Зи дарга Монгол улсыг “ажилгүй” болгочихлоо

11960274_884076651684116_4207488268274144964_nТом зургаар нь харахаар манай Зи дарга улс орныг тэр чигт нь “ажилгүй” болгочихлоо. Бүх зүйл хүлээлтийн байдалд шилжчихлээ шүү. Ерөөсөө төрийн томчуудын, байгууллагуудын уялдаа холбоо маш муугийн гор өдгөө гарч байна. Дэлхийн эдийн засаг хямарч, эдийн засгийн хувьд бараг бүрэн хараат гэж хэлж болохоор урд хөршийн маань эдийн засагт эргэлт мэдрэгдэж эхэллээ.

 

Харин дотооддоо ургац алдалттай, үүнээс үүдээд иргэдийнхээ гурилын хэрэгцээг хангах боломжгүй учраас гаднаас улаан буудай экспортлох гээд түг түмэн ажил эзнээ хүлээж байна. Адаглаад улаан буурай оруулж ирэхэд зарцуулах хөрөнгийг гаргаж өгөх яам нь эзэнгүй, энэ ажлыг Хөгжлийн банкинд даалгасан ч нөгөөдүүл нь мөнгө гаргаж өгөөгүй гэж байгаа. Ер нь хэзээ ч гаргаж өгөх нь тодорхойгүй. УИХ-ын дарга өнгөрсөн сард захирамж гарган, халуун зунаар бачим-дан байж, ээлжит бус чуулган зар-лахдаа өргөн баригдаагүй асуудлыг хэлэл цэх асуудлын дараалалд багтаасан. Гэсэн атлаа “хууль зөрчөөд ч болов” гэсэн аятай МАН-ын зургаан сайдыг огцруулах асуудлыг чуулганы дундуур Ерөнхий сайдаар өргөн бариулж байгаад хэлэлцэж баталснаар засгаа задалсан. Ингээд л ёстой сааль сүүний цагаар гэгчээр Засгийн газар цоорхой болсон юм.

 

Бас болоогүй Эдийн засгийн болон Эрүүгийн өршөөлийн хуулийг баталсан нь өдгөө ч хэрүүлийн алим болсоор байна. Нэг ёсондоо эндээс л эмх замбараагүй байдлын эхлэлийг тавьчихсан байгаа биз. Харин энэ бүхнийг хэн удирдан зохион байгуулсан нь тодорхой. УИХ дарга, АН-ын дарга гэх хоёр өндөр албан тураалтай Зи даргын дохиур ингэж хөдөлсөн хэрэг. Харин өдгөө дахиад ээлжит бус чуулган зарлах ч юм шиг үгүй ч юм шиг ойлгомжгүй байдалд шилжчихээд байна. Уг нь ноён Зи өнгөрсөн сарын 3-14-нд хуралдсан ээлжит бус чуулганыг хаахдаа “Засгийн газрын зургаан сайдыг нөхөн томилох болон, Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх үүднээс дахин ээлжит бус чуулган хуралдана” гэж мэдэгдсэн.

 

Гэтэл үүнээс хэдхээн хоногийн дараа Засгийн газрын тэргүүн нь овоо хүн шиг дуугараад гүйцэтгэх засаглалын тэргүүнийхээ хувиар “Засагт нөхөх зургаан сайдынхаа асуудлыг ирэх аравдугаар сард хуралдах намрын чуулганаар хэлэлцэнэ” гэж зарлаатахсан ч хуулиа хараагүй, уншаагүй, судлаагүйн гай байв. Анзааргагүй дарга нараас хамгийн хараа хурцтай нь Зи дарга гэдэг нь эндээс харагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, тэрбээр хуулиа хараагүй шийдвэр гаргасан Ч.Сайханбилэгийн шийдвэрийг тогтоод нэг хартал хуульдаа “Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т, “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас огцорсон, чөлөөлөгдсөн, түүнчлэн нас нөгчсөн тохиолдолд түүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болно.

 

Ийнхүү Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний орон гарсан тохиолдолд Улсын Их Хурал 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилно. Нөхөн томилогдсон гишүүний бүрэн эрхийн хугацаа нь тухайн Засгийн газрын бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна” гэж заасан байна. Хуулийн энэхүү заалтын дагуу 2015 оны наймдугаар сарын 6-ны өдөр албан тушаалаас чөлөөлөгдсөн Засгийн газрын зургаан гишүүний оронд томилох сайд нарыг есдүгээр дүгээр сарын 6-ны дотор Улсын Их Хурал нөхөн томилох ёстой” юм шүү гээд хэлээд өгчихөв. Ямар сайндаа л спикер ийнхүү Засгийн газрын тэргүүнийхээ алдааг засч, шаардлага хүргүүлж байхав дээ. Монгол төрийн номер 1,2 дахь эрхмүүдийн гаргаж байгаа шийдвэр энэ мэтээр хуулиа зөрчсөн байхаар хэн хууль хэрэгжүүлэх болж байна вэ. Ёстой юу ч гэхэв дээ, засаглаж чаддаггүй дээр нь шийдвэр гаргаж чаддаггүй, Засгийн газарт нь сайд нарын орон тоо гарахаар дотооддоо “алалцаад” сайд нараа томилж чадахгүй. Хуульд бүрэн эрх нь байгаа болохоор Ерөнхий сайд нь асуудлаа шийдчихье гэхээр УИХ-ын дарга, АН-ын дарга нь дундуур нь орж ирж “боссдоод” болдоггүй.

 

Хурлаа хуралдуулж чаддаггүй, томилгоо хийж чаддаггүй, хүнээ сонгож чаддаггүй ийм л нам төрийн толгойд байна. Бас дээр нь манай дотоодын эдийн засгийн хямрал дээр өдгөө Урд хөршийн хямрал нэмэгдчихлээ. Хятадын эдийн засагт бууралт гарна гэдэг бол дэлхийн эдийн засаг савлахын нэр. Гэтэл Монгол Улс энэ улсаас эдийн засгийн хувьд бараг хараат гээд хэлчихэд буруудах зүйлгүй. Байдал ийм хүнд байхад АН-ын дарганар бүсийн чуулган нэрээр аймаг,орон нутагт санаа амар шоудаж явааг яалтай ч билээ. Арынх нь ажил зуун задгай, жаран хагархай байхад тэд өнөөдөр 21 аймгаа бүс болгон хуваагаад тал бүрт сонгуулийн ажлаа эхлүүлчихсэн,шоудаж яваа. Ёстой нөгөө тэнэгийн дотор уужуу гэгч л энэ байх даа. Яахав, тэд улс төрийн ууган хүчин МАН-ынхан “Бид хамтдаа” аяныг орон даяар эхлүүлээд байгааг дуурайсан ухаантай. Хамгийн харамсалтай нь тэдэнд хяналт тавих боломжтой МАН-ыг тэд засгаас хөөгөөд гаргачихсан, чуулганаа хаачихсан, эвслийн аманд багтаад хэн хэнийхээ хэлснээс зөрж чадахааргүй болсон.

 

Ийм назгай АН-ын энэ байдлыг бусад улс төрийн хүчин нь, ард түмэн нь бүгдээрээ хараад суухаас өөр аргагүй байна. Засгийн газрыг цаг алдалгүй бүтэн болгох, ээлжит бус чуулганаа хуралдуулж, цаг үеийн байдалд анхаарал хандуулах гэх мэтээр шийдвэр гаргах эрх одоохондоо АН-ынхнаас бусдад байхгүй учраас халаглаад л, хараад суухаас өөр аргагүй нь харамсалтай. Ердөө энэ бүгдийг дүгнэвэл ноён Зи энэ улс орныг тэр чигт нь ажилгүй болгочихлоо гэхэд буруудах зүйл алга. Үнэндээ энэ эрхэм УИХ-ын даргын өндөр сэнтийгээс хүн загнах, доромжлох, таалагдахгүй бол үг хэлэх эрхийг нь хязгаарлахаас өөрийг хийж байна гэж үү. Уг нь хуулиараа манай УИХ-ын гишүүд гишүүний дархан эрхтэй. Гэтэл тэдэнд хуулиар олгосон ганц эрхийг ноён Зи л зөрчиж байгааг хэн хүнгүй харж л сууна. Зуд болдгоороо болно. Эдийн засаг хямардагаараа хямрана. Өвөл зургаан эзгүй суудлыг хүлээхгүй. Хямрал Зи нь байна уу хүлээхгүйгээрхаалга тогшоод эхэллээ. Гэтэл УИХ-ын даргын гаргасан шийдвэрээс болоод Монгол Улс ажилгүй, эрх баригчид нь ажирсан шинжгүй сонгуульдаа бэлдсээр …

 

М.Өнөржаргал

 

 


URL:

Сэтгэгдэл бичих