Зөрчлийн 100 оноо гэж юу вэ?

Өчигдрөөс эхлэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж эхэллээ. Шинэчилсэн найруулга бүхий энэ хуулийн зарим заалтуудыг жолооч нарт зайлшгүй тайлбарлах шаардлага гарч байгаа тул “Зөрчлийн 100 оноо”-ны талаар тайлбар хүргэе.

0821e4758d2f312original

-ЗӨРЧЛИЙН ОНОО ХУГАЦААГҮЙ-

Хуулийн дагуу жолооны үнэмлэхтэй жолооч бүрт зөрчлийн 100 оноо олгоно. Энэхүү 100 оноо нэг жилийн дараа, эсвэл хоёр жилийн дараа дуусна гэсэн тодорхой хугацаагүй. Өөрөөр хэлбэл, та насан туршдаа 100 оноогоо хадгалах ёстой. Харин замын хөдөлгөөнд  оролцож байхдаа ямар зөрчил гаргаснаас хамаарч таны онооноос 10-50 оноо хасагдах юм.

Оноо хасах журам /торгуулийн хамт/:  

1. Зам тээврийн осол гаргавал 50 оноо

2. Тохирох ангиллын үнэмлэхээ биедээ авч яваагүй бол 20 оноо

3. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд жолоогоо шилжүүлсэн тохиолдолд 10 оноо

4. Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн хүнд жолоо шилжүүлбэл 20 оноо

5. Тээврийн хэрэгслийн тусгай дуут дохио, гэрэл ашиглахтай холбоотой хууль, тогтоомж зөрчсөн бол 30 оноо,

6. Замын цагдаагийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд 10 оноо хасна.

Оноо нэмэх журам:

Хэрвээ та зөрчил гаргаснаасаа хойш нэг жилийн хугацаанд дахин зөрчил гаргахгүй зам тээврийн хөдөлгөөнд оролцвол хамгийн сүүлд хасуулсан зөрчлийн оноог тань буцаан олгох болно.

Оноогүй болвол яах вэ?

Та зөрчлийн 100 оноогоо хасуулсаар дуусвал жолооны эрхгүй болж, дахин жолооны шалгалт өгөх юм. Тун удахгүй жолоочид зөрчлийн оноогоо хэд байгааг өөрийн гар утсаар лавлан мэдэх боломжийг бүрдүүлэх юм байна.

-ЗӨРЧЛИЙН ОНОО ХАСАХЫН ЗЭРЭГЦЭЭ ТОРГУУЛЬ ТӨЛНӨ-

Зөрчлийн онооны систем гадны олон улс орнуудад хэрэгжиж үр дүнгээ өгсөн жишээ олон. Манай улсад энэ төрлийн зохицуулалт байдаггүй учир зөрчил гэдэг өдөр тутмын энгийн зүйл болон хувирчээ. Жолоочид зөрчил гаргачихаад “Болохгүй бол торгуулиа төлчихнө” гэсэн тогтсон ойлголттой байдгаас зам тээврийн ослууд гарсаар байна.

Иймд зөрчлийн онооны шинэ системийг өөрийн улсын хөрсөнд буулган ашигласнаар жолоочид дүрмээ чандлан сахиж, олон эрсдлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах боломжтой юм.

Хэрвээ та зөрчлийн онооноосоо хасуулж байгаа бол заавал давхар торгууль төлөх бөгөөд аль нэгийг нь сонгоно гэсэн ойлголт үгүй. Торгуулийг бэлэн бусаар авах бөгөөд нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөний зохицуулалт хийж байгаа 400 орчим замын цагдаад бэлэн бус торгуулийн төхөөрөмж хүлээлгэн өгсөн байдаг.

Тасалбар хэвлэгч төхөөрөмжөөр зөрчлийн торгуулийг хэвлэж өгөх ба 14 хоногийн хугацаанд төлөх ба хугацаа хэтрүүлбэл торгуулийн хэмжээ нэмэгдэх, жолоо барих эрх нь хасагдах хүртэл хариуцлага тооцох шинэ журам гаргасан байна.

Жолоочийн зөрчил нь бүртгэгдэж, мэдээллийн санд ордоггүй учраас давтан үйлддэг, замын хөдөлгөөнд ухамсар хариуцлагагүй оролцон зохиомол түгжрэл үүсгэдэг “чанаргүй” жолооч нарыг энэ систем илрүүлнэ гэж албаны хүмүүс онцолж байлаа. Учир нь шинэ төхөөрөмжүүдэд үндэслэн зөрчил гаргасан жолооч ямар жолооны сургууль төгссөн, хэн гэдэг багшийн бэлтгэсэн жолооч гэдгийг харах боломжтой аж. Зөрчлийн бүртгэл мэдээллийн ийм нэгдсэн сан бүрдэх нь хариуцлага, хяналтын дараа дараагийн ажлуудад түлхэц өгнө гэж салбарынхан хэлж байна.


URL:

Сэтгэгдэл бичих