Ц.Оюунбаатар: Өршөөлийн хууль олон талын ач холбогдолтой

УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

9-2-8_700x700

-МАХН анхан шатны байгууллагуудынхаа бүсчилсэн зөвлөгөөнүүдийг хийж эхэлсэн. Онцлог, ач холбогдлыг  нь хэрхэн дүгнэж байна вэ?

-МАХН-ын  бүсийн зөвлөгөөнүүд онцлог цаг үед болж байна.  Улс орны хэмжээнд эдийн засгийн байдал хүндэрсэн, ард түмний амьдрал доройтсон, олон нийт төр засагтаа бухимдсан энэ цаг үе  тохиолоо. Монголын ард түмэн бага ч гэсэн итгэж  төр засгаа сонгох сонголт жилийн дараа болно. Тэр бол МАНАН-гийн үед хууль завхруулж, хүний эрх зөрчиж, төрийн хөгжлийн бодлого алдагдаж байсныг  залруулах боломж гэж бид харж байгаа. Тэр үүднээс  бүсийн зөвлөгөөнүүдэд үлэмж аж холбогдол өгч  байна.

-Танай намын удирдлагууд ихээхэн анхаарал хандуулж байх шиг харагдлаа?

-Зөвлөгөөнд МАХН-ын удирдлагууд түүний дотор Монголын ард түмний хүсэн хүлээж байгаа Н.Энхбаяр дарга маань ирж оролцож байгаа. Намын дарга маань улс орондоо ирж ард түмэнтэйгээ, намын гишүүдтэйгээ уулзаж, Монголын нийгэмд тулгараад байгаа хүндрэл бэрхшээлүүдийг давж гарах, шийдвэрлэх арга замыг ард иргэдтэйгээ, намын байгууллагуудтайгаа, гишүүдтэйгээ хамтран хэлэлцэж байгаа явдал бол өнөөгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, олон түмэнд найдвар төрүүлж байгаа гэдгийг хэлэх байна.Дарга маань эрүүл мэндийн хувьд хүндхэн, олон жил  хэлмэгдэж эрүүл мэнд, сэтгэл санаа, материаллаг талын ихээхэн хохирол учирсан. Гэхдээ Монголынхоо ард түмний төлөө ажиллах итгэл төгс бүсийн зөвлөгөөнүүдийг зохион байгуулж байгаа. Энд нэг зүйл харагдаж байгаа.

-Тэр нь юу билээ?

-Төвийн бүсийн зөвлөгөөн Эрдэнэтэд болоход би О.Баасанхүү гишүүний хамт хотоос  гарч “Мянганы зам”-аар хэдэн цаг давхиж очлоо. “Мянганы зам”-ыг 2000 онд Н.Энхбаяр дарга санаачилж, тэр үед МАХН олонх байж тэр замыг  төрөөс   бодлогоор санаачилж явсан. Өнөөдөр энэ зам олон аймаг, суманд хүрчээ гэдэг нь харагдаж байна.  Тогтвортой хөгжлийн энэ санаачилга, бодлого ийм үр дүнтэй байдаг юм байна. Бүсчилсэн хөгжлийн асуудал, эдийн засгийн тогтвортой байдал, айл өрхийн амьжиргааг дээшлүүлэх, газрыг хувьчлах олон чухал асуудлыг шийдсэн. Энэ асуудлууд өнөөдөр ямар нэгэн хэмжээгээр доголдож, хүмүүсийн амьдрал доройтсон. Үүнийг  бид засч залруулах ёстой. Яагаад 2000-2007 онд Монголын ард түмэн боломжийн амьдралтай, төр засагтаа сэтгэл хангалуун, амьдрал нь элбэг дэлбэг байсан бэ.  Тэгвэл өнөөдөр яагаад бухимдаж байна вэ. Энэ бүгдийг бид өнөөдөр харьцуулж, ярьж гарцаа зөв тодорхойлох ёстой гэж үзэж байна.

