чадалгүй өдийг хүрсэн.

Энэ нь эрх баригч намын ажлаа хийж чаддаггүй байдал, намын доторх фракцуудаас хараат байдалтай шууд холбоотой гэж УИХ-ийн гишүүн Ц.Нямдорж үзэж байна.

64075bbee2562a031a0209cc2c9ce342big       Тэрээр “Эрх баригч бүлэглэлд төр барих ухаан гэж алга. АН өмнө нь төр барьж чаддаггүй байсан. Эд ямар ч тооцоогүй, санаанд орсон бүхнээ шийдвэр болгож гаргадаг. Тэр нь төрийн гай, ард түмний зовлон болдог” гэжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт зургаан сайдынхаа нэрийг хэнээс ч асуулгүй оруулах эрх үндсэн хуулиар нээлттэй байдаг. Гэтэл түүний одоо болтол нэр оруулахгүй байгаа явдлыг намын доторх фракцуудын нөлөөллөөс гарч чадахгүй байгаатай холбон тайлбарлаж байна. Мөн саяханы нэг ярилцлагандаа тэрээр зургаан сайдаа томилж чадахгүй маргалдаж өдийг хүрсэн нь найруулсан хорондоо өөрсдөө хордож байгаа хэрэг гэж хэлсэн нь бий.

Энэ асуудлаас гадна гишүүн ард иргэдийн дунд байнга яригддаг ч баталж, нотолж чаддаггүй нэгэн зүйлийн талаар ний нуугүй хэлэхдээ “АН-ынхан нэг идэхэрээ өм цөм иддэг, харин манай намынхан бол гайгүй, аймхай учраас бага сагаар, аахар шаахар юм л иддэг. Тэдэн шиг өм цөм идэж чадахгүй” хэмээлээ.

Эдийн засгийн энэ их хямрал, уналтыг засгийн газрын тогтворгүй байдалтай холбон үзэж байгаа хүн цөөнгүй. Намыг доторх зохион байгуулалт муутайгаас үүсээд буй энэ олон асуудлыг нэг мөр болгоход юун түрүүн зургаан сайдаа нэн даруй томилох нь чухал болоод байна.

Засгийн газрын тухай хуулинд Засгийн газрын гишүүн орж гарсан тохиолдолд УИХ 30 хоногийн дотор нөхөн томилохоор заасан байдаг. Энэ талаар УИХ-ын дарга З.Энхболд Ч.Сайханбилэгт өнгөрөгч сарын 25нд албан тоот хүргүүлсэн билээ. Уг заалтын дагуу энэ сарын зургаан гэхэд бүх сайдуудыг томилох ёстой юм. Гэтэл манайхан юмыг заавал цагийг нь тулгаж байж санд мэнд хийдэг улс өнөөг хүртэл тодорхой шийдэлд хүрээгүйгээс гадна сайдын суудлыг дотроо булаацалдсаар байгаа.

Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Зоригт хэлэхдээ “АН-д ноогдох квотоор бол УИХ-ын гишүүдээс Засгийн газрын гишүүдээ томильё гэсэн байр суурьтай байхаар бүлэг дээр тохирсон. Энэ асуудал удахгүй тодорхой болно. Бүлгээрээ ярилцаж, зөвшилцөл явагдана” гэлээ.

М.Март


URL:

Сэтгэгдэл бичих