Энэ онд ашиглалтанд оруулах 30 сургуулийн ажил салхинд хийслээ

Өнгөрсөн сарын 27-нд БСШУ-ы сайд Л.Гантөмөр “Сайдын цаг” уулзалтын үеэр “72 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын концесс эзэмшигчээр “Рич Голден Буллс Эдукшн” компани шалгарсан. 2015 онд эхний 30 цогцолборыг ашиглалтанд оруулна гэсэн гэрээтэй ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд цогцолбор барих, газар чөлөөлөлтийн ажил удаашралтай байгаа” гэж мэдээлсэн. Гэтэл 27-ны өдөр нь “Рич Голден Буллс Эдукшн” компани дараах мэдэгдэлийг гаргасан байх юм.
824111355e5421ac5ca941
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн 49 тоот тогтоолоор “72 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих” концессын гэрээг “Рич Голден Буллс Эдукэшн” ХХК /цаашид “Компани” гэх/-тай байгуулах эрхийг олгож, гэрээ байгуулсан. Тус төслийн хуулийн зөвлөхөөр ДАЧЭН ГХОХХН ажиллаж байна. Компанийн хувьцаа эзэмшигчдийн бүтэц, удирдлага бүрэн солигдож, гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани болж өөрчлөн байгуулагдаж байгаатай холбогдуулан төсөл хэрэгжүүлэгч компанид албан ёсоор хууль зүйн нарийвчилсан дүн шинжилгээ хийх ажлыг 2015 оны долоодугаар сарын 16-ны өдрөөс эхэлсэн.

“Рич Голден Буллс Эдукэшн” ХХК-ийн одоогийн удирдлага нь компанийн эрхийг шинээр хүлээн авч байгаа этгээдэд тус компани нь бусадтай ямарваа гэрээ, хэлцэл байгуулаагүй гэж баталгаа гаргасан болно. Иймд хувьцаа эзэмшигчдийн бүтэц, удирдлага өөрчлөгдсөний дараагаар тус компани нь “72 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих” төсөлтэй холбоотой өмнөх хувьцаа эзэмшигч, удирдлагатай байгуулсан аливаа гэрээ хэлцэл, тухайлбал, барилгын ажил гүйцэтгэх, туслан гүйцэттэх, бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ гэх зэрэг өр төлбөр, зээл, амлалт, тохиролцоог хүлээн зөвшөөрөхгүй, хариуцахгүй. Үүнээс учирсан аливаа хохирлыг арилгах үүрэг хүлээхгүй болохыг үүгээр мэдэгдэж байна гэсэн юм.
Харин өнөөдөр Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас гаргасан мэдээлэлд “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор төсөл”-ийн концессын гэрээг “Топ Интернэшнл Инженеринг Монголиа” ХХК-тай шинээр байгуулах эрхийг Хөрөнгө оруулалтын газарт олгож, гэрээ байгуулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа. Төслийн хүрээнд 72 бага сургууль, цэцэрлэг барихад шаардлагатай газрын асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг тухайн шатны Засаг дарга нарт, өндөр ур чадвартай ажиллах хүч, мэргэжилтэн авч ажиллуулан тэдгээрт Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг Хөдөлмөрийн сайдад тус тус даалгахаар боллоо” хэмээсэн байна.


Үүнээс харахад Засгийн газрын 2013 оны тогтоолоор баталсан концессын төсөл өнөөдрийг хүртэл хэрэгжиж эхлээгүйгээр үл барам энэ онд ашиглалтанд орох ёстой 30 сургууль цогцолборын барилгын ажил салхинд хийслээ. Уг нь төслийн нийт хөрөнгө оруулалт 108 сая ам.доллар байсан бөгөөд үнэ тарифын өсөлтийг 2015 онд гурав, 2016 онд гурван хувь байхаар тооцон, цогцолбор барьж эхлэхээс эргэн төлөлт хийж дуусах хүртэл хугацаанд гадаадын хөрөнгө оруулагчид төлөх зээлийн хүүг зургаан хувиар тооцсон байдаг. Мөн цогцолбор төслийн нийт хөрөнгө оруулалт нь 142.9 сая ам.доллар  байхаар 2015 оны хоёрдугаар сарын 18-нд гэрээ байгуулсан юм.

Гэтэл тухайн компани 100 хувь гадаадын хөрөнгө оруулалттай компани болж байгаа учраас ямар нэгэн гэрээ хэлцээр, өр зээлийн асуудлын хариуцлагыг хүлээхгүй гэж мэдэгджээ. Тэгэхээр Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалтын газар, “Рич Голден Буллс Эдукшн” компани хоорондоо ямар гэрээ байгуулсан гэсэн үг вэ.

Г.Мөнхгэрэл


URL:

Сэтгэгдэл бичих