-Тэгвэл хамгийн гол асуудал нь юу байна вэ?

-Бид асуудлуудыг багцалж авч үзэж байна. Тэр доторх нэн тэргүүнд авч үзэх  нэг гол асуудал бол Монгол Улс, ард иргэдэд тулгараад байгаа хүний эрх, шударга ёс, хэрэглэгчийн эрх зөрчигдөж байгаа асуудлууд  юм. Энэ асуудлаар  би бүсийн зөвлөгөөнд илтгэл тавьсан. Нийгмийн шударга ёсыг тогтоох, хууль дээдлэх асуудлыг төр, засгийн дээд өндөрлөгөөсөө эхлээд зөрчиж, завхруулж байна. Зөвхөн манай намын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг хэлмэгдүүлээд зогсоогүй, Монголын олон арван иргэд, түүний дотор бизнес эрхлэгчид олноор хэлмэгдэж байна. Олон сар, жилээр хуулийн байгууллагын дарамтад орж, улстөрчдийн захиалгаар, хилсээр шүүгдэж,зарим нь ял авч байна. Үүнийг залруулах гэж МАХН, манай намаас УИХ-д сонгогдсон гишүүд, хуульчид гурван жил гаруй ажиллалаа. Бид Өршөөлийн хуулийн төслийг 2013 онд өргөн барьсан. Сая энэ хууль батлагдсан. Энэ бол Монголын ард түмэнд, хэлмэгдэл, завхрал, хуульзүйн алдааг засах өргөн боломж юм.

-Өршөөлийн хууль өргөн олонд олгож буй боломж гэлээ. Үүнийгээ  дэлгэрүүлж  тайлбарлахгүй юу?

-Боломж гэдгийг олон талаас тайлбарлаж болно. Нэг талаас хүний эрх, эрх чөлөө, ардчилал, шударга ёсыг Монголд тогтоох эхлэл. Мөн хууль дээдлэх эхлэл, улс төрийн завхарлыг зогсоох үйл ажиллагааны эхлэл. Улс төрийн талаас нэгийгээ хэлмэгдүүлж, бусдыгаа дарамталж, байр суурь зөрчилдөх явдлыг зогсоох арга зам.  Энэ бол том бодлогын асуудал. Үүний цаана эдийн засгийн ач холбогдол байгаа. Зөвхөн 2500 хүнийг шоронгоос суллаж, 1000 орчим хүний ялын дэглэмийг  бууруулснаар 40-50 тэрбум төгрөгийг төсвийн орлогоос хэмнэнэ. Өнөөдөр цалин, тэтгэвэр тавихад төсөв мөнгө хүрэлцэхгүй байна. Цэцэрлэг барихад хөрөнгө дутмаг байна. Нэг цэцэрлэгийн барилгыг л гэхэд  тэрбум төгрөгөөр барьдаг. Ийм олон асуудлыг багцаар нь шийдэх чухал ач хол­богдолтой хууль болсон.

-Ер нь бол Эдийн засгийн өршөөлийн хууль, Эрүүгийн өршөөлийн хууль дээр та адил байр суурьтай байна уу?

-Аж ахуй нэгж, иргэд хооронд иргэний гэрээ  байгуулж, талууд харилцан үүргээ биелүүлж дуусгавар болсон асуудлыг бохир улстөрчдийн шахалтаар АТГ, Цагдаагийн байгууллагаас мушгин гуйвуулж эрүүгийн хэрэг үүсгэн хэлмэгдүүлж хоёр жилийн нүүр үзэж байгаа зохимол хэргүүд ч байна. Соёлт хүн төрөлхтний түүхэнд байгаагүй ийм хэлмэгдүүлэлт, хуу­лийн завхралыг зал­руу­лах, нийгмийг харил­­цан ойлголцол, зөв­шил­­цөлд хүргэхэд өршөө­лийн хууль чухал ач хол­бог­долтой гэж үзэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих