Ц.Баасандорж: АТГ шүүхэд нөлөөлж болзошгүй байна

527-1441076584IMG_9438104074098201411050822Ерөнхий сайдын ахлах зөвлөх асан Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандоржтой ярилцлаа.
- Л.Гансүхийг мөнгө идсэн, авлига авсан гэж нийгэм даяараа шуу­гидаг. Гэтэл тэр хүн эрүүл мэндээрээ хэр­хэн хохирсон, эрх нь яаж зөрчигдсөн тухай төдий­лөн мэдээлдэггүй. Өмгөө­лөгчийнх нь хувьд танаас энэ тухай асуумаар байна? 
-Миний үйлчлүүлэгч гурван сар хоригдсон. Биеийн байдлын хувьд таа­руухан, суурь өвчлөл их­тэй. Тэр нь сэдэрч эрүүл мэнд муудсан. Монгол Улсын Үндсэн хуулийн 16.16-д зааснаар иргэн хүн эрүүл мэндээ хамгаалуулах эрхтэй бай­даг.
Гэтэл тэр эр­хийг нь зөрчин хорьж цаг­даж, эрүүл мэндээр нь хохироочихоод “Эм­нэ­лэгт үзүүлье, эмчилгээ хийл­гэе. Гадагшаа шин­жилгээнд явья” гэж удаа дараа хүсэлт тавихад нь хүлээж авахгүй, хил дээр хориг тавиад гадагшаа гар­гадаггүй. Үүнээс болж өнөөдөр хөлийн хуруу,  тэнцвэрийн эрхтнээсээ салсан нь харамсалтай.
Энэ асуудлаар Хүний  эрхийн комисст хандсан. Хүний эрхийн комиссоос хүн эмнэлгийн тусламж авах эрхтэй, шалгаж байгаа гэдэг утгаар эмнэлгийн тусламж авч байгаа эрхийг хязгаарлаж болохгүй гэсэн асуудлыг хуулийн байгууллагуудад тавьсан. Гэтэл цагдаа, прокурорын байгууллагууд хил дээр хориг тавьж, Л.Гансүхийн эмчилгээ хийлгэх, эмнэлгийн байгууллагуудад хандах хууль ёсны ашиг сонирхлыг хангаагүй учраас биеийн байдал нь улам дордсоор байгаа.
Манай улсын анагаах ухааны салбарын хүрсэн төвшин гэж бий. Энд эмчлэгддэггүй, эмчилдэггүй, техник тоног төхөөрөмж нь байдаггүй  олон төрлийн өвчин байдаг. Тиймээс манай иргэд гадаадын эрүүл мэндийн байгууллагуудад ханддаг. Тэр журмынх нь  дагуу хандахаар Үндсэн хуульд заасан эмнэлэгт эмчлүүлэх эрхийг нь зөрчөөд байдаг. Иймээс миний үйлчлүүлэгч  эрүүл мэндээрээ ноцтой хохирсон. Хамгийн гол хохирол бол эрүүл мэндээс гадна нэр төрөөрөө хохирчихоод байгаа.
Үндсэн хуульд  хүний гэм буруутайг шүүх тогтооно, шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хэнийг ч гэм буруутайд тооцож болохгүй гэсэн заалт бий. Тэгвэл АТГ шалгаж эхлэнгүүтээ гэм буруутай нь тогтоогдсон гээд зарлачихсан. Энэ нь цаанаа олон үр дагавартай.
Тухайлбал, Л.Гансүх  ч байсан,  өөр хүн ч адил  40-50 жилийн хөдөлмөр зүтгэл, тэр хугацаанд бий болсон  хамт олон, улс төрийн юм уу  найз нөхдийн хүрээлэл,  сонгогчид, гэр бүл, хамаатан садан гээд маш олон хүрээлэлтэй болчихсон байдаг. Тэгвэл АТГ-ын хоёр хүн гарч ирээд тухайн хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж мэдээлэхэд нэр хүнд нь унаж байдаг.
Энэ олон эрх  нь зөрчигдсөн. АТГ-ын хоёр ажилтны  мэдээлж байгааг нэг хүн, нэр бүхий улстөрч ярьж байна гэхээс илүүтэй  жирийн иргэд, ард түмэн төр ингэж үзлээ гэж шууд утгаар нь хүлээж авдаг. Хуулийн байгууллага хэлсэн юм чинь үнэн гэж ойлгодог. Энэ утгаараа өнөөдөр Л.Гансүх гэдэг хүний нийгэм, тэр хүний эргэн тойронд бий болсон хүрээлэл авлигач гэж ойлгож байгаа учраас эрүүл мэндээс илүү ноцтой хохирол юм.
-Л.Гансүхийн шалгагдаж байгаа хэргийг  та  зохиомол хэрэг  гэж тодорхойлсон.   Ямар үндэслэлээр тэгж үзэх болов?
-Би 40 хавтас хэргийн материалыг уншиж судалж нэгбүрчлэн танилцсаны үндсэнд тэр дүгнэлтийг хийж байгаа юм. Харин эцсийн шийдвэрийг  шүүх гаргана. Өмгөөлөгчийн хувьд би гэмт хэрэг гэж үзэхгүй байгаа. Өөрийн байр суурьт  100 хувь  итгэлтэй  байна. Гэхдээ  эцсийн бүлэгт ял оноодог байгууллага нь шүүх.
Хуульч хүний хувьд би  гэмт хэрэг биш гэдэгт бат итгэлтэй байгаа. Хэрэг хийсэн, хийгээгүй гэж үзэж байгаа асуудал нь Л.Гансүх гэдэг хүндээ биш юм. Гэмт хэрэг гэж  нийгэмд, хувь хүнд, байгууллагад  хохиролтой үйлдэл хийсэн буюу  Эрүүгийн хуулиар ял оноохоор заасан үйлдлийг  хэлдэг, тэгж үздэг.
Тэгвэл Л.Гансүх гэдэг хүний үйлдэл, “Нүүрс” хөтөлбөр нь иргэнд хохирол учруулаагүй. Айл өрхүүд нүүрсэнд  өгдөг мөнгөнөөсөө  хоёр жилийн хугацаанд 40-50 тэрбум төгрөг хэмнэсэн. Тэд хэмнэсэн мөнгөө өрхийн бусад хэрэгцээндээ зарцуулаад явчихаж байгаа. Багануур компани нүүрсээ  бусад аж ахуйн нэгжид үнэтэй өгөөд   “Нүүрс” хөтөлбөрт үнэгүй  өгчихөөгүй. Цахилгаан станцад нэг тонныг нь 20.500 төгрөгөөр борлуулдаг байсан.
Нэг үгээр хэлбэл алдагдалтай ажилладаг байсан. Гэтэл “Нүүрс” хөтөлбөрт  нэг тонныг нь 27.500 төгрөгөөр зарж байсан. Энэ нь Багануур компанид маш ашигтай ажил болсон. Бас “Нүүрс” хөтөлбөр дээр 800 гаруй ажлын байр бий болсон.  Энэ нь  3000 гаруй өрхийн  амьжиргааг залгуулж ирсэн. 800 гаруй ажлын байрны цалинг  тооцоход нэг хүн сая төгрөгийн цалинтай байсан нь иргэдэд ашигтай байж.
Нөгөө талаас нэг  компани тодорхой хэмжээний ашигтай ажиллаж,  хөтөлбөр хэрэгжүүлээд явчихаж байгаа юм. Өнөөдөр тэр хөтөлбөр зогссоноор иргэд нүүрсээ үнэтэй авдаг болсон. 800 ажлын байр алга болж, нэг компани дампуурсан. Ийм л байдалтай байна.
-Хуульч хүний хувьд  та ганц Л.Гансүх ч бус  олон хүнд өмгөөллийн туслалцаа үзүүлсэн байх. Ер нь манай улсад, тэр дотроо хууль, шүүхийн шатанд хүний эрх, монгол хүний үнэ цэнэ  ямар байдалтай байна гэж үздэг вэ?
-Цагдаагийн бай­гуул­лага хүнийг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэж зарлаад байдаггүй шүү дээ. АТГ байгуулагдсанаас хойш хүнийг ийм  гэмт хэрэгт шалгаж байна, тийм гэмт хэрэг үйлдсэн гээд зарлачихаж байна. Түүнийгээ олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тарааж байна. Тэр бүхэн нь эргээд  шүүхийн үйл ажиллагаанд шууд нөлөөлж байна шүү дээ. Энэ маш аюултай.
Шүүхийг шударга ажиллахад саад болж байна. Шүүхийн шатанд шалгаж байхад нь тэр хүнийг шууд гэмт хэрэгтэн гээд зарлачихаж байна шүү дээ. Тиймээс шүүх тухайн хүнийг  шалгаад гэм буруугүйг тогтоогоод цагаатгах гэтэл  авлигачин болчих гээд байдаг. Ингэж ял оноохоос аргагүй байдалд шүүхийг  тулгачихаж байна.
Өнөөдөр манайд хүнийг шалгаж эхэнгүүтээ авлигач, гэмт хэрэгтэн гэж зарладаг, хууль санаачлангуут нь PR хийж гутаадаг, гаргасан хуулийнх нь эсрэг олон нийтийг турхирч нийгмийг хоёр хуваадаг. Иргэдийг хууль тогтоогчдын эсрэг турхирч эмх замбараагүй байдал бий болгож, эв нэгдлийг  бусниулж байгаа  үйл ажиллагаа их байна. Үүнийг өнгөц харж болохгүй үзэгдэл. Нарийн яривал маш аюултай хорлон сүйтгэх ажиллагаа.
Хуулийн байгууллагуудыг хооронд нь зөрчилдүүлж, нэг нэг рүү нь турхирч болохгүй. Магадгүй өнөөдөр шүүх нэг шийдвэр гаргалаа гэхэд дахиад АТГ шалгаж магадгүй ийм  байдал үүссэн. Шүүх гэдэг шүүгчийн амьдрал байдаг.Тухайн шүүгч шалгаж байгаа хэргээ шударгаар шийдэхийн тулд хэнээс ч хараат бус байх орчинд  байх ёстой.
Гэтэл манайд тэр орчин алдагдчихаад байна. Тухайлбал, АТГ-аас авлигачин гэж зарласан хүнийг шүүх цагаатгавал өөрөө авлигач болчих гээд байна шүү дээ. Шүүгч авлигач нэр авбал олон нийт буруугаар ойлгож, ажилгүй болно. Тиймээс АТГ-аас явуулж байгаа үйл ажиллагаа,  хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан нийгмийг хувааж байгаа, шүүхийг тулгаж байгаа нь хүний эрхийн хамгийн том зөрчил. Ардчилсан оронд ийм зүйл байж болохгүй. Энэ бол ардчилсан зарчмаас ухарсан, гажсан, хүний эрхийг зөрчсөн маш аюултай зам руу явж байгаа үзэгдэл.
-Өнөөдөр хэрэг хийсэн, хэлмэгдсэн, гарцаагүй эсвэл  санамсаргүй байдлаар хэрэгт холбогдсон, алдсан эндсэн 8000 орчим  хүн шоронд хоригдож байгаа. Гурван сая хүн амтай улсад энэ маш том тоо. Тэдний заримыг өршөөх  зорилготой  Өршөөлийн хууль  УИХ-аар батлагдаж гарсан. Энэ хуулийн талаар та ямар байр суурьтай байна?
-Өршөөлийн хууль УИХ-ын, уучлал нь  Монгол Улсын Ерөнхийлөгчийн онцгой бүрэн эрхийн асуудал байдаг. Ерөнхийлөгчийн уучлалаар  онц хүнд гэмт хэрэг үйлдсэн, эсвэл маш их хэмжээний хохиролтой хүмүүсийг  уучлаад гаргачихдаг.  УИХ-ын зүгээс Ерөнхийлөгчтэй адил онцгой бүрэн эрхийн хэмжээнд хууль баталж гаргах эрхтэй.
Хэнийг өршөөх, өршөөхгүй нь мөн бүрэн эрхийнх нь асуудал байдаг. Хуульч хүний хувьд хэвлэл, мэдээллээр яваад байгаа асуудлыг дүгнэж хэлье. Өршөөлийн хуульд  хамрагдсан хэн боловч хохирлоо нөхөн төлсөн байх ёстой. Хохирлоос чөлөөлөгдөх тухай ойлголт байдаггүй.  АТГ болоод, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр нарын ярьдагчлан өршөөлд хамрагдсан бол хохирол нөхөн төлөгддөггүй асуудал огт байхгүй.
Ч.Өнөрбаяр гэмт хэрэгтнийг өршөөчих юм бол хохирол төлүүлэх асуудал иргэний журмаар явж болно гэж байгаа ч тэр нь явцгүй болчихдог гэсэн утгатай зүйл ярьж байгаа. Иргэний журмаар хохирлоо нэхэмжлэх нь явцгүй болно гэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх  хэлж байгаа нь  иргэний хэргийн шүүхийг дорд үзэж байгаа хэрэг.
АТГ болохоор нэг талыг барьсан мэдээдэл хийж байгаа. Өршөөлд хамрагдсанаар хохирол нөхөн төлөгдөхөө больчихлоо гэж байгаа нь ташаа  мэдээлэл. Өршөөл үзүүлэх нь ялыг өршөөдгөөс хохирлыг өршөөдөггүй. Өршөөлд гэм буруугаа хүлээсэн хүмүүс хамрагддаг. Тогтолцоо нь ийм. Иргэдийн хууль мэдэхгүй байгаа байдлыг далимдуулж буруу мэдээлэл тарааж, өөрсдийн явцуу ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхийн тулд хуулийг буруу тайлбарлаж  болохгүй.
Хуульчид энэ байдлыг хэлэх ёстой. Мэдээллийг үнэн зөвөөр нь олон нийтэд хүргэх учиртай. Өршөөлийн хуулийг гаргасных нь төлөө Их хурлын гишүүдийг авлигачид гэж нэрлэж,  авлигачдын гар хөл гэж олон нийтэд ойлгуулж байгаа нь буруу тогтолцооны төлөө ард иргэдийг турхирч байгаа асуудал. Энэ бол манай систем буруу байгаагийнх. Бүх зүйл хуулийн дагуу явах ёстой.
-Л.Гансүх өршөөлд хамрагдах ёсгүй, харин цагаатгагдах ёстой гэж та хэвлэлд ярьсан байсан. Цагаатгалаа гээд бохирлогдсон, унасан  нэр хүндийг  эргэж сэргээх талаас ямар нэгэн зүйл хийдэггүй шүү дээ. Ямар зохицуулалт байх ёстой юм бол?
-Ийм буруу тогтолцоо манайд бий болж архагшиж ирсэнд л хамаг учир байгаа юм.  Гэхдээ энэ тогтолцоо нурж унах ёстой. Хүний эрхийг зөрчдөг, хэвлэл мэдээллээр ялладаг тогтолцоо нурж унах уу, цаашид амь бөхтэй орших уу гэдэгт энэ  байгууллагын үйл ажиллагааг олон нийт хянаж, шүүмжлэлтэй хандаж байх ёстой.
Гомдлоо  гаргаж, тэмцэх ёстой. Би хэцүү байдалд орно, дарамтад орно, энэ хэцүү байгууллага намайг яллана, ар гэрээр оролдоно гэж айх биш, тэмц. Айгаад байвал тэр байгууллага дийлдэхээ болино.
АТГ-ын шалгасан хэрэг зохиомол, хүнийг үндэслэлгүй барьдаг хорьдог, шалгадаг, албан тушаалаа ашиглан хүнийг гэмт хэрэгтэн гэж зарладаг  гэдгийг ил тод гаргаж ирж харуулж байж тэр байгууллага засарна. Албан тушаал, чиг үүргээ мэддэггүй дарга нар нь олон нийтээс ичиж үйл ажиллагаандаа дүгнэлт хийж байж энэ асуудлыг засч залруулах ёстой.
-Шүүх нээлттэй болж шинэчлэгдэж байгаа гэдэг. Мөрдөн байцаах, хянаж шалгах шатанд дээрх гажгийг засахад алхам болж чадах болов уу?
-Манайд  Иргэний хэргийн шүүх, Эрүүгийн хэргийн шүүх, Захиргааны хэргийн шүүх гэж гурван шүүх бий. Иргэний хэргийн шүүх, Захиргааны хэргийн шүүх бол шударга үйл ажиллагаа явуулж чаддаг. Олон нийтэд нээлттэй, шүүгч нар нь шударга, хэрэг цуглуулах чадвартай. Харин Эрүүгийн хэргийн шүүх алдаа дутагдалтай шийдвэр олныг гаргадаг. Хүнийг үндэслэлгүйгээр, таамгаар  олон сар, жилээр хорьдог.
Хүний эрхийг хохироож,  хүн алдаг гэхчлэн олон юм бий. Үүнийг залруулахын тулд  шүүгч нараа боловсруул, шүүгч нартайгаа ажилла, мэргэжил дээшлүүлэх шалгалт ав. Тэдний явуулж байгаа, нэн ялан­гуяа захиалгын шинжтэй гэж ярьж байгаа   хэргүүдийг  олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэ­рэгс­лээр шууд дамжуул.
Ингэснээрээ тухайн шүүгч асуудлыг шударгаар шийдэх магадлал өндөр болно. Гэтэл АТГ  мөрдөн байцаах эрх мэдэлтэй гэж байгаа ч шүүх, прокурорыг гартаа оруулчихсан. Шүүх, прокурорыг шалгадаг өндөр эрх хэмжээтэй байгууллага гарт нь байдаг.
Шаардлагатай гэж үзвэл хэвлэл, мэдээллээр зарлаад нэр хүндийг нь гутаагаад хаячихдаг. Тиймээс нэг ч шүүгчид буруу өгөх аргагүй. Нийгмээрээ тэмцэж, асуудлыг ил тод харуулж байж л энэ асуудлыг засна.
-Л.Гансүхийг шүүх хурал маргааш болно. Та хэвлэлийн хурал зарлаж “Шүүх хурлыг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулах хүсэлт тавьсан” гэдгээ мэдэгдсэн. Та шүүх хурал шударга болно гэдэгт итгэл алдарсан уу, эсвэл  шүүхэд хөндлөнгийн нөлөөлөл дарамт ирэх вий гэж болгоомжлов уу,  бодит байдлыг ард түмэн   мэдээсэй гэж хүсч байна уу?
-Нэгдүгээрт, би АТГ шүүхэд нөлөөлж болзошгүй гэж үзэж байгаа. АТГ хүнд үндэслэлгүй эрүү үүсгэдэг, хэвлэл мэдээллээр гутаан доромжилдог, хүнийг хэн ч биш болгож чаддаг. Хоёрдугаарт, Л.Гансүх гэдэг хүнийг авлигач гээд олон нийтэд зарлачихсан байгаа. Тэгэхээр энэ хэргийг шүүх шалгаад цагаатгаж гэмээ нь  шүүгчдийг авлигач гээд зарлаж байж магадгүй.
Тиймээс учраас олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ил тод явуулъя гэж хүсэлт тавьсан. Гуравдугаарт, гэмт хэрэг хийж, мөнгө идсэн хүн хэзээ ч шүүх хурлаа нээлттэй явуулъя гэхгүй. Гэтэл Л.Гансүх гуай өөрөө шүүх хурлыг нээлттэй явуулъя гэж хүсч байгаа. Өөрөө улстөрч хүн шүү дээ.
Тэгвэл сонгогчид нь шүүх хурлыг үзье гэж байна. Энэ асуудлаар  Шүүхийн ерөнхий зөвлөлд  саналаа ирүүлсэн 5000 хүн байгаа. Түүнээс биш үзэх хүсэлтэй хүн  түүгээр тогтохгүй олон бий.  Шүүх хурал нээлттэй явагдахгүй байх үндэслэл байхгүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 235-д зааснаар шүүх  хурлыг нээлттэй явуулах боломжтой.
Ч.ҮЛ-ОЛДОХ
Эх сурвалж: Зууны мэдээ

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих