А.Амаржаргал- Аман гэрээ эрсдэл дагуулдаг

11910961_893845430701505_37744204_nНийслэлийн хөдөлмөрийн газрын “Оюутан цагийн ажил, хөдөлмөр эрхлэлт” хариуцсан мэргэжилтэн А.Амаржаргалтай ярилцлаа.

-“Оюутны хөдөлмөр эрхлэлт ба цагийн ажлын хөтөлбөр” -н талаар цогц ойлголтыг бидэнд өгнө үү.

- “Нийслэлийн хөдөлмөрийн газар”-аас Оюутаны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрүүдийг 2009-оноос эхлэн хэрэгжүүлсэн. Оюутаны хөтөлбөрт тусгагдсан зүйл бол  тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цагийн болон түр ажлын байраар хангах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох болон хөдөлмөр эрхлэлттэй холбоотой бүхий л асуудлаар дэмжин ажиллах юм.

Тухайлбал хөдөлмөр, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг сурталчилан, хүний нөөц, хөдөлмөрийн зах зээл дээр ямар мэргэжил илүүдэлтэй байна, хэдэн жилийн дараа ямар мэргэжил эрэлттэй болох вэ, гэх мэтчилэн мэдээллийг Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн болон оюутан, сурагч залууст цогц байдлаар дамжуулах хөтөлбөр юм.

-Ерөнхий боловсролын сургууль дөнгөж төгсөөд оюутан болж байгаа хүүхдүүдийн ихэнх нь 17-той насанд хүрээгүй байдаг . Ийм нөхцөлд тэд “Оюутан цагийн ажил хөтөлбөр”-т хамрагдах боломж бий юу?

-Хөдөлмөрийн тухай хуулинд зааснаар 18 нас буюу насанд хүрсэн хүн хөдөлмөр эрхлэх боломжтой гээд заачихсан байдаг учраас энэ боломжгүй. Мөн Ерөнхий боловсролын сургууль, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн ангиудад суралцагсад  насанд хүрээгүй 15,16,17-той хүүхдүүд байдаг. Тэдгээр хүүхдүүдийг бид хөдөлмөр эрхлэлтийн ямар ч харилцаанд оруулах эрх зүйн үндэс байхгүй. Харин энэ тал дээр  “Нийслэлийн хөдөлмөрийн газар”-с ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зорилогоор зөвлөх сургагч багш нар төлөвлөгөөний дагуу хичээлийн жилийн хугацаанд улиралдаа нэг удаа ерөнхий боловсролын сургуулиудаар явж сургалтыг явуулдаг.

-Оюутаны цагийн ажлын хөлс сард дунджаар 500,000 төгрөг байдаг гэсэн мэдээлэл ,хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Энэ хэр үнэн бодитой вэ?

-Хөдөлмөрийн хуулинд  Оюутан цагийн ажлын хөлс тэдэн төгрөг байх ёстой гэж тусгагдаагүй. Харин саяхан батлагдсан хөдөлмөрийн шинэчилсэн хуулинд  “Оюутан цагийн хөтөлбөр”-т ажил эрхлэгч оюутан өдөрт 4 цагаас хэтрэхгүй ажиллах буюу  7 хоногт 20-н цагийн ажил хийх ёстой гэсэн заалт оруулсан байгаа.

-Тэгэхээр оюутанууд маань дунджаар хэдэн төгрөгний цалинтай ажиллаад байна вэ?

-Манай Хөдөлмөрийн яаманд  хандаж байгаа байгууллагууд болох эмнэлэгийн байгууллагууд, барилга байгууламж, Хөдөө аж ахуйн салбарууд нь  салбар салбартаа хөдөлмөрийн хөлсийн хэмжээг  гарчихсан тодорхой байж байдаг. Барилгын ажлын цалин нь өндөр, харин сурталчилгааны ажлын хөлс нь бага байх жишээтэй. Тухайлбал  Барилгын хувьд цагийн цалин нь 3500 төгрөг байлаа гэж бодоход  өдрийн 4 цагаараа үржүүлээд л өдөрт 12000 төгрөгний цалинтай юм. Харин өндөр хөгжилтэй орнуудад 18-21 насны залуучууд хөдөлмөр эрхлэхэд үндсэн ажилчдын цалингийн 75%-р бодож цалинг олгоно гээд хуулиндаа тусгаад өгчихсөн байдаг юм.

 -Залуус цагийн ажил хийхдээ суралцаж буй  мэргэжлээрээ ажиллах боломж хэр байдаг вэ?

-Ганц Монголд ч биш олон улсын хэмжээнд  суралцаж байгаа мэргэжлээрээ цагийн ажил хөдөлмөрлөлт хийнэ гэж бараг л байдаггүй.  Тэдний 50-с илүү хувь нь түргэн хоолны газар, зочид буудал, жуулчны  кампанид, сурталчилгааны ажлуудыг хийдэг,Монголд ч ялгаагүй. Харин зүгээр дадлагажих зорилогоор цалинтай,цалингүй  мэргэжлийнхээ дагуу ажиллах тохиолдол байдаг.

-Ажилд орохоор ирж байгаа залуусыг 100% гэж үзвэл хэдэн хувь нь ажлын байртай болж чаддаг бол?

-Ажлын болон түр ажлын байрны захиалгуудыг манай байгууллага  өөрсдөө бусад үйлчилгээний байгууллагад санал хүсэлтээ явуулдаг . 7 хоногт 15-20 ажил олгогч компанитай холбогдож ажлын байрны захиалга тогтмол авч байдаг.   Одоо хичээл сургууль эхэлчихсэн байгаа учраас их ачаалалтай байна.

-Төрийн байгууллагаар дамжуулаад  ажлын байранд орох нь  эрсдэл багатай юу?  Ер нь оюутан залууст хэр ашигтай вэ.

Төрийн байгууллагаар дамжуулаад гэрээ хэлэлцээр хийгээд ажилд орж байгаа залуус нэг талдаа хариуцлагатай хандаж эхлэнэ. Хийх зүйлээ цаг тухайд нь амжуулахаас гадна нэг өдөр ажилчихаад маргааш нь ажлаа таслах, хэл сураггүй алга болох гэсэн хүндрэл гарахгүй.

Бид одоо аж ахуй нэгжүүдэд олон улсын жишиг ,”Цагийн ажилтан оюутан”-ны гэрээг сурталчилах төлөвлөгөөтэй байгаа.

Манай улс тэр чиглэлийн хөдөлмөрийн гэрээ байхгүй болохоор аман гэрээгээр ажилчидтайгаа гэрээ хийж, тэр нь эрсдэл их дагуулдаг.  Жишээлбэл: Оюутан  7хоног дэлгүүрт ажиллах хугацаандаа үнэтэй нэг зүйлийг нь хагалчихлаа гэж бодоход цалин олгоход хэн хэндээ хэцүү байдал үүсч эхэлнэ. Иймэрхүү асуудал аль ч үйлчилгээний байгууллагад гарч ирдэг шүү дээ. Тиймээс “Цагийн ажилтан, оюутаны гэрээ”-г аж ахуй нэгж байгууллагад сурталчилах  хэрэгтэй байна.

 Э.Намуун

Mongolcomment.mn


URL:

Сэтгэгдэл бичих