49 тулаан 49 ялалтын эзэн Рокки Марчиано
1923 оны 9 сарын 1-ний энэ өдөр мэргэжлийн боксын нэрт тамирчин Рокки Марчиано Америкийн Массачусетс мужийн Броктон хотод мэндэлжээ.
Рокки Марчиано бол бүхий л карьерынхаа турш ялагдал болон тэнцэж үзээгүй боксчин юм. 1947-1955 оны хооронд мэргэжлийн бокст 49 тоглолт хийхдээ 49 удаа ялсан бөгөөд түүний 43 нь нокаутаар өрсөлдөгчөө ялсан байдаг ажээ.
Рокки бол итали гаралтай бөгөөд түүний эцэг, эх нь Италиас Америкт ирж суурьшсан цагаачид юм. Түүний гэр бүл бол өнөр өтгөн айл байсан бөгөөд Рокки дээрээ 2 ах, 3 эгчтэй айлын отгон хүү байсан. Рокки 18 сартайдаа уушигны үрэвслээс болж бие нь их муу байсан ГЭДЭГ. Ийм түүнийг бага наснаас нь эцэг эх нь спортоор хичээллүүлж эхэлсэн байна. Бага насандаа бейсбол тоглохын зэрэгцээ гараар хийсэн бялдаржуулалтын тоног хэрэгсэл хийж, гэртээ дасгал хийдэг байжээ. Броктоны ахлах сургуулиа төгсөөд тэр коллейжид элсэж оролгүй ажилтан болсон байна. Броктоны Ice and Coal компанид хүнд даацын машины жолоочоор ажиллаж байв. Үүнээс гадна шуудуу малтагч, төмөр замд, гуталчин зэрэг ажил хийж байсан.
Харин тэр 1943 онд цэрэгт татагдсан нь их спортод орох эхлэл нь болсон байна. Тэр анх 1946 онд сонирхогчдын боксын Армийн аварга шалгаруулах тэмцээндээ орж түрүүлж байжээ. Ингээд тэр сонирхогчдын карьертаа 12 тоглолт хийхдээ 8 удаа ялалт байгуулсан байна. Удалгүй тэр 2 жилийн дараа мэргэжлийн боксоор хичээллэж эхэлсэн байна. Мэргэжлийн карьертаа анхны тулаанаа Лей Эпперсоны эсрэг 1947 оны 3 сарын 17-нд хийж байсан бол 1952 оны 9 сарын 23-нд мэргэжлийн боксын хүнд жингийн дэлхийн аварга болсон. 1955 оны 9 сард хамгийн сүүлчийн тулаанаа Арче Мүүритэй хийж ялсан нь түүний сүүлчийн тулаан байсан бөгөөд 1956 оны 4 сарын 27-ны өдөр зодог тайлснаа албан ёсоор зарласан.
Зодог тайлсныхаа дараа телевизэд ажиллаж, боксын спортыг сурталчилах шоу тэмцээнд ажиллаж байжээ. Харин тэр 1969 оны 8 сарын 31-нд хувийн онгоцоороо нисэж байгаад осолдож 45 насандаа төрсөн өдрөөсөө 1 хоногийн өмнө таалал төгсчээ.
Б.Бямбабаяр
Эх сурвалж: http://www.ssport.mn/p/2049
URL